АН: Таван их наяд төгрөг эрх баригчдын идүүр болно

АН: Таван их наяд төгрөг эрх баригчдын идүүр болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Р.ДАВААДОРЖ:

-Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баталж байгаа хууль хэрээсээ хэтэрсэн тул Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хуулиуд нь Монгол Улсын эдийн засгийн гол хууль болох Төсвийн тухай хууль, Төв банкны тухай хуулийг мөн зөрчсөн. Энэ зөрчил нь мөн эдийн засагт нөлөөлөхөөр асар их хэмжээний хөтөлбөр болж хувирсан.  “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд  таван их наядыг Монголбанкны эх үүсвэрээс гаргана гэдэг байж болохгүй. Эрх баригчид сонгуулийн өмнө гурван секторт мөнгө тараадаг.  Таван их наяд гэдэг бол улсын төсвийн 27 их наядын тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө. Малчдад тусална, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлнэ нэр дор  таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бол эрх баригчдын сайхан идүүр гэж хэлж болно. Арван их наядаар ковидын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж, 20 мянган төгрөгөөр 200 төгрөгийн амны хаалт авч, нэг иргэнийг найман сая төгрөгөөр эмчилж байсан. Энэн дээр хэн ч хариуцлага тооцоогүй учраас эрх баригчид амтшаад таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэргжүүлж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчид, мал аж ахуй эрхэлж байгаад хямралд орсон хүмүүс хожно гэдэгт итгэхгүй байгаа.  Эрх баригчид ард түмний зовлон, ард түмний хүнд байдал дээр дөрөөлж,  замбараагүй мөнгө хэвлэж гаргаад дундаас нь ашиг олдог, өөрийнхөө халаасыг түнтийлгэдэг.  Ийм жижиг зах зээлд их хэмжээний мөнгө гаргах нь үнэ хөөрөгдөж, инфляцыг өдөөнө. Монголбанкны үндсэн үүрэг нь үнийн тогтвортой байдлыг хангах ёстой. Гэтэл энэ байгууллага нь  мөнгө хэвлэж гаргах нь онгуулийн өмнө улс орныхоо эдийн засгийг баллаж байгаа л хэрэг.

Үүнээс болж үнийн өсөлт үүсч, аж ахуй нэгж хаалгаа барих эрсдэл үүссэн учраас Цэцэд өргөдөл гаргасан.

Эдийн засагч О.ЛХАГВАСҮРЭН:

-Таван их наяд хөтөлбөр Монгол Улсын төсвийн тавны нэгтэй тэнцэнэ. Монголын банкны салбарт байгаа нийт активын аравны нэгтэй тэнцэх хөтөлбөр юм.  Эх үүсвэр эргэлзээ их төрүүлж байгаа.  Өнөөдрийн бэлэн байгаа эх үүсвэр 560 тэрбум гэж харагдаж байгаа.  Таван их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан боловч бодитойгоор олгогдох боломжтой зээлийн эх үүсвэрийн хэмжээ нь  төв банкны арилжааны банкуудаар дамжуулж олгох зээлийн хэмжэ 560 тэрбум төгрөг байхаар харагдаж байгаа.

2008 онд Монгол Улсад санхүүгийн хямрал болсон нь даамжраад 2009 онд эдийн засгийн хямрал руу оруулсан. Энэ хямралын гол шалтгаан нь Хадгаламж зээлийн хоршоо нэртэйгээр их хэмжээний зээлийн бүтээгдэхүүн гарснаас үүдээд санхүүгийн салбарт хямрал үүсч, хэд хэдэн банк дампуурч, санхүүгийн салбарт хямрал дагуулсан. Хадгаламж зээлийн хоршооны энэ түүхийг дахин давтахгүй байх талд маш хариуцлагатай ажиллах ёстой. Яагаад гэвэл 2008 онд Хадгаламж зээлийн хоршооны харилцагч нарын хохирлыг барагдуулахад улсын төсвөөс 77 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгогдож байсан.

Ийм учраас “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа энэ зээл санхүүгийн секторт гарч болох эрсдэлийг тооцож үзэх ёстой. Улсын төсөвт ирж байгаа зардлын ачааллыг хэлэх ёстой.

Арилжааны банкны ердийн зээлийн жилийн дундаж хүү хамгийн бага нь 17 хувь, дээд тал нь 22 хувийн хүүтэй байгаа.  Тэгэхээр хоршооны малчдад олгогдож байгаа зээлийн хүүгийн 11-17 хувийн зөрүү болох 500 гаруй тэрбум төгрөгийн зөрүүг улсын төсөвт суулгах шаардлага үүсч байгаа.

Дээр нь Засгийн газраас ипотекийн зээл, хүнс үйлдвэрлэгч нарт зорулсан жилийн тав, зургаан хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа явдал нь ирэх оны улсын төсөвт зардлын эх үүсвэрийг наанадаж 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow