Энэтхэгийн алдарт бөхчүүд медалиа Ганга мөрөнд хаях хугацааг хойшлуулжээ

Энэтхэгийн алдарт бөхчүүд медалиа Ганга мөрөнд хаях хугацааг хойшлуулжээ

Энэтхэгийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид дөрөвдүгээр сарын 23-наас хойш бэлгийн дарамт үзүүлдэг холбооны тэргүүнээ огцруулж, шалгуулахаар тэмцэж байгаа юм.

Тэдний тэмцэлд эрэгтэй тамирчид бас нэгдээд байгаа. Энэтхэгийн Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч, парламентын гишүүн Брижбушан Шаран Сингх өөрийгөө буруугүйг баталж, тамирчдын шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм.

Шаардлагад нь хуулийн байгууллагууд хариу өгөлгүй удсан тул бөхчүүд нийслэл Дели хотын төв талбайд суулт хийж эхэлжээ.

Олимпын медальт Бажран Пуниа, Сакши Малик, Азийн наадмын аварга Винеш Погат нар тэмцлээ өргөжүүлж, авсан медалиудаа Ганга мөрний усанд живүүлэхээр бусад нөхдийн хамт Харидвар хотод ирсэн байна.

Тэд медалиудаа өчигдөр живүүлэх төлөвлөгөөтэй байсан ч Энэтхэгийн фермерүүдийн хөдөлгөөний тэргүүн Нареш Тикайтын ятгалгаар тав хоног хойшлуулахаар болжээ.

“Тэдний ачаар бид олон улсын спортын тавцанд толгойгоо өндөрт өргөдөг билээ. Бид тэднийг ичгүүртэй байдалд оруулахгүйн төлөө ажиллах болно” гэж Тикайт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Бидний медалиуд бол Ганга мөрний ус шиг ариун зүйл. Бидний медалиудын байх ёстой газар нь гэмт хэрэгтнийг хаацайлдаг систем биш, ариун Ганга байх ёстой” гэж тамирчид өмнө нь мэдэгдэж байв.

Фермерүүд нь Энэтхэгийн нийгэмд маш их нөлөөтэй, өмнө нь эрх баригчдад амжилттай шахалт үзүүлж байсан түүхтэй.

Тиймээс тэд тамирчдынхаа тэмцэлд хүч нэмэхээр болж байна.

Энэтхэгийн бөхчүүд медалиа усанд хаях тэмцлийн аргыг сонгохдоо Америкийн домогт боксчин Мухаммед Алигийн үйлдлээс санаа авсан бололтой.

Луйзвилл хотын нэг ресторан арьс өнгөөр ялгаварлан үйлчлэхээс татгалзсаны дараа Али 1960 оны Ромын олимпын медалиа Охайо голд живүүлж, эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Эрх баригч намын улс төрч, 66 настай Сингхийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч тамирчид бэлгийн хүчирхийллийн хэргийг нь шалгуулахыг шаардсаар байна.

Тамирчдын шаардлагыг хүлээн авсан Энэтхэгийн дээд шүүх Сингхийг хэрэгт татаж, мөрдөн шалгах чиглэлийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч тодорхой арга хэмжээ авахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Aljazeera

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow