Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 10 барилга байгууламж ашиглалтад ороод байгаа


Завхан/МОНЦАМЭ/. 2022 онд тус
аймагт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Улс, орон нутгийн төсвөөр
барьж байгаа барилга, бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг Завхан
аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
Д.Азжаргалаас тодрууллаа.

 

-Энэ жил Завхан аймагт нийт
хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна вэ?

-2022 онд
46.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаагаас улсын төсвийн
хөрөнгө оруулалтын 28.6 тэрбум төгрөгөөр 46 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Тодруулбал,
шинээр 22 төсөл, он дамжих 24 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Орон нутгийн төсөв,
орон нутгийн хөгжлийн сангийн 10.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил
хийгдэж байгаагаас гадна төсөл хөтөлбөрийн 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтын ажил хийгдэж байна.


-Улсын төсвийн хөрөнгөөр
ямар барилгын ажлуудыг хийж байгаа вэ? Барилгын ажлын явц хэрхэн өрнөж байгаа
талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ковид-19
цар тахлаас үүдсэн барилгын материалын үнийн өсөлт зэрэг шалтгааны улмаас 17.8
тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 барилга байгууламж ашиглалтад орж чадахгүй
нөхцөл үүссэн байгаа. Дээрх барилга байгууламжийн төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр
харьяа яамнуудад хүсэлт хүргүүлсэн байгаа. Тухайлбал, Баянхайрхан сумын 100
хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил, Тосонцэнгэл сумын 3-р цэцэрлэгийн
барилга угсралтын ажил, Тэлмэн сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны
барилга угсралтын ажил, Идэр сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга
угсралтын ажил, Сонгино сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга
угсралтын ажлуудын төсөвт өртөг нь өсөөд байгаа.


Мөн Эрдэнэхайрхан сумын 240
хүүхдийн сургуулийн барилга, Асгат сумын 75 хүүхдийн дотуур байрны барилга
угсралтын ажил, Цагаанчулуут сумын спорт заалны барилга, Шилүүстэй сумын Засаг
даргын Тамгын газрын барилга угсралтын ажил, Завханмандал сумын Сум дундын
амбулаторийн барилга угсралтын ажлуудын төсөвт өртөг өссөн байна.

Харин энэ
онд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан хэд хэдэн барилгууд ашиглалтад орсон
байна.

Тухайлбал, 2021-2022 онд 13.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 10 барилга
байгууламжийг ашиглалтад орууллаа. Түдэвтэй, Ургамал, Эрдэнэхайрхан сумын Засаг
даргын Тамгын газрын барилга, Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн
барилга, Улиастай сумын 1-р цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орсон байна. Мөн Цэцэн-Уул
сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Эрдэнэхайрхан сумын соёлын төвийн
барилга, Сонгино, Шилүүстэй сумын сургуулийн халуун усны барилга ашиглалтад
ороод байна.

Мөн 2022 онд шинээр эхэлсэн барилга
байгууламжууд байгаа. Улсын болон орон нутгийн төсвийн 22.4 тэрбум төгрөгийн
санхүүжилтээр найман барилга байгууламжийн ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Улиастай
сумын 4-р сургуулийн 640 суудалтай, спорт заалтай барилга, Цэцэн-Уул сумын 100
хүүхдийн дотуур байрны барилгын ажлууд энэ онд эхэлсэн байна.


Түүнчлэн Баянтэс
сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга, Отгон сумын спорт заалны
барилга, Цагаанхайрхан сумын спорт заалны барилга, Яруу сумын Эрүүл мэндийн
төвийн барилга, Отгон сумын цагдаагийн кобаны барилга, Улиастай сумын Жинст
багийн халуун усны барилгуудын ажил эхэлсэн. Энэ онд барилгын ажил нь эхэлсэн
дээрх барилгуудын ажлын явц 5-60 хувьтай байгаа. Тухайлбал, 640 суудалтай Улиастай
сумын
IV сургуулийн барилгын ажил 35
хувьтай байна. Барилгын ажлыг “Хан жаргалант стоунс” ХХК гүйцэтгэж байгаа.
Одоогоор газар шороо, ул бетон цутгах,  А,Б,В блокийн баганан суурийн хэв, хашмал
арматурчлал, бетон цутгах,
хар тосон түрхлэгийн
ажлууд хийгдэж байна.

-Завхан аймагт барьж байгаа дулааны станцын барилгын ажлын
явц ямар байгаа вэ?

Солонгосын Экзим
банкны хөнгөлөлттэй зээлийн 13,095,000 сая долларын санхүүжилтээр Улиастай
суманд 25 МВт-ын дулааны цахилгаан станц баригдахаар ажил эхлээд байна. Төслийн
ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХК, туслан гүйцэтгэгчээр “Мон
энержи консалт” ХХК ажиллаж байна. Одоогоор зураг төслийн ажил төлөвлөлтийн
шатанд үргэлжилж байна. Зураг төслийг хоёр үе шаттайгаар хийж энэ ондоо бүрэн
дуусгахаар төлөвлөсөн. Харин барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд
гүйцэтгэж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгнө.

БНСУ-ын
зээлийн хөрөнгөөр дулааны станцуудын шугам сүлжээ, дулаан дамжуулах төв зэргийг
барих бол Монгол Улсын Засгийн газар, улсын болон орон нутгийн төсвөөс дулаан
дамжуулах төвөөс хэрэглэгчдэд хүрэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм. Одоогоор
барилга угсралтын хийгдэж байна. Газар шорооны ажил дууссан, бетон бэлтгэлийн
ажил хийгдэж байна. Энэ онд зуухны буюу үндсэн барилгын суурийн ажил хийгдэх
төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Дулааны станц ашиглалтад орсноор олон боломжийг бүрдүүлэх
байх?

-Тийм ээ. Дулааны цахилгаан станц баригдсанаар Улиастай
сумын иргэд найдвартай дулааны эх үүсвэртэй болохоос гадна, хэрэглээний халуун
ус, агаарын бохирдол буурах зэрэг маш олон давуу талууд үүснэ. Мөн томоохон
үйлдвэрлэл эхлэх суурь нөхцөл боломжууд бүрдэнэ гэж харж байгаа.


-Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын чанарт
хэрхэн анхаарч байна вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн
чанарт онцгой анхаардаг. Барилга угсралтын ажлын үе шат бүрт захиалагчийн
хяналтыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын инженерүүд хийж,
барилгыг графикийн дагуу чанартай бариулах тал дээр анхаарч ажилладаг. Харин аймгийн
ЗДТГ-аас санхүүжилтийг түргэн шуурхай чирэгдэлгүй олгох тал дээр анхаарч
ажиллаж байна.


-Ирэх жил Завхан аймгийн 100 жилийн ой. Түүхэн ойг угтсан
хөрөнгө оруулалтууд мэдээж одоогоос эхэлж байгаа байх?

-Тийм ээ. 2023 онд Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт
100 жилийн ойг угтах олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал аймгийн
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажил, Улиастай сумын Богдын гол багт
хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Чигэстэй, Товцог багт явган
хүний болон дугуйн зам байгуулах. Улиастай сумын төвд байгаа өнгө үзэмж муу
барилгуудыг шинэчлэх, сайжруулах, гудамж төслийн ажлыг дуусгах гэх мэт олон ажлыг хийхээр
төлөвлөн эхнээс нь хэрэгжүүлж байна. Эдгээрээс онцолбол, Баян айраг эксплорэйшн”
ХХК-ны санхүүжилтээр Улиастай хотод 3.0 тэрбум төгрөгийн өртөгтэй төв талбайн
шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг “Дэлгэрэх төгс хийц” ХХК гүйцэтгэж
байгаа бөгөөд нэгдүгээр хэсгийн буюу төв талбайн ажил 60 хувьтай явагдаж байна.
2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн байгаа.

 

-Энэ жил Завхан аймагт ажлын байрыг дэмжсэн ямар хөрөнгө
оруулалтууд хийгдэж байна?

-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд цагт 90 м3
бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад
орууллаа. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хөрөнгө
оруулалтын ажлын гүйцэтгэгч нартай орон нутгийн иргэдийг ажилд түлхүү авах шаардлагыг
тавьж ажиллаж байна.

Түүнчлэн “Шинэ хөдөө” төслийн хүрээнд жижиг дунд
үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор арьс нэхий боловсруулах жижиг дунд
үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зургаан суманд, 90 морины хүчин чадалтай трактор,
хадлангийн иж бүрдлийг хадлан тэжээл бэлтгэдэг аж ахуйн нэгжид гэрээ байгуулан,
сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтийг нь үндэслэн олгох гэж байгаа. НҮБ-ын
төслийн хүрээнд таван суманд 14 аж ахуйн нэгж, иргэнд 134 сая төгрөгийн арьс,
шир нэхий элдэх, эсгий, эсгий үйлдвэрлэлийн, зайрмагийн, оёдлын тоног
төхөөрөмжүүдийг олгож, 60 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа.

-Эдгээр хөрөнгө оруулалтын давуу талыг хэрхэн харж байна. Ач холбогдол нь юу вэ?  

-Төсвийн хөрөнгө оруулалт бол хамгийн сайн хөрөнгө оруулалт
байдаг гэж эдийн засагчид үздэг. Тухайлбал хөрөнгө оруулалт хийгдсэнээр дэд
бүтэц, сургууль цэцэрлэгийн барилга босож иргэдэд ач тусаа өгөхөөс гадна нөгөө
талаас аж ахуйн нэгж, ажлын байрыг бий болгож байдаг. Тэр ч утгаараа олон
бүтээн байгуулалтын ажил Завхан нутгийн хөгжилд ихээхэн дэм болно гэж харж
байна.

-Танд баярлалаа.

 

, MONTSAME News Agency



Source link

Сэтгэгдэл хаагдсан.