Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлнэ

Өнөөдрийн УИХ-ын намрын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга, сайд нарыг томилох тухай шийдвэрийг танилцууллаа.

Танилцуулгын эхэнд энэ онд улсын эдийн засагт гарсан өсөлтүүдийг дурдаад “Тоо худал ярьдаггүй гэдэг. Эдийн засагт гарч буй томоохон өөрчлөлтүүд шулуухан хэлэхэд Монгол Улсад ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны тод илэрхийлэл” гэсэн юм.

Тэрбээр “Засгийн газар зургаан сарын хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах улс төрийн шийдвэр гаргалаа. УИХ-ын намрын чуулганаар нийслэл Улаанбаатар хотын урт, дунд болон богино хугацааны төлөвлөлт, хотын ерөнхий төлөвлөгөө, бүтэц зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад анхаарах хэрэгтэй.

Мөн нутаг дэвсгэрийн нэгжүүдийн эрх зүйн байдал, газрын харилцаа зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал, хотод бүрэн дэмжлэг үзүүлэхийг та бүгдэд уриалж байна. Уг зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт Ерөнхий сайдын хувьд даалгах ёстой гэж үзсэн.

УИХ-ын эрхэм гишүүд ээ, Үндсэн хуулинд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг Х.Нямбаатар сайдын оронд томилхоор танилцуулж байна. Түүний төрийн албанд 23 жил ажиллаж, ХЗДХ-ийн дэд сайд байсан, УИХ-ын гишүүн, УИХ-ын хууль зүйн байнгын хороог даргалж байсан туршлагыг харгалзан үзлээ. Нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлагыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна” гэв.

Харин Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Б.Дэлгэрсайханыг томилхоор танилцуулсан. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэр, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто, төмөр замын бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүний амьдралын туршлагыг харгалзан үзэж энэ албанд тохирно хэмээн үзжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow