Э.Бат-Үүл: Ардчиллыг устгаж Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож чадсан

0

Сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нийт сонгогч, дэмжигчдэдээ хандан “Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болсноо албан ёсоор зарлаж байгаадаа сэтгэл ихээр хөдөлж, өндөр бахархал төрж байна. Би асар том үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлан ойлгож байна. Хүч тэнцвэргүй энэ тулаанд бид ялан дийлнэ. Монгол Улсаа хүнд байдлаас гаргах нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна. Монголд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа өрсөлдөхөөр болсондоо бахархаж байна.

Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно. Учир нь энэ бүхний цаана хар хүчний учруулах нөхцөл дэндүү аюултай. Бүх ард түмний Ерөнхийлөгчийн сүүлийн удаа сонгох сонгууль болно гэдэгт санаа зовниж байна. Монгол Улс дэлхий нийтийн өмнө чөлөөт ардчилсан улс гэдэг статусаа алдвал хүний эрх, эрх чөлөөг алдана.

Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн бишээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан.

Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Би дараах үндсэн гурван зарчмыг анхаарах болно. Үүнд эрх чөлөө, эрх чөлөө бас дахин эрх чөлөө” гэв.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Ардчилсан намыг, гол Ардчиллыг устгах замаар Монголд дарангуйлал тогтоох гэсэн үйл явдлыг С.Эрдэнэ таслан зогсоож, АН-аа хамгаалж чадсан. Ардчилсан намаа авч гарч чадна гэдэг бол Монголын Ардчилалын баганыг түшиж чадсан гэсэн үг. Үүнд С.Эрдэнэдээ баярладаг. Хоёрт, мөрийн хөтөлбөрт тодорхой байгаа иргэддээ стратегийн ордуудыг өгье гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол Англи улсад 1970-аад оны үед хийгдэж байсан тэргүүн туршлага. Энэ туршлагын дагуу стратегийн ордуудыг иргэдийнхээ мэдэлд шилжүүлье. Нийтийн өмчит компани болгон шилжүүлье гэсэн ийм чухал зорилт тавьсан байгаа. Энэ маш чухал зүйл. Тэгэхгүй бол стратегийн ордуудыг дарга ямбатаны анги хоорондоо хувааж авах тухай л байна, гэхдээ үүнийг ард түмнийх болгоно гэсэн чиглэл рүү явж байна. Гуравт, бид гуравдагч хөршүүдээ зайлуулж, хоёр хөршийн дунд хавчуулагдсан, хоёр хөршөөрөө л данс нь хязгаарлагдсан ийм улс болох вий гэж, үүний эсрэг явна гэж С.Эрдэнэ зарлаж байгаа учраас бид дэмжинэ” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?