Хүүхэд хамгаалал: Үндэсний хиймэл дагуулын дэд бүтэц бий болгох зайлшгүй шаардлага бий болжээ

Хүүхэд хамгаалал: Үндэсний хиймэл дагуулын дэд бүтэц бий болгох зайлшгүй шаардлага бий болжээ

Дундговь аймгийн Сайншанд суманд болсон онц ноцтой гэмт хэрэг нийгмийг цочирдуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийгмээрээ анхаарч, цогц өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгааг тодоос тод санууллаа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын мэдээлснээр бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хорих ял оногдуулж байсан аж. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.25 жилийн хорих ял оногдуулж байгаа нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман хувиар зөөлөрсөн үзүүлэлт юм.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, гэмт хэрэгтэнг хугацаанаас нь өмнө магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахыг хориглох эрх зүйн өөрчлөлтийг нэн даруй хийх асуудлыг хөндсөн. Мөн хүүхдийн бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт торгох шийтгэл оногдуулж байгааг хорих ялаар солих хуулийн төсөл өргөн баригдсаныг нэн даруй батлахыг УИХ-ын гишүүдэд уриалсан.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах асуудлыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж, яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгоод байна. Ингэхдээ хүүхдийн амь насыг хөнөөх болон хүчирхийлэх гэмт хэрэгт 20 хүртэл жилийн хорих ял оноож байгааг 25 жил хүртэл болгож нэмэгдүүлэх, гэмт этгээдийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулах асуудал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн амь насыг хөнөөх, хүчирхийлэх гэмт хэрэгт ялын бодлогыг 20 хувиар чангатлах аж.

Гэхдээ дан ганц Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, гэмт хэрэгтэнд хүнд ял шийтгэл оногдуулах замаар хүүхэд хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Төрийн бодлого, эдийн засаг, нийгмийн суурь асуудлыг цэгцлэх, эцэг, эх асран хамгаалагчийн хариуцлага, боловсролын байгууллагын орчин дахь хяналтыг сайжруулах, хүүхэд хамгаалалтай холбоотой дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зэргээр асуудлыг цогцоор шийдвэрлэх шаардлагатай.

ХЗДХ-ийн сайд хамгийн түрүүнд гудамж, нийтийн эзэмшлийн талбайг бүрэн камержуулах ажлыг эхлүүлэхээ илэрхийлж, ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдсан. Нөгөө талд, “UBCab” компани 21 аймгийн төвд албан ёсны, стандарт такси үйлчилгээг нэвтрүүлж, бүртгэлтэй жолоочийн автомашнуудад өөрсдийн хөрөнгөөр камер суурилуулах асуудлыг үе шаттай хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.

Үүн дээр, тээврийн хэрэгсэл бүрд “автомашины хар хайрцаг” буюу камер суурилуулах асуудал зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байгаа. Учир нь, Сайншанд суманд гарсан хэрэгт стандарт бус такси болж зүсээ хувиргасан этгээд хичээлдээ явахаар гарсан охиныг хулгайлж, камерын хүрэлцээ, дүрсний чанарын шаардлага хангалтгүй байдал нь эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулсан. Тэгвэл бүх тээврийн хэрэгсэлд хар хайрцаг суурилуулснаар гудамжны хяналтын камерт бичигдээгүй, харагдах боломжгүй өнцгөөс гэмт хэрэг гарсан үйл явцыг баримтжуулах давуу талтай төдийгүй зам тээврийн осол, дүрэм зөрчих асуудалд давхар хяналт болох юм.  

Мөн хүүхэд хүчирхийлэх, бусдын амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгтэн суллагдсаны дараа холбогдох хууль хүчний байгууллага хяналт тавих, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн жолоо барих, тээврийн хэрэгсэл эзэмших эрхийг бүх насаар нь хориглох асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Түүнчлэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, такси үйлчилгээ, харилцаа холбооны асуудалд үндэсний хиймэл дагуулын дэд бүтцийг бий болгох асуудал зайлшгүй яригдах учиртай. Энэ нь дан ганц хүүхэд хамгаалалтай холбоотой асуудал биш бөгөөд бид өнөөдрийг хүртэл бусад улсаас хиймэл дагуулын сүлжээ түрээслэн хэрэглэж байгаа асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой амин чухал сэдэв билээ. Үндэсний хиймэл дагуулын сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгосноор гео болон навигацийн өгөгдлийн тусламжтай автомашины хөдөлгөөнийг хянах, зохицуулах болон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн этгээд, хохирогчийг эрэн хайхад цагдаа болон тагнуулын байгууллагад үнэтэй дэмжлэг болох боломжтой.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow