Цалингийн шаардлага менежментийн реформ эхлүүлэх үү

Цалингийн шаардлага менежментийн реформ эхлүүлэх үү

Улсын хэмжээнд голч цалин 1.3 сая төгрөг. Харин урлагийн салбарынхан үүнээс 2.5 дахин багатай цалинтай байна. Дөнгөж оюутны ширээнээс ажлын талбарт ирсэн нь гар дээрээ 500 хүрэхгүй шахам мянган төгрөг авч, өр, зээлийн хооронд амьдарч байгаагаа ярьж, тэсрэв. Тэдний хувьд ийм цалингаар ипотект битгий хэл, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ ч авч чаддаггүй гэдгээ хэлж байв. Ихэнх нь түрээс болон гэр хороололд амьдарч байна. Цалингийн үнэлгээ бага, сүүлийн 20 жилийн турш одоогийн цалингийн үнэлгээ, үнэлэмж нь хадгалагдаж иржээ. Үе үеийн дарга нар нь театр урлагийн салбар урагшлах бус ухрах замыг засаж, уран бүтээлчдээ орхигдуулж ирсэн гэдгийг ч хэлж байлаа.

 Үнийн өсөлтийг илэрхийлэх инфляц 11.3 хувь, ам.долларын ханш 3500 шүргэсэн нь нэг сая төгрөгөөс дээш цалин орлоготой иргэдэд ч ахуй амьдралаа авч явахад амаргүй болсон. Гэтэл үүнээс хоёр дахин бага цалинтай урлагийн салбарт улам хүндээр тусах нь аргагүй юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд 20-40 хувиар өссөн, зарим нь хоёр дахин нэмэгдсэн. Эдгээр нь бага, дунд орлоготой өрхүүдэд томоохон цохилт болж, ядуурал руу хөтөлж буй.

 Урлагийн салбарынхан бага орлоготойд тооцогдож байна. Тэдний хувьд цалингаа багадаа 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагыг засаг төрд хүргүүлсэн. Соёлын сайддаа ч хандсан. Цалинг өсгөх асуудлыг өнөөдөр шаардаад, маргааш нь шууд нэмэгдүүлэх боломжгүй. Үүнийгээ ч салбар хариуцсан сайд нь учирлаж байв. Төсөв тодотгох замаар хоёр үе шаттай нэмэгдүүлэх саналыг засгаас гаргасан. Уран бүтээлчид наадмаас өмнө цалингаа нэмүүлэхийг хүсэх, харин төр энэ ондоо л гэдэг ерөнхий хариулт өчих.

 Ямар ч байсан энэ онд төрт хамаарах театр урлагийн салбарынхны цалин багаас дунд руу орж ирэх нь. Дунд түвшний орлоготой болсон ч энэ нь уран бүтээлээ дутах гажигдах зүйлгүй, сэтгэл амар хийх боломж, нөхцөл биш. 1.5 сая төгрөгийн босго ч өнөөдөр дундаж цалингийн ёроол нь болж байгаа. Тиймээс 1.5 бус 3 сая төгрөг болгох санаачилгыг ч зарим уран бүтээлч хэлж байсан юм.

 УДЭТ-ын уран бүтээлчид цалингаа нэмүүлэх шаардлагатай хамт тус салбарт засаглалын хувьд өөрчлөлт шинэчлэл хийх цаг болсныг Соёлын сайд нь илэрхийлж, урлагийн зарим төрлүүдийг либералчлах, уран бүтээлчдэд нь даалгах, менежментийн реформ эхлүүлэх тухай хэлнэ лээ. Манайд урлагийн салбарт эхлүүлсэн менежментийн хамгийн гашуун жишээ улсын цирк. Өнөөдөр үүд хаалгаа бариад удаж байгааг нь бид мэдэх. Ийм зам руу бус их урлагийн үнэлэмжийг өсгөх, өргөх, уран бүтээлчдээ үнэлэх шинэчлэлд төр засаг нухацтай хандах цаг болсныг энэ үйл явдал тод харууллаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow