Б.Энхбаяр: Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ял шийтгэлийг чангатгах үүргийг Ерөнхий сайд өгсөн

Б.Энхбаяр: Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ял шийтгэлийг чангатгах үүргийг Ерөнхий сайд өгсөн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай уулзалт хийж байна.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ХЗДХ-ийн сайд миний биеийг дуудан уулзан шуурхай үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт ноогдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авч ирэх 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар танилцуулах даалгавар өглөө. Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх ялын бодлогыг чангаруулж, 20 хүртэлх жилийн ял оногдуулдаг байсныг 25 хүртэл болгон нэмэгдүүлж, гэмт этгээдийг магадлангаар суллах, өршөөл, уучлалд хамруулахгүй байх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, нэн яаралтайгаар ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн гэмт хэрэгт дунджаар 22,2 жилийн хорих ял оногдуулж байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14,25 жилийн хорих ял оногдуулж байна. Энэ нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого 8 хувиар зөөлөрсөн байна.

Төрийн ял шийтгэлийн бодлогын энэ алдааг шуурхай засаж залруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн талаарх мэдээллийг ил болгож, хууль сахиулах байгууллага олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулж, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, сургууль, цэцэрлэгийн ажиллах журам, хүлээх хариуцлагыг тодорхой болгно. Мөн автомашины цахим бүртгэл, гудамж талбайг бүрэн камержуулж, жолоочийн хариуцлагыг чангатгаж, Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэхдээ гэмт хэрэг үйлдсэн бол жолооны эрхийг хасах зохицуулалт оруулна. Бага насны хүүхдийгХүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын сайн туршлага судалж, холбогдох хууль тогтоомжийг өөрчилж, шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана. Гэмт хэргийн гаралт болон тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх Процессын хууль шүүхийн үйлчилгээ үзүүлэх тусдаа бие даасан хууль байх шаардлагатай байна. ЗГ-аас тун удахгүй Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барина. Ийм хуулийг дагалдуулаад Монгол Улсад Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хүрээнд хүний эрхийн олон улсын байгууллагууд, Монгол Улсын Дээд шүүх, ШЕЗ-өөс холбогдох саналуудыг авч яаралтай өргөн барихаар бэлтгэж байна.

Хууль сахиулагч даа. Үүнтэй хамт бид нэг асуудалд онцгой дүгнэлт хийх шаардлага байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж байна. Энэ хил хязгаар нь хүний эрх. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй зарчим байна. Энэ зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болчихжээ. Тийм учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор эх сурвалжтайгаар гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг явдлыг нэн даруй таслан зогсоохыг ХЗДХ-ийн сайд би үүрэг болгож байна. Энэ бол гэмт хэрэг. Одоогоор энэ гэмт хэрэг торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай байна. ХЗДХ-ийн сайдын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчдын өөрсдийнх нь оролцоотой Үйлдэгддэг шалгаж байгаа хэргийн мэдээллийг задалдаг явдалд олгох ял шийтгэлийн бодлогыг чангаруулах асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх болно.

Олон нийтэд хандаж хэлэхэд, Та бүхэн маань бага насны хүүхдийн хэрэгт туйлын ухаалаг хандаж, хүлээцтэй байгаарай. Хохирогчийн зургийг нийтлэх, талийгаачийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх нь талийгаачийг үл хүндэтгэж байгаа хэрэг болно” гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow