Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ

Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нийслэл Братислав хотоос зүүн хойд зүгт орших нэгэн жижиг хотод буудуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Өчигдөр /лхагва гаригт/ орой Батлан хамгаалахын сайд Роберт Калинак Ерөнхий сайдын биеийн байдлын талаар "Ерөнхий сайд гурван цаг гаруйн турш үргэлжилсэн мэс засалд орсон, нөхцөл байдал тааруу байна" гэжээ. Мөн уг халдлагын талаар тус улсын Ерөнхийлөгч болон Словакийн улс төрчид  “ардчилал руу халдсан үйлдэл" хэмээн тодорхойлсон байна.

Дүрс бичлэгийг үзэхэд, хамгаалалтын ажилтнууд Ерөнхий сайдыг машинд суулгаад явахын өмнө нэгэн этгээд түүн рүү таван удаа буудсан байна. Ерөнхий сайдыг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэгт хүргэж, улмаар Хандловагаас зүүн зүгт орших Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт саатуулсан боловч хэн болохыг нь тогтоогоогүй байна.  Халдлага Братиславаас 180 км зайд орших Хандлова хотод болсон бөгөөд Р.Фицо Засгийн газрын хуралдаан болж байсан соёлын төвийн өмнө хүмүүстэй мэндчилж байх үед нь халдлага болжээ.

Словакийн Шадар сайд Томаш Тараба “ВВС” телевизийн “Newshour” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, Р.Фицогийн биеийн байдал сайжирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. “Тэрбээр амьд үлдэж чадна гэж итгэж найдаж байна. Одоогоор түүний амь насанд аюул учраагүй байна” гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow