Төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх саналыг даргын зөвлөлд танилцуулжээ

Төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх саналыг даргын зөвлөлд танилцуулжээ

Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг судалж, танилцуулах хоёр ажлын хэсэг байгуулаад байгаа.

Нэг нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж байгаа бол нөгөөг нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат ахлан ажиллаж байгаа билээ. Тэгвэл ажлын хэсгүүд төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх саналыг даргын зөвлөлд танилцуулжээ. Даргын зөвлөл цалин тэтгэвэр нэмэхийг дэмжсэн байна. Тиймээс ойрын хугацаанд Их хуралд оруулж ирэхээр болжээ. Гэхдээ нийтээр нь цалин тэтгэврийг нэмэхгүй бөгөөд зөргүүг арилгахад энэ удаагийн нэмэгдэл чиглэх аж. Өнгөрсөн хугацаанд  салбар бүр цалингийнхаа хэмжээг тогтоож ирсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг салбар бүрд байгаа ТЗ, ТҮ-гийн ангиллуудыг ажлын ачаалалтай нь холбоотойгоор жигдлэх ажлыг хийх аж. Тухайлбал, соёл урлагийн ажилтнуудын цалин маш бага учраас тэдний цалинг тодорхой хувиар нэмэх юм байна.

Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн орлого нэмэгдсэн. Тиймээс энэ жил цалин, тэтгэвэр нэмэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан билээ. Тэрээр “Эдийн засаг 4 хүртэлх хувийн өсөлттэй явж байна. Цаашдаа экспорт энэ хэмжээндээ байж чадвал 5-6 хувийн өсөлттэй гарах урьдчилсан тооцоо байна. Зургадугаар сарын 1 гэхэд 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бидний төсөвлөсөн төсвөөс илүү гарах магадлалтай байгаа. Энэ амжилтаа хадгалаад явж чадвал энэ төсвийн жил нэг орчим их наяд төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх боломжит нөхцөл бий болно. Энэ төсвийг юунд зарцуулах вэ гэдэг парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Төсвөө сайжруулаад явах нэг хувилбар бий. Эсвэл давсан орлогыг юунд зарцуулах вэ гэж төсвийн тодотгол хийх боломж бий. Энэ эцсийн дүгнэлт тавдугаар сарын сүүл гэхэд тодорхой болно. Засгийн газар энэ эх үүсвэрээр цалин тэтгэвэр нэмэх үү, эсвэл зарим бүтээн байгуулалтад зарцуулах уу, төсвөө сайжруулах уу гэдгийг шийдээд саналаа УИХ-д оруулж ирнэ” гэсэн юм.

Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан төсөвт тодотгол хийж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Цалин тэтгэвэр нэмэхдээ төсвийн тодотгол гэхээсээ илүү нэгдсэн цалингийн бодлогодоо реформ хийх байдлаар шийдэх нь зүйтэй хэлж байсан юм. Тэрээр “Төсвийн тодотгол ярихад арай эрт байна. Ингэж яримгүй байгаа юм. Манай жилийн эдийн засаг эхний хагас жил, дараагийн хагас жил гэсэн хоёр мөчлөгтэй. Ер нь өмнөх туршлагаас ч харахад эхний хагас жил орлого цөмөрдөг. Энэ жишгээр манай орлого биелж байгаа. Нөгөө талаар манай төсвийн суурь хууль тодотгол хийхийг нэлээд хааж өгсөн байдаг. Энэ нь сахилга баттай явахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого тасраад төрийн үйлчилгээг санхүүжүүлж чадахгүй болсон тохиолдолд л тодотгол хийхээр зохицуулагдсан байдаг. Тэгэхээр орлого нэмэгдсэн тохиолдолд зардлаа нэмэх нь Төсвийн хуулиар ч Төсвийн тогтвортой байдлын хуулиар ч хязгаарлагдмал” гэсэн юм.

Гэхдээ даргын зөвлөлд төсөвт тодотгол хийх замаар цалин, тэтгэвэр нэмэх саналыг танилцуулж, дэмжсэн учраас ойрын хугацаанд энэ асуудлыг хэлэлцэх бололтой.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow