М.Оюунтулга: Хэнтий, Завхан аймагт буй Хүннүгийн үеийн язгууртны булшинд археологийн малтлага хийж эхэлсэн

М.Оюунтулга: Хэнтий, Завхан аймагт буй Хүннүгийн үеийн язгууртны булшинд археологийн малтлага хийж эхэлсэн

“Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалт-2023” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн төв номын санд өнөөдөр боллоо. 

Энэ үеэр археологийн малтлага судалгаанаас гарсан буй соёлын биет өвүүдийн хадгалалт хамгаалалтын ажил ямар түвшинд явж байгаа талаар Соёлын Үндэсний Төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулгаас тодруулав. 

Тэрбээр "Сүүлийн үед соёлын биет өвүүд археологийн малтлага судалгаанаас илэрч эхэллээ. Түүнийг хэрхэн хадгалж хамгаалах вэ гэдэгт Соёлын яам болон Соёлын үндэсний төв бодлогын хүрээнд анхаардаг болсон. Жишээлбэл Сүхбаатар аймгийн Онгон суманд байсан 13 дугаар зууны булшнаас гарч ирсэн эд өлгийн 147 гаруй зүйлд хадгалалт хамгаалалт хийсэн.

Археологийн малтлага судалгаа хийгээд гарч ирсэн материалыг төрөл зүй хамаарахгүйгээр олон улсын стандартад нийцэхүйц хадгалалт, хамгаалалт сэргээн засварлалтын арга зүйгээр музейн үзмэр болгох ажил эрчимтэй хийгдэж байна. 

Энэ жил Хэнтий аймгийн Дуурлиг нарс, Завхан аймгийн Ямаан усанд байх Хүннүгийн үеийн язгууртнуудын томоохон булшны археологийн малтлага эхэлсэн. Булшийг язгууртны болон энгийн гэж хоёр ангилдаг. Тус хоёр булшнаас Хүрэл, алтан, мөнгөн эдлэл, үнэт чулуу, ахуйн хэрэглээ, малын яс гэсэн зүйлс олдож байгаа. 

Хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтаар чиглэлээр ажилладаг судлаачид нийлж "Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо"- байгуулж өнөөдөр анхныхаа хурлыг зохион байгуулж байна. Мөн өнөөдрийн хуралд Японы усны археологийн судлаач ирж оролцон туршлага судалж байна" хэмээн ярив. 

"Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сарлагтай гэдэг газраас бүтэн хатмал шарил авч ирсэн"

Мөн ШУТИС-ийн археологийн багийнхан энэ тавдугаар сард Баянхонгор аймагт археологийн малтлага хийжээ. Уг ажлын үр дүнгийн талаар ШУТИС-ийн ахлах багш, археологийн шинжлэх ухааны доктор С.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр "Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сарлагтай гэдэг газарт хадны оршуулга байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу ШУТИС-ийн археологийн багийнхан өнгөрсөн тавдугаар сард тус газарт ажилласан. 

Уг хадны оршуулгаас бүтэн хатмал шарил авч ирсэн. Он цаг тогтоох дээжүүдийг лаборатори руу явуулсан, хариу нь ирээгүй байгаа. Ойролцоогоор 13 дугаар зууны үеийнх гэж таамаглаж байгаа. 

Мэдээ аваад очиход хадны хөмөг дотор оршуулгыг хийгээд чулуугаар таглаад орхисон байсан. Өмнө нь нутгийн иргэд юм уу, явуулын хүмүүс тоносон байдалтай харагдсан. Толгойг нь өөр газар руу авч шидсэн, биеийг нь бага зэрэг хөдөлгөсөн байв. 

Шарилын гол онцлог нь дээл, хувцас маш сайн хадгалагдсан юм. Одоогоор Соёлын үндэсний төвд хүлээлгэн өгч, сэргээн засварлалтыг эхлүүлэх шатанд явж байна" хэмээн ярилаа. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow