П.Янжиндулам: Сүрьеэгийн эмчилгээ 6-20 сарын хугацаанд хийгддэг

П.Янжиндулам: Сүрьеэгийн эмчилгээ 6-20 сарын хугацаанд хийгддэг

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тохиодог бөгөөд энэ жил “Тиймээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас дараах мэдээллүүдийг өглөө.

Сүрьеэгийн халдварын 95 хувь нь амьсгалын замаар халддаг бөгөөд сүрьеэ өвчтэй хүний ханиаж, найтаахад цацагдсан агаараар эрүүл хүн амьсгалснаар халдвар авч, өвчлөх суурь эрсдэл нэмэгддэг байна.

Сүрьеэ хэрхэн халддаг вэ?

  • Агаар дуслын зам 95 хувь
  • Хоол боловсруулах зам
  • Гэмтсэн арьс салст
  • Ихсээр дамжин халдварлах 

“Дархлаа сайтай байвал халдвар авсан ч өвчлөхгүй байх боломжтой”

Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны Хяналтын их эмч П.Янжиндулам “Эмэнд мэдрэг сүрьеэг бүрэн эмчилж чадаагүй тохиолдол эмэнд тэсвэртэй сүрьеэ болдог.

Сүрьеэгийн өвчлөл цаг хугацаа алдалгүй оношлогдож чадвал эмчлэх бүрэн боломжтой. Манай улсын сүрьеэгийн эмчилгээний амжилт тогтмол 85.5 хувиас дээш байгаа.

Сүрьеэгийн эмчилгээ 6-20 сарын хугацаанд хийгддэг. Тиймээс эрт оношлох тусмаа богино хугацаанд буюу зургаан сарын эмчилгээ нь үр дүнтэй" гэв.

2021 оны байдлаар 21 аймаг, есөн дүүргийн 41 нэгжид 42 сүрьеэгийн илрүүлгийн төхөөрөмжөөр хангажээ. Тус төхөөрөмж нь өвчтөнөөс авсан сорьцод маш өндөр мэдрэмжтэйгээр сүрьеэгийн өвчин үүсгэгчийг илрүүлдэг байна.

Мөн их эмч П.Янжиндулам "Дархлаа сайтай байвал халдвар авсан ч өвчлөхгүй байх боломжтой. Эсрэгээрээ дархлаа сул бол ганц удаа сүрьеэгээр өвчилсөн хүнтэй уулзаад өнгөрсөн ч халдвар авч, өвчлөх эрсдэлтэй. Сүрьеэгийн нян дархлаа сайтай хүний биед ороод унтаа байдалд шилждэг. Энэ тохиолдлыг халдварласан гэж үздэг. Дэлхий нийтээрээ энэ халдварласан тохиолдлыг эрт илрүүлж эмчлэх тал дээр түлхүү анхаарч байгаа” гэлээ.

    Түүнчлэн Сүрьеэгийн өвчлөл тархалт өндөр байгаа тул сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааны гадна үлдэх нэг ч салбар, байгууллага, хүн байх ёсгүй гэдгийг албаныхан онцлоод иргэдэд дараах урилга зөвлөмжийг хүргүүллээ. 

    Зөвлөмж:

    • Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилдээ нэг удаа хамрагдаарай
    • Сүрьеэгийн талаарх үнэн зөв мэдээллийг түгээхэд гар бие оролцож өөрийн цахим хуудас, фэйсбүүк, твиттер, инстаграм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд сүрьеэгийн талаарх мэдээлэл байршуулж хувь нэмрээ оруулаарай.
    • Хэрэв танд болон ойр дотны хэн нэгэнд сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандаарай.
    • Урьдчилан сэргийлэх эмчилгээ нь сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлдэг тул энэ эмчилгээнд хамрагдах боломжтой.
    • Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ таслахгүй эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд хийлгэвэл эдгэрдэг гэдгийг зөвлөөрэй. 
    • Хэрвээ таны гэр бүл, найз нөхөд, хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд ялгаварлан гадуурхах биш тусалж дэмжээрэй. Сүрьеэ эдгэрдэг өвчин. 
    0
    angry
    0
    care
    0
    haha
    0
    liked
    0
    love
    0
    sad
    0
    wow