Өрхийн хадгаламж буурч, өр зээл нь нэмэгдэв

Өрхийн хадгаламж буурч, өр зээл нь нэмэгдэв

Өрхийн бодит орлого буурч, амьжиргаа доройтож байгааг Эдийн засаг, хөгжлийн яам хүлээн зөвшөөрөв. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийн үнийн өсөлт иргэдэд хэрэглээгээ танах, өр зээл тавих шалтгаан болж байна. Арилжааны банкны хадгаламж барьцаалсан болон цалин, тэтгэврийн зээл аль аль нь 2022 оны эцэст өссөн дүнтэй гарсан. Энэ он гарснаас хойш нөхцөл байдал төдийлөн дээрдсэнгүй. Үнийн өсөлт үргэлжилсэн хэвээр. Иргэдийн хадгаламж буурсаар. 2021 онтой харьцуулахад, 1.3 их наядаар иргэдийн хадгаламж танагдаж, 15.1 их наяд төгрөг болжээ. Өрхүүд хуримтлал үүсгэх бус хураасан мөнгөө эргүүлээд хэрэглээндээ зарцуулж, үлдсэнээ зээлээр нөхөж байна.

Эрх баригчид импортын гаралтай инфляцын дарамт суларч байгаа гэж мэдэгдэх боловч лангуун дээрх бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжих бус хэлбэлзсээр. Үнэ дээшээ цойлсоор. Анзаарсан бол зарим бараа, бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутам өөрчлөгдөж байна. Улсын хэмжээнд инфляц 12.2 хувь буюу 2014 оны түвшинд ирсэн. Хэдий инфляц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурван нэгж хувиар намссан ч өрхийн бодит орлого хасах утгыг заана.

 Төв банкны зорилтот түвшин найм. Үүнээс давсан буюу хоёр оронтой инфляцтай эдийн засагт нийгмийн бага, дунд орлоготой хэсэг хамгийн ихээр хэлмэгддэг. Дундаж давхарга өнөө улам хумигдаж, нийгэмд орлогын ялгаа зааг томорч байна. Нийгмийн тэнцвэрийг хангаад зогсохгүй эдийн засгийн өсөлтийг дэмждэг зүтгүүр нь аль ч улс оронд дундаж давхарга байдаг. Харамсалтай нь дундаж орлоготой өрх айл цөөрч, бага орлоготой хэсэг нь жилээс жилд дарах болов. Өөрөөр хэлбэл, ядуурал нийгмийн дийлэнх хэсгийг бүрхэн авах хэмжээнд ирсэн байна. Ядуурлын сүүдэр дундаж давхаргыг тойрсонгүй. Төгрөгийн ханшийн уналт ч энэ үйл явцыг улам хурдасгах аж.

Дунджаас дээшээ гарах бус доошоо унах орчин нөхцөл эдийн засагт бүрдсэн нь дээрх байдлыг муутгана. Угтаа улс орнууд дундаж давхаргадаа тулгуурлан өндийж, өөдөлсөн байдаг. Манай улс дундаж давхаргаа өнөөдрийг хүртэл тодорхойлж чадаагүй. Нийгмийн хэчнээн хувийг дундаж давхарга буюу дундаж орлоготой хэсэг эзэлдэг талаар нарийн тоо судалгаа ч байхгүй. Голч цалингаа ам.долларт шилжүүлэн авч үзвэл, дундаж давхарга бус доод давхарга л цар хүрээгээ улам тэлж байгаа гэхэд хилсдэхгүй.

Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын судалгааны дүнгээр, манай улсын нийгмийн 37-56 хувь нь дундаж давхаргад таван жилийн өмнө тооцогдож байв. Харин өнөөдөр нийгмийн амьжиргаа, үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт тэс ондоо байдал руу хөтөлнө. Нийгмийн уур амьсгал бухимдал, стресс ч  гудамж руу гарчээ. Дундаж давхаргагүй улсууд урагшлах бус ухарсан жишээ хамгийн их. Үүнийг Африкийн орнууд харуулж байгаа.

Тэгвэл дундаж давхарга нь тэлэх тусам ДНБ нь өсөж байгаа эдийн засаг бол Хятад. Өмнөд хөршийн хувьд дундаж давхарга нь эгнээгээ, эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол баталгаа, хэрэглээний эдийн засгийн төв болоод байна. Дэлхийн эдийн засгийн форумын тооцоогоор, 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 3.2 тэрбум хүрнэ гэсэн таамаглал бий. Үүний цөм нь БНХАУ байхаар байна.

Манай улсын хувьд өнгөрсөн онд эдийн засаг 4.8 хувиар өссөн ч өрхийн амьжиргаанд энэхүү өсөлт дорвитой наалдаагүй. Хүмүүсийн худалдан авах чадвар буурч, бараа, бүтээгдэхүүний борлуулалт удааширч буй. Өрхүүд өндөр үнэтэй цахилгаан хэрэгсэл, тавилга эд хогшил худалдан авахаас илүү хоногийн хүнсээ залгуулах, ипотек болон хэрэглээний зээлээ төлж барагдуулахад орлогоо зарцуулж байна. Хэт үнийн өсөлт өрхийн орлогыг үнэгүйдүүлж, гадуур хооллох, аялалд явах гэх мэт зардлаа өрхүүд тодотгож, хэмнэлтээс хэмнэлт рүү шилжинэ. Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаагаар, том дүнтэй худалдан авалт хийхээс өрхүүд зайлсхийж, инфляц өснө гэсэн хүлээлт давамгайлсан хэвээр байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow