АНУ-ын нөлөөллийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд мэдэгдэв

АНУ-ын нөлөөллийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд мэдэгдэв

БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр улс олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.

АНУ-ын нөлөөллийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт Бээжинд хоёр цаг гаруй хэлэлцээ хийснийхээ дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “АНУ-ыг дэлхий даяар пуужингийн систем байршуулахаар төлөвлөж байна. Энэ нь ОХУ, БНХАУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлж байна” хэмээн анхаарууллаа.

Мөн АНУ өөртөө зэвсэгт хүчний давуу байдал үүсгэхийн тулд дэлхий дахинд цөмийн зэвсгийн тэнцвэрт байдлыг  зориудаар алдагдуулахыг зорьж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ онд ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд айлчлалын эхний өдөр талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Мөн эрчим хүч, цэргийн сургуулилт, хиймэл оюун, сансар судлал зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн ОХУ, БНХАУ-ын худалдааны 90 хувийг юань болон рублиэр хийхээр тохиролцжээ. Худалдаа, эдийн засгийн өндөр ач холбогдолтой асуудлууд, тэр дундаа “Сибирийн хүч-2" байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар удирдагчид айлчлалын хоёр дахь өдөр хэлэлцэх хүлээлттэй байна.

Харин ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак "ОХУ болон БНХАУ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн “Сибирийн хүч-2” төслийг бүтээн байгуулах гэрээнд ойрын ирээдүйд гарын үсэг зурах төлөвтэй байна" гэж мэдэгдсэнийг “TASS” агентлаг онцоллоо. Тэрбээр "Бид мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин 50 тэрбум шоо метр хийн багтаамжтай хийн хоолой барих гэрээг удахгүй дуусгаж, үзэглэхээр төлөвлөж байна. Мөн бусад шинэ төслүүд ч байгаа" гэж онцолжээ.

ОХУ-ын “Gazprom” болон БНХАУ-ын “CNPC” компаниуд “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эдийн засаг, арилжааны нөхцөлийг эцэслэн баталж байгаа талаар Александер Новак 2023 оны 12 дугаар сард мэдэгдэж байсан юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow