Нийслэлийн бондыг энэ сардаа багтаж нийтэд арилжаална

Нийслэлийн бондыг энэ сардаа багтаж нийтэд арилжаална

Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр авлаа.

Бонд гаргах зөвшөөрлөө авсан учраас олон нийтэд үнэт цаасны танилцуулгаа хийнэ. Ингээд энэ сардаа багтааж бондоо олон нийтэд арилжаалах бөгөөд арилжаа 4-5 хоног үргэлжилэх юм. Одоогоор бондын хүү тодорхой болоогүй байгаа ч бодлогын хүүгээс 5 хүртэлх хувиар өндөр байх аж. Тодруулбал, банкны хадгаламжийн хүүгээс өндөр хүү санал болгохоос гадна иргэн 1 сая төгрөгөөс дээш бонд авах боломжтой аж. Мөн хувьцаа шиг үнэ нь унахгүй, худалдан авсан хөрөнгийн эргэн төлөлтийг улирал тутамдаа хийгээд явах учраас Засгийн газрын бонд шиг найдвартай гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байгаа.

Түүнэчлэн бонд гаргаж байгаатай холбоотойгоор нийслэлийн төсөвт тодотгол хийж, төслийн санхүүжилтүүдийг тусгах юм байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Бондын эхний хэсгийг 2023 ондоо төслүүдэд санхүүжилт хийж, үлдсэн хэсгийг 2024 оны  эхний хагаст санхүүжилтийг нь олгоно. Тодорхой хувийг Хөрөнгийн бирж дээр нээлттэй гаргана. Тэгэхээр иргэд бонд худалдан авч, хотынхоо хөгжилд гар бие оролцохыг уриалж байна. Нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй банкны хадгаламжаас өндөр хүүгийн ашиг хүртэх боломж гарна. Мөн хотын хөгжилд хувь нэмрээ оруулдаг аж ахуйн нэгж байгууллагууд ч оролцох боломжтой.

Хот иргэдийн татварын мөнгийг барьцаалж өрийн бичиг гаргаж байгаа учраас зөв төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой, өндөр хариуцлага ч үүрнэ. Нөгөө талд нийслэл өөрөө бие даан санхүүгийн эх үүсвэр татсанаар мөнгөгүйн зовлонгоос бага багаар ангижирч, нэн шаардлагатай төслүүдээ эхлүүлэх, хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц нээгдэж байгаа. Хотын зүгээс бонд босгоход маш олон шаардлагуудыг давж байна” гэсэн юм.

Нийслэл бонд гаргаж дараах төслүүдийг санхүүжүүлнэ.

-Он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг дуусгах санхүүжилтэд 45.8 тэрбум төгрөг,

-Инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 14.4 тэрбум төгрөг,

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөг,

-Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөг,

-Цахилгаан дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга барихад 14.3 тэрбум төгрөг,

-Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажилд 13.2 тэрбум төгрөг,

-Багануур үйлдвэр технологийн паркийн ерөнхий цахилгаан хангамжийн ажил 1.1 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow