Саран дээр шөнө эхлэхтэй зэрэгцэн Энэтхэгийн станцууд “унтах” горимд шилжинэ

Саран дээр шөнө эхлэхтэй зэрэгцэн Энэтхэгийн станцууд “унтах” горимд шилжинэ

Сарны гадарга дээр нар жаргаж, шөнө эхэлж буйтай холбоотойгоор Энэтхэгийн газардагч болон өөрөө явагч станцууд “унтах” горимд шилжихээр болсон байна.

Сарны шинэ өдөр эхэлсний дараа буюу есдүгээр сарын 22-ны орчим станцууд дахин ажиллаж эхлэхийг Энэтхэгийн сансар судлалын төв байгууллага ISRO мэдээлжээ.

Дээрх станцуудын батарей нь нарны гэрлээр цэнэглэгддэг. Сарны нэг бүтэн хоног нь дэлхий дээрх дөрвөн долоо хоног гаруй хугацаатай тэнцдэг. Өөрөөр хэлбэл шөнө нь 14 хоног, өдөр нь 14 хоног орчим үргэлжилдэг гэсэн үг.

Наймдугаар сарын 23-ны өдөр Энэтхэгийн Чандраяан-3 хөлөг сарны гадаргуу дээр Викрам газардагч станцыг амжилттай буулгасан юм. Үүний дараа Викрам станцын биед бэхлэгдсэн Прагяан өөрөө явагч станц мөн саран дээр мөрөө гарган ажиллаж эхэлж байв.

Энэтхэг улс сарны өмнөд туйлын орчимд судалгааны станц буулгасан дэлхийн анхны улс болсон юм.

Тэр үеэс хойш ISRO станцуудаасаа авсан мэдээллийг тасралтгүй дамжуулж байгаа.

Хамгийн сүүлд Викрам станц “саран дээр хоёр дахь удаагаа зөөлөн газардсан” тухай Даваа гарагийн өглөө мэдээлсэн байна.

Тодруулбал Викрам станц энэ удаа хөдөлгүүрийн тусламжтай агаарт 40 см өндөрт хөөрөөд анхны байрлалаасаа 30-40 см зайд шилжиж буусан гэнэ.

Энэхүү “үсрэх туршилт” нь сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах ирээдүйн даалгаварт ашиглагдах юм байна.

“Нарны гэрэл байрлалаасаа хамаараад сарны тодорхой нэг цэгт хэсэг хугацаанд тусахгүй болдог. Үүний улмаас газардагч болон өөрөө явагч станцууд дээр удаан хугацаанд нар тусахгүй болох юм” гэж ISRO байгууллагын захирал асан Киран Кумар тайлбарлажээ.

Сарны өөр хэсэгт ажиллаж буй Хятадын Чангэ-4 газардагч, Юүтү-2 өөрөө явагч станцууд өнгөрсөн хугацаанд бас хэд хэдэн удаа “унтаж, сэрсэн” юм.

Гэхдээ Энэтхэгийн станцууд байрлаж буй сарны өмнөд туйлын хэсэг гадаргуугаас өндөрт өргөгдсөн тогооны ирмэгүүдтэй тул сүүдэр ихтэй, нарны гэрэл тусах хугацаа харьцангуй богино юм байна.

Тиймээс станцууд сэрэх баталгаа байхгүйг Кумар анхааруулжээ.

“Бид найдаж байгаа ч баталгаатай хэлж чадахгүй. Станцуудын батарей нь Цельсийн хасах 200-250 хэмийн хүйтэнд ажиллах буюу цэнэгээ хадгалах зориулалтгүй. Эрчим хүчний үүсгүүр дараагийн ургах нарыг чиглэж байрласан. Амжилттай сэрнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ сэрж чадахгүй бол саран дээр Энэтхэгийн элчин сайд болж үүрд үлдэх болно” гэж тэр тайлбарласан байна.

 

Эх сурвалж: BBC

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow