Б.Очирваань бүтэн жилийн турш дугуйтайгаа 20 улсаар дамжин 14,000 километр зам туулж, мөрөөдлөө биелүүллээ

Б.Очирваань бүтэн жилийн турш дугуйтайгаа 20 улсаар дамжин 14,000 километр зам туулж, мөрөөдлөө биелүүллээ

Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийг шүтэн биширдэг Батболдын Очирваань 2023 оны тавдугаар сард Манчестер хотыг зорьж, ганцаархнаа дугуйгаа жийгээд Монголоос хөдөлсөн юм.

Олд Траффорд цэнгэлдэхэд хайртай багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр 20 улсаар дамжиж, 14,000 километр замыг туулсны эцэст зорьсондоо хүрэв.

Энэ талаар мэдээллийг Английн хөлбөмбөгийн Дээд лиг өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. 

Уг нь Б.Очирваань өөрөө мэргэжлийн хөлбөмбөгчин болж, "Улаан чөтгөрүүд"-тэй нэгдэх хүсэлтэй байсан юм. Гэвч хуурамч агентад залилуулснаар их хэмжээний мөнгөө алджээ. Энэ үед хүсэл эрмэлзэл, эрч хүч, өөртөө итгэх итгэлээ алдсан мэт санагдсан гэдгээ хайртай багтаа илгээсэн захидалдаа тэр дурдсан байв. Гэхдээ тэр бууж өгөөгүй бөгөөд энэ хүнд хэцүү үед өөдөө босож, мөрөөдлөө бодит амьдрал дээр биелүүлнэ гэж өөртөө амласнаар уг аяллаа эхлүүлсэн байна. 

Энэ талаараа тэрбээр "Дугуйгаа жийх бүрдээ би Олд Траффордод очих мөрөөдлөө биелүүлэхийн төлөө замаа ахиулаад зогсохгүй өөрийгөө юуг ч хийж чадна гэдгээ нотолж байгаа хэрэг гэж бодож байлаа. 

Олд Траффорд бол миний хувьд зүгээр л нэг хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн биш. Энэ бол урам зориг, хайр, аз жаргал бас багахан гуниг. Энэ бол миний гэр" хэмээж байв. 

Wazza буюу Очироо мөрөөдөл болсон цэнгэлдэхдээ очиж өөрийнхөө шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзсан нь аяллынх нь хамгийн оргил хэсэг байсан гэлтэй.

Б.Очирваанийн аяллын тэмдэглэлийг Wazza Bikepacking /MGL to Manchester/ хуудаснаас унших боломжтой.

Түүнтэй уулзахдаа Уэйн Рүүни "Багт илгээсэн захидлыг тань уншиж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж, биечлэн уулзаад сайн байлаа гэж хэлэхийг хүссэн юм. Чи тун гайхамшигтай амжилтыг бүтээлээ. Чи өөрөөрөө, юу хийснээрээ бахархах ёстой. Энэ үйл явдал олон хүнд урам зориг, итгэл найдвар өгнө байх" гэсэн юм. 

Энэ бүхний дараа Б.Очирваань сэтгэгдлээ хуваалцахдаа "Адал явдал, баяр жаргалтай, хүнд хэцүү гээд хүний мэдэрч болох бүхнийг мэдрээд өөртөө бахархалтайгаар хамгийн ихээр хүсэж мөрөөддөг тэр газраа ирлээ. Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй, тийм ихээр сэтгэл догдолж байна. Яг л өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна" хэмээв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow