”Чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” хэмээхийн учир буюу Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн оюун санааны удирдагчийн тухай

0
7

(Судалбар хөрөг)

“Чөлөөт хэвлэл гэдэг бол чөлөөт хүн ард гэсэн үг. …Цензур (хянаж цагдах) нь шууд болон дам ямарваа хэлбэрээр байж болохгүй.”

Чөлөөт хэвлэлийн Харти-гаас

Монголын нийгэмд чөлөөт хэвлэл, чөлөөт хүн ард бий болох үйл явц хэрхэн өрнөж, түүнд хэн хэн голлох үүрэгтэй оролцов гэдгийг нэгбүрчлэн уудлах юм бол судалгааны хэд хэдэн даацтай бүтээл төрөх төдийгүй түүхэн он цагуудын бодит үйл явдал тодрон гарч ирэх нь дамжиггүй. Энэ талаар өөрт оногдсон цаг хугацаанд, олдож буй мэдээллийн хэмжээнд уншиж үзэхэд Цэдэндоржийн Дашдондов хэмээх нэр тодоос тод товойн гарч ирэх ажээ.

Ц.Дашдондов хэмээх энэ нэрийг хүүхдийн хэвлэлийн хуудаснаа олонтоо харж мартахгүй болтлоо тогтоосон хүмүүс бол миний үеийнхэн билээ. Учир нь тэрбээр МХЗЭ-ийн Төв хороо, Монголын пионерийн байгууллагын дэргэдэх Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцын ерөнхий эрхлэгчээр олон жил ажилласан. Энэ тухай өгүүлэхийг түр азнан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн Хүндэт доктор, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов хэмээх эрхмийн Монголд чөлөөт ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тодотгон өгүүлэхийг нэн тэргүүний зорилгоо болголоо.  

1980-аад оны сүүлчээр ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын давлагаа Монголд нөлөөгөө тусгаснаар хүн ардын сэтгэлгээнд өөрчлөлт гарч, шинэлэг уур амьсгалыг хүсэмжлэх сэтгэл зүйн хөрс суурь бүрэлдэж эхлэхийн өмнөхөн Нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв “Үнэн” сонины эрхлэгчийн ажлыг хүлээж аваад Ц.Дашдондовыг Гадаад мэдээний албандаа ажиллуулахаар томилсон байдаг. Тун удалгүй тэр цагийн хамгийн нөлөө бүхий хэвлэл “Үнэн” сонин нийгэмд нэгэнтээ хүсэн хүлээгдэж байсан үнэнийг өгүүлэх, зоригтойгоор үгээ хэлэх, нийгмийн асуудлыг хөндсөн шиг хөндөх зэргээр өөрчлөлт шинэчлэлтийн давлагааг манлайлж, нийгмийн сэтгэлгээний түүчээ нь болж ирснийг түүхэн он цагийн бичээс гэрчлэн үлдээсэн байдаг билээ. “Үнэн” сонины араас “Улаан Од”, “Хөдөлмөр”, “Утга зохиол, урлаг” зэрэг хэвлэлүүд нийгэмд бугшсан асуудлуудыг зоригтойгоор хөндөн гаргаж тавих болов. Энэ бүхэн Монголд ардчилсан өөрчлөлт шинэчлэлт явагдах нийгмийн сэтгэлгээний  суурь хандлагыг бэлтгэж, сэтгүүлчид энэ үйлсийн манлайлагчид нь байжээ гэдэг “үнэн” өнөөдөр харагддаг.

Залуус жагсаал цуглаан хийж, олон нийт тэднийг дэмжин хүлээж авах үйл явцыг “Үнэн” сонингүйгээр, түүний дотор сэтгүүлч Ц.Дашдондовын хэвшмэл хуучин хэв загварыг эвдсэн цоо шинэ хандлагатай зоримог нийтлэлгүйгээр төсөөлөх аргагүй байсныг өнөөдөр эргэн сануулах ёстой юм. Социалист бүтээн байгуулалтын оргил үед бичиж “Үнэн” сонинд нийтлүүлсэн “Баярын тухай гунигт бодол” /1988/, “Дээд комиссын доод ажил” /1989/ зэрэг өгүүллүүд нь нийгэмд шуугиан тарьж, гүн гүнзгий цочроосон төдийгүй үнэнийг шулуухан хэлэх зоригийг өдөөсөн бүтээлүүд болсон учраас дэмжигчдийн өргөн давлагааг араасаа дагуулж байв. Түүний бичсэн зоримог хурц нийтлэлүүд ар араасаа хэвлэгдэн гарч нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт авчирч, тэр хэмжээгээрээ уншигчдын хүрээ нь нэмэгдсээр л байлаа.

Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг манлайлагч залуус хурц тэмцэл өрнүүлэн анх удаа улс төрийн өлсгөлөн зарлахад сэтгүүлчид яаж мэдээлэх учраа мэдэхгүй тулгамдаж, балмагдаж байв. Энэ эгзэгтэй цаг мөчид хэн ч зүрхлэн ам нээж, дэлгэрэнгүй мэдээлж чадахгүй байхад Ц.Дашдондов “Болсон үйл явдал, түүний тухай эрэгцүүлэл” хэмээх нийтлэл бичиж нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд гаргасан нь зарим хүмүүсийг ихээхэн гайхахад хүргэж байсан ч, өнөөдөр харахад, нэг ёсондоо чөлөөт хэвлэл яаж бичих ёстойг заагаад өгчихсөн “хичээл” болсон байдаг. Тийнхүү болсон үйл явдлын тухай анх удаа дэлгэрэнгүй агаад бодитой мэдээлсэн нь олон нийт, ялангуяа зах хязгаар нутгийнхан “манай улс төр, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарах нь” гэдгийг урьдчилан зөв төсөөлж ойлгоход ихээхэн тус болсон юм.

Ардчилсан хөдөлгөөний удирдагч Санжаасүрэнгийн Зоригтой хийсэн түүний ярилцлага “Үнэн” сонинд нийтлэгдсэн нь тэр үедээ мөн л сонин содон, шинэлэг зүйл байлаа. Тэрбээр олны анхаарлын төвд байгаа хамгийн содон хүнтэй ярилцлага хийснээрээ ч, урьд хожид болж байгаагүй онцгой үйл явдлын тухай үнэн бодит мэдээллийг сурвалжлан олон нийтэд хүргэснээрээ ч чөлөөт хэвлэлийн хэвлэн мэдээлэх суурь зарчмыг ойлгуулж, өөрийн биеэр үлгэрлэх алхмаа “Үнэн” сонины хуудсаар дамжуулан хийж эхэлсэн нь харагддаг.

Тус сонины Ерөнхий эрхлэгч Л.Түдэв нөлөө бүхий нийгмийн зүтгэлтэн байсан нь Ц.Дашдондов болон бусад сэтгүүлчдийнхээ бичсэн “зоримог” нийтлэлүүдийг хэвлэн нийтлэхэд нь том ар тал болж байсныг энд дурдахгүй өнгөрөх аргагүй. Энэ бүхнийг өнөөдрийн бидэнд буй ойлголтоор төсөөлөн бодоход, эрхлэгч нь буюу редакц нийтлэлийн бодлогоо цензурээс хамгаалж чаддаг, сэтгүүлчид нь ч чөлөөт хэвлэлийн зарчмаар зоригтой ажилладаг байжээ гэж дүгнэн хэлж болмоор санагдана.

Ер нь тухайн цагийн хамгийн нөлөө бүхий хэвлэл “Үнэн” сонины Гадаад мэдээний албанд томилогдоно гэдэг бол жирийн нэгний хувьд боломжгүй зүйлийн нэг юм. Хэн хүний хийж үл чадах энэ ажлыг орос, англи, латин хэл эзэмшсэн толь зүйч, Хүүхдийн төв хэвлэлийн нэгдсэн редакцийг 10 гаруй жил удирдан, Сэтгүүлчдийн байгууллагын гадаад харилцааг ч хөтлөн явуулж байсан туршлагатай сэтгүүлч Ц.Дашдондовт эс даатгаваас өөр хэнд даатгах билээ.

Сэтгүүлч хүн сэтгэн бодож, алхам тутамдаа суралцаж, танин мэдэж явах алтан зарчмыг ямагт мөрдлөг болгож ирсэн сэтгүүлч, нийтлэлч, толь зүйч Ц.Дашдондовт шинэ цагийн сэтгүүлчид итгэл хүлээлгэн Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгчөөрөө гурвантаа сонгосон байдаг билээ.

Ийм хүн Монголын сэтгүүл зүйд байсан учраас л Монголд чөлөөт хүн ард төлөвших, чөлөөт сэтгүүл зүй хөгжих үйл явц асар богино хугацаанд амжилтад хүрч чадсан түүхтэй юм.

Цэдэндоржийн ДАШДОНДОВ ГЭЖ ХЭН БЭ?

МУСГЗ, ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн хүндэт доктор, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовыг “Чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” хэмээн нэрлэдэг. Монголын чөлөөт сонинуудын холбооноос 2000 онд “Монголын чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” хэмээн тодруулж, хэд хэдэн хэвлэлээс ийнхүү өргөмжилсөн төдийгүй 2002 оны 4 сарын 2-нд сэтгүүлчдийн хоёр байгууллага нэгдэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг байгуулахад Ц.Дашдондовт МСНЭ-ийн Хүндэт ерөнхийлөгчийн үнэмлэх гардуулсан нь чөлөөт ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн хэрэг байлаа.

Тун удалгүй 2003 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Дашдондов Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан. Яг энэ цаг үед сэтгүүлчид Хүндэт ерөнхийлөгчийнхөө тухай “Алсаас бараатай уул” хэмээх хөрөг нэвтрүүлгийг бүтээсэн нь өдгөө түүхэн баримт болон үлджээ. Энэхүү нэвтрүүлгээс гурван эрхмийн ярилцлагыг энд онцолж Ц.Дашдондов гэж хэн бэ гэдэг асуултад хариулт өгөхийг зорилоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Л.Түдэв: Ц.ДАШДОНДОВ БОЛ АДУУЧИН ХҮН


“Манай Дашдондов бол нэгдүгээрт их адармаатай хүн л дээ. Хоёрдугаарт бол адуучин хүн. Ийм хоёр тодорхойлолт өгмөөр байна л даа. Яагаад адармаатай хүн гэвэл, энэ хүн бол эхлээд даага сургаж байсан. Тэр бас адуучин гэдэгтээ таарна. Даага сургана гэдэг юуг хэлж байна гэвэл, “Пионерийн үнэн” сонины эрхлэгч байлаа л даа. Тэгэхэд тэр жижигхэн хүүхдүүдэд зориулсан сониныг эрхэлж, хүүхдийн хэллэг, хүүхдэд зориулсан үгнүүдийг хариулж, тэрийг гилж залж, засаж залруулж байсан.

Тэгснээ тэр бас улам дээшээ ахиад даага сургахаа болиод жинхэнэ унааны эмнэг адуунуудыг сургадаг болж. Тэр нь бол “Үнэн” сонинд ажиллаж байсан үе нь юм даа. Томчуудад зориулсан сонин гаргахад тэнд үгийн баялаг их чухал. Үгийг зөв найруулах ёстой. Тэрийг номхотгоно, үгнүүдийг номхотгож редакторлана гэдэг бол тийм амархан биш. Тэр бол нэлээд хангал эмнэгийг сургаж байгаатай адил. Тэгснээ тэрийг сургаж боллоо гэж бодоод нөгөөдөх чинь бүр одоо жинхэнэ, хэзээ ч дааган насанд нь сургаж байгаагүй тийм эмнэг хангалын нуруун дээр суусан. Тэр нь бол сэтгүүлчдийн байгууллагын нэг удирдагч болсныг нь хэлж байна л даа. Сэтгүүлчид гэдэг бол жинхэнэ догшин хангал ийм үгсийн сүргийг хариулж тэрийг гилж залж байдаг. Тэр ажилд олон жил зүтгэсээн. Тэгэхээр энэ хүн бол энэ талаас нь үзэхэд адуучин хүн шиг л байгаа юм” хэмээн тодорхойлжээ. 

“Монгол ньюс” компанийн захирал, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч, Түүхийн ухааны доктор Ц.Балдорж: ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН СЭТГҮҮЛ ЗҮЙГ МОНГОЛД БИЙ БОЛГОХОД ДАШДОНДОВ ГУАЙ ШИГ ХҮЧИН ЗҮТГЭСЭН ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ


“Сэтгүүлчийн хувьд, энэ хүн Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн өнгө аясыг оруулсан. Өөрийнхөө хэлэх үгийг маш их хурцаар, их тодоор хэнээс ч айлгүйгээр хэлдэг. Энэ дашрамд би Дашдондов гуайдаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсонд нь баяр хүргэе гэж бодож байна. Магадгүй гавьяатын тэмдэг зүүж өгсөн ерөнхийлөгч нь улс төрийн буруу бодлого явуулаад эхлэх юм бол маргаашаас нь эхлээд л шүүмжлээд унана. Ерөөсөө аливаа муу юм, дутагдал бүрийг тэвчиж өнгөрөөж чаддаггүй ийм сэтгүүлч Монголд их ховор л доо. Бас хүн чинь нас яваад ирэхээр юм юмтай эвлэрэмтгий болдог шүү дээ. Дашдондов гуайд бол тийм зан ерөөсөө байхгүй. Энэ утгаараа бол Монголд бараг цорын ганц сэтгүүлч гэж хэлж болох байх гэж би боддог.

Өөр нэг онцолж хэлье гэж бодсон юм бол, бид “Ардчилсан нийгэм, ардчилсан сэтгүүл зүй, чөлөөт сэтгүүл зүй” гээд ярьж байна. Энэ чөлөөт ардчилсан сэтгүүл зүйг Монголд бий болгоход Дашдондов гуай шиг хүчин зүтгэсэн хүн Монголд байхгүй. Одоо ч хийсээр байгаа. Энэ утгаар нь Дашдондов гуайг үнэлэхээс өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголын чөлөөт сэтгүүл зүйд хийсэн, бичсэн, тэр хүний бүтээсэн, Монголын хоёр сэтгүүлчдийн байгууллагыг хооронд нь нийлүүлэх, нэгтгэх, тэднийг эвтэй байлгах гэдэг бол их чухал асуудал л даа. Монголын сэтгүүлчид хоорондоо эв найртай байж чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлнэ гэдэг бол маш их адармаатай хэцүү асуудал. Энийг хийж чадаж байгаа хүн бол ганцхан Дашдондов гуай. Тийм ч учраас одоо хүртэл Монголын сэтгүүлчдийн байгууллага ерөнхийлөгчөө сонгож чадахгүй л байж байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ өвгөн дээр тулж, энэ хүнийг түшиж явж ирсэн гэдэг нь эндээс харагдаж байгаа юм” гэсэн нь “Алсаас бараатай уул” хөрөг нэвтрүүлэгт мөнхрөн үлджээ.

МУСГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо: ДАШДОНДОВ ГУАЙ БОЛ СОРГОГ МЭДРЭМТГИЙ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХДЭЭ МАШ ИХ ХУРЦ ДАЙЧИН ХҮН


“Миний бодоход, бидний амьдарч яваа энэ эрин үед өөртөө үлгэр авч дагаж дуурайж, жишээлж явах цөөн хүмүүс байдаг. Тэдний нэг нь бол манай нэрт нийтлэлч, эрдэмтэн, толь зүйч Дашдондов гуай байгаа юм. Дашдондов гуайн тухай манай нутагт биднийг хүүхэд бага ахуй үед л “Энэ хүн шиг орос хэлийг, ер нь хэлийг сурах ёстой юм. Маш хөдөлмөрч, бүр сувилагч байхдаа ч билүү Орос-Монгол толийг эхнээс нь дуустал цээжилсэн байсан” гээд үлгэр домог шиг юм ярьдаг байлаа. Тэгээд энэ хүний хийж бүтээж, хөдөлмөрлөж байгаа үйлсийг ажиглаж харахад үнэхээр жишээ авмаар, дагаж дуураймаар, суралцмаар ийм сайхан хүн л дээ.

Ялангуяа манайд өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал орсон тэр цаг үед бидний анзаарч хардаггүй, дагаж дуурайх дуртай тэр олон уриа лоозон, туг далбаанд гэнэт эмзэглэж, энэ чинь юу болж байна вэ гэсэн тийм нийтлэл бичсэн нь /”Баярын тухай гунигт бодол”, ред./ тэр үеийн нэг хэв загвараар сэтгэж, нийгмийг аялдан дагаж байсан цаг үед олон хүнийг маш хүчтэй өөрчилсөн шиг санагддаг юм. Надад л лав тэгэж хүчтэй тусч байсан. Хүн бүр эрин үетэйгээ адилхан байдаг. Ер нь ч тийм байх ёстой юм. Цаг үеийн бүтээгдэхүүн гэдэг шүү дээ. Гэтэл нөгөө талаас нь Дашдондов гуай шиг ийм хүмүүсийг харахад, харин цаг үетэй адилгүй, заавал түүнийг дагаж байх биш, харин цаг үеийн тэр сүүдрийг эмзэглэж харж, тэрийг нийгэмд, олон нийтэд дандаа сануулж мэдрүүлж байх хэрэгтэй юм  шиг санагддаг. Дашдондов гуай бол тийм соргог мэдрэмтгий, түүнийгээ илэрхийлэхдээ маш их хурц дайчин. Ийм хүн л дээ” гэжээ.   

Ц.Дашдондов “Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл” номондоо “…Намын хэвлэлд нэр холбогдож уяа хүлээстэй мэт байх нь утгагүй гэж үзээд тэтгэвэрт гарах нэрийдлээр тэндээсээ /“Үнэн” сониноос. ред./ зайлсан. Эрх баригч намын эгнээнээс ч элдэв сүр дуулиангүй гарчихсан…” гэж бичсэн. Олны хэлдгээр “намаасаа гарч ноосоо тушаасан” энэ үеэс л Монголд чөлөөт ардчилсан хэвлэлийг хөгжүүлэхэд хүчин зүтгэх нөр их ажил нь эхэлсэн ажээ.

ЧӨЛӨӨТ ХҮН АРД, ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ ГАНЦХАН ӨДӨРТ БИЙ БОЛООГҮЙ ЮМ

“…Сэтгүүлчдэд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж нэг их чухал юм бий. Одоо огт ондоон цаг эхэллээ. Хэлэх ярихад хэмжээ тогтоож, сэтгэлгээнд хориг тавьж, чөдрийн үгээр цагдуулж суудаг цаг өнгөрчээ…” хэмээн Ц.Дашдондов 1990 оны 9 дүгээр сард тунхаглан бичиж байв.

Мөн “…Өөрчлөн байгуулалт хэзээ балрахыг хоног сар тоолон хүлээж, ардчиллыг багалзуурдах аян шалтаг хайж, өөрсдийнхөө өндийж гарч ирсэн “сайн” цаг руу ухарч бүх юм хуучиндаа орчих магадгүй хэмээн горьдлого тасрахгүй суугаа хуучныг баримтлагч, хүнд сурталтан ч цөөнгүй…” хэмээн 1990 оны эхээр бичсэн нийтлэлдээ анхааруулан сануулж байлаа. Шинэ цаг үеийн тухай өргөн олон түмэнд зөвөөр ойлгуулах гэж, ардчиллын төлөө тэмцэгч залуучуудыг хамгаалах гэж Ц.Дашдондов цөөнгүй нийтлэлээ туурвисан байдаг юм.   

90-ээд оны их өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үед ардчилсан чөлөөт хэвлэлийн анхдагч үр хөврөл соёолон нийслэл Улаанбаатар хотноо “Ардчилал”, “Шинэ үе”, “Үг”, “Хөх толбо”, “Үндэсний дэвшил” гэхчлэн янз бүрийн нэртэй сонин хэвлэл борооны дараах мөөг шиг олшров. Энэ байдал орон нутагт ч нөлөөгөө тусгаснаар Хөвсгөлд Ч.Пүрэвдорж, Дарханд Ө.Рагчаасүрэн, Төвд Г.Дашренчен, Дорнодод Б.Туяа, Дундговьд С.Пүрэвсүрэн, Хэнтийд Г.Байгальмаа, Эрдэнэтэд С.Шаравдорж, Баянхонгорт М.Мөнхдалай, Ховдод Д.Бямбасүрэн нарын хүмүүс чөлөөт хэвлэл мэдээллийн анхны бамбарыг асааж бадруулсан гавьяатай билээ. Чөлөөт хэвлэл мэдээллийн талбар өргөжин тэлэхийн хэрээр үзэл бодлоо илэрхийлэн бичих идэвхтэн бичигчид ч олширч, далд нууц гэгддэг байсан олон мэдээлэл ил тод мэдээлэгдэх боллоо.

“…Чөлөөт хэвлэлийн зам бол адал явдлаар дүүрэн агаад зарим талдаа аюул осол дагуулдаг айхтар бартаат зам л даа. Түүнийг мина булсан талбайтай зүйрлэж болох. Ийм замд ганц нэгээрээ бус олуулаа гар гараасаа барилцаж хамтдаа явах ёстойг шинэ цагийн сэтгүүл зүйчид сэхээрсэн…” хэмээн Ц.Дашдондов дурсамж номондоо бичсэн байдаг.

Хамгийн гол нь хуучин бүтцээр шинэ зорилтыг шийдэхгүйг ойлгосны үндсэн дээр Монголын Сэтгүүлчдийн холбооноос өрх тусгаарлах шийдэл гаргасан үе нь 1991 оны сүүлийн саруудад тохиожээ. Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Амарсанаа нарын хэсэг залуус Ц.Дашдондовыг урьж “сэтгүүлчдийн байгууллага шинээр байгуулъя. Та туршлагаа хуваалцаж туслаач” гэхэд нь тэр цааргалсангүй. Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй “Улаанбаатар” сонины редакц дээр хэсэг сэтгүүлчид цугларч сэтгүүлчдийн шинэ эвлэл байгуулах их хурал хийхээр тогтохдоо хуралд бэлтгэх комиссын ахлагчаар Ц.Дашдондовыг тохоон томилсон байна. МХЗЭ-ийн их, бага, бүгд хурлуудыг зохион байгуулж ирсэн туршлага, гадаад хэлний өргөн мэдлэг, олон талт мэдээлэлтэй туршлагатай сэтгүүлч тэрбээр тухайн үед аль нэг байгууллагад харьяалалгүй чөлөөт сэтгүүлч байсан нь энэ ажил руу ханцуй шамлан ороход яв цав тохирсон хэрэг л дээ.

Ц.Дашдондов ийнхүү сэтгүүлчдийн шинэ байгууллагын чиг зорилгыг тусгасан мөрийн хөтөлбөр, дүрмийн төсөл боловсруулж, хурал зохион байгуулах бүхий л бэлтгэл ажлыг гардан хийсэн юм. 1991 оны 12 сарын 18-нд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн зохион байгуулах анхдугаар хурлыг Хүүхдийн ордонд хийж, гол илтгэлийг Ц.Дашдондов, Мандатын комиссын илтгэлийг Ү.Хүрэлбаатар сонордуулсан байдаг. Тус их хурлаас Ц.Дашдондовыг Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл /МЧАСЭ/-ийн ерөнхийлөгчөөр сонгов. Шинэ ерөнхийлөгчийн санал болгосноор Т.Чимиддорж, Ч.Галсан нарыг дэд ерөнхийлөгчөөр, С.Батмөнх, С.Амарсанаа, Ч.Эрдэнэ, С.Баяраа нарын арав гаруй хүнийг тэргүүлэгчээр баталжээ.  

Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Дарь.Сүхбаатараас эхлээд чөлөөт хэвлэлийн төлөө зүрх сэтгэлээ зориулж зүтгэсэн Нанж.Лхагва, Ц.Дагданготов, С.Цогтсайхан, Ж.Мягмарсүрэн, Г.Сумъяа, Х.Наранжаргал, М.Буяндэлгэр, Д.Байгальмаа, Г.Огторгуймаа нарын олон хүн энэ эвлэлийн идэвхтэй гишүүд нь байв. Аливаа сайн дурын байгууллага, тэр дундаа сэтгүүлчдийнх эвлэлдэн нэгдэгсдийнхээ зүрх сэтгэлийн дотор нь бус гадна байх юм бол удаан тогтохгүй гэдгийг ерөнхийлөгч Ц.Дашдондов ухаарч мэдэрсэн учраас алдаа эндэгдэл бүрийг урьдчилан харж, сэтгүүлчдийнхээ эв санааны нэгдэлд онцгой анхаарч ажилласны үрээр ажил нь зэгсэн урагшилжээ. Гэсэн ч дэлхийн тавцанд амжиж эртхэн гарахгүй бол эндээ хэчнээн тонгочоод нэмэргүй гэдгийг онцгой анхааралдаа авснаар Брюссельд төвтэй Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо /ОУСХ/-нд захидал илгээсэн байна. Тэндээс нааштай хариу иржээ. Ерөнхийлөгч Ц.Дашдондов ОУСХ-той ойртох чиглэлээр өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг шуурхай хийж хэрэгжүүлсний хүчинд МЧАСЭ-ийг 1992 оны 11 сард ОУСХ-ны орлогч гишүүнээр, 1997 онд жинхэнэ гишүүнээр элсүүлж авчээ. Монголын чөлөөт сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага ийнхүү гадаад ертөнцөд танигдаж эхэлсэн юм.

ОУСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Aidan White 1998 онд МЧАСЭ-ийг “их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Instrumental байгууллага” гэж тодорхойлж байсан аж. Үнэхээр ОУСХ-ны жинхэнэ гишүүнээр сонгогдоод нэг жил болсны дараа 1998 онд ОУСХ-ны гүйцэтгэх хороонд МЧАСЭ төлөөлөлтэй болж чадсан нь үүний нотолгоо болдог. ОУСХ-ны 23 дугаар их хурал 1998 онд Бразилд болоход түүнд эвлэлээ төлөөлж Ц.Дашдондов ерөнхийлөгч оролцжээ. Их хурал хэдэн өдөр хуралдсаны дараа удирдах байгууллагаа сонгох болоход Гүйцэтгэх хороонд нь сэтгүүлч Х.Наранжаргалын нэрийг дэвшүүлж зүтгүүлээд үзье хэмээн сэтгэл шулуудан ажилласан байна.  

“…Санасандаа хүрэхийн төлөө хазахаас бусдыг хийсэн…” хэмээн тэрбээр номондоо хошигносон өнгө аясаар бичсэн байдаг ч 100 гаруй орны 140-өөд эвлэл холбоодоос дөнгөж 16-хан нь сонгогдох сонгууль гэхээр ямархуу том өрсөлдөөнд орсон нь ойлгогдоно. Сонгогдохын тулд 146 хүний санал авах ёстой байлаа. Нууц санал хураалтын дүн гарахад МЧАСЭ-ээс нэр дэвшүүлсэн Х.Наранжаргал 179 хүний санал авч сонгогдох болзол хангажээ.

“…Ийм амжилтанд хүрэх амаргүй байсныг дахин хэлье…” хэмээн тэрбээр онцолсон байдаг. Үнэхээр ч тийм. Орос мэтийн том гүрэн хүртэл энэ босгыг давж чадаагүй байхад шүү дээ. ОУСХ-ны Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд багтах эхлэл нэгэнт ингэж тавигдсан болохоор дараа дараагийн их хурлаар МЧАСЭ байр сууриа баттай хадгалж, Х.Наранжаргал ч үлгэр дуурайл болохуйц сайн ажилласан хэмээн Ц.Дашдондов гуай өдгөө дурсан ярьдаг билээ.  

Европын холбооны ивээл дор, ОУСХ-ны дэмжлэг, оролцоотойгоор ТАСИС хөтөлбөрийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрийг МЧАСЭ-ээс эх орондоо хэрэгжүүлэхдээ “Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, түүний хууль, эрх зүйн хүрээ”, “Ардчилсан нийгэм дэх хэвлэл, мэдээллийн гүйцэтгэх үүрэг”, “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” сэдвээр цуврал семинар, симпозиум, чөлөөт ярилцлагууд зохион байгуулж холбогдох материал орчуулах буюу боловсруулан нийтэд түгээх ажлыг нэлээд эрчимтэй хийж байв. Мөн Чөлөөт хэвлэлийн Харти, Олон улсын сэтгүүлчдийн мөрдөх зарчим, Хиндхукийн тунхаг, Ардчилсан хэвлэл мэдээллийн соёлын тухай манифест, Freelance-ийн статус гэх мэтчилэн баримт бичгүүдийг олноор нь орчуулж сэтгүүлчдийн гар дээр тавьжээ. Дэлхийн цараагаар дэлгэр үйл ажиллагаа өрнүүлдэг Freedom Forum-ын “free press, free speech, free spirit” гэсэн өргөн уриа дуудлагыг удирдлага болгож олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн нь монголчуудыг чөлөөт хэвлэлгүйгээр амьдралаа төсөөлөх аргагүй болоход туйлын ихээр нөлөөлсөн билээ.  

Freelance journalist, Watch-dog, Forth estate, Investigate journalism гэх мэт урьд өмнө сонсож дуулаагүй сонин содон шинэ сэргэг ухагдахуунд ч уншигчдыг дасгав. Тэр бүү хэл NEWS гэсэн нийтэд танил үгийг  North+East+West+South гээд тайлбарлахад нь сарнаас сая ирсэн хүний яриаг анхаарах лугаа алмайрдаг байсан аж. Ц.Дашдондов хэмээх энэ хүний хийж бүтээсэн бүхний нэгээхэн хэсгийг тоймлоход л ийм.   

Тэрбээр чөлөөт хэвлэлийн суурь үндсэн зарчмыг олон нийтэд ойлгуулахын төлөө хэдэн арваар тогтохгүй нийтлэл өгүүлэл бичиж, хэвлэлд олон удаа ярилцлага өгч, хэдэн арван гадаад улс оронд биечлэн очиж Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд ахиц авчрах ажлуудаа бүтээхийн төлөө хэдэн зуугаар тогтохгүй хүнтэй уулзаж, ярьж хэлэлцэн, дотооддоо гэхэд л байгууллагуудад уригдан очиж лекц, уулзалт хийх, ярьж тайлбарлах, ухуулж сэнхрүүлэх ажлыг хийж байсныг нь тоолж баршгүй юм.  

“…Монголд ардчилсан чөлөөт, бие даасан, хараат бус хэвлэл сонгодог утгаараа урьд өмнө хөгжиж байсан түүхгүй учир бусдаас суралцахаас өөр аргагүй байлаа. Хаанаас суралцах вэ гэвэл, Өрнөдөөс л суралцана…” Энэ бол түүний олонтоо хэлдэг үг. Энэ үгээ бүрэн утгаар нь ажил хэрэг болгож чадсан нь ч харагддаг. Тэрбээр “Бие даасан хараат бус хэвлэл” сэдвээр Азийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалтыг Улаанбаатарт анх удаа зохион байгуулсан. Ц.Дашдондовыг ерөнхийлөгч байхад МЧАСЭ-ийг зорьж ОУСХ-ны ерөнхийлөгч Женс Линде, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Беттина Петерс, Дорнод Европ, Африк хийгээд ТУХН-ын орнуудад чиглэсэн хөтөлбөр хариуцсан захирал Жин Пол Мартоз, дэлхийн 75 улсад чөлөөт хэвлэл хөгжихөд нь тусласан ноён Нейл Сванкотт нарын зэрэг хүндтэй зочид ирж байсан нь түүний гадаад харилцааны өргөн цар хүрээ, удирдагчийн хэв шинж, далайцтай үйл ажиллагааных нь тод илэрхийлэл болон түүхэнд үлдэж байна.

Ц.Дашдондовын явуулж ирсэн гадаад харилцаа, олон талт хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжсэн төслүүдээс заримыг нь онцолж цухас дурдъя. Тухайлбал, “Чөлөөт бие даасан хараат бус хэвлэл Монголд” гэсэн томоохон төслийг ДАНИДА хэрэгжүүлэхэд МЧАСЭ, түүний ерөнхийлөгч Ц.Дашдондовын үүрэг оролцоо үлэмж их байсан гэдэг. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Монголд чөлөөт ардчилсан хэвлэл хөгжих үлэмж таатай хөрс суурь бүрэлдэж чадсан бөгөөд цаашилбал жил бүрийн 5 дугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголд тэмдэглэхийг эхлүүлсэн эзэд нь МЧАСЭ, тодруулбал ерөнхийлөгч Ц.Дашдондов юм.

Монгол Улсад анх удаа 1998 онд “Хэвлэлийн эрх чөлөөний хууль” батлагдаж гарахад МЧАСЭ-ийн гүйцэтгэсэн үүрэг оролцоог үнэлж ярих хүн цөөнгүй байдаг. Тэр дундаа МЧАСЭ-ийн ерөнхийлөгч Ч.Дашдондов болон чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагууд хамтран тэмцэж байж энэ хуулийн хэрэгжилтийг урагш хөдөлгөж, төрийн мэдлийн ХМХ-үүдийг хувьчлах, Үндэсний радио телевизийг олон нийтийн статустай болгох ажлыг баталгаажуулж чадсан түүхтэй.

1999 оны 1 сарын 15-нд хуран цугласан ХМХ-ийн удирдлагууд хамтран шаардлага бичиж тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдоржид өргөн барьсан байдаг. Дөрвөн зүйл бүхий уг шаардлагад МЧАСЭ-ийн ерөнхийлөгч Ц.Дашдондов, МСХ-ны ерөнхийлөгч Ц.Бат-Орших, Монголын Чөлөөт хэвлэл эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, “Хөх толбо” сонины Ерөнхий эрхлэгч Б.Эрдэнэбаатар, “Сэрүүлэг” сонины Ерөнхий эрхлэгч С.Баярмөнх, “Ил товчоо” сонины Ерөнхий эрхлэгч Г.Аким, “Дээдсийн хүрээлэн” сонины Ерөнхий эрхлэгч Н.Билгүүн, “MN-Өнөөдөр”, “MN-Би-Би”, “MN-Таван цагариг” сониныг төлөөлж Ц.Балдорж, “Хувийн амьдрал”, “Урт чихт”, “Жигшүүрт хэрэг” сонины Ерөнхий эрхлэгч Т.Амардаваа, “Хүмүүс” сонины Ерөнхий эрхлэгч Р.Хадбаатар, “Монголын нэг өдөр” сонины Ерөнхий эрхлэгч Ц.Баяраа, “Шар сонины” Ерөнхий эрхлэгч Б.Одгэрэл, “81 дүгээр суваг” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Баяржаргал, “Номер нэг”, “Ардчилал таймс” сонины Ерөнхий эрхлэгч Нанж.Лхагва, “Мэлмий”, “Дуулиант хэрэг” сонины Ерөнхий эрхлэгч Г.Намчинбум, “Монголын мэдээ” сониныг төлөөлж Д.Сандагсүрэн, “Хонгорзул”, “Янаг хорвоо”, “Алаг хорвоо” сонины Ерөнхий эрхлэгч Я.Бадамсүрэн, “Тансаг чуулган” сонины Ерөнхий эрхлэгч Г.Баатар, “Парламент” сонины Ерөнхий эрхлэгч Н.Лутбаяр нарын 18 хүн гарын үсэг зуржээ.  

“…Эрх баригчид улсын үйлдвэрийн газрыг хэн дуртай хүндээ хувийн компани болгон бэлэглэдэг энэ сонгомол луйвраа эс зогсоовоос уурхайг уурхайчдад, эмнэлгийг эмч нарт, сургуулийг багш нарт, МИАТ-ийг нисэгчдэд, их дэлгүүрийг худалдагч нарт гэхчилэн нэн даруй үнэгүй тарааж өгөх бүх нийтийн кампанийг сэтгүүлчид бид сэдэж санаачлан тэмцэх болно. Энэ бол та бүхний увайгүйтлийг дагаж хийх эхний алхам юм…”

“…”Чөлөөт хэвлэлгүй Засгийн газартай байснаас Засгийн газаргүй чөлөөт хэвлэлтэй нь дээр” гэдэг үгийг нэг сануулъя…” гэх зэрэг тэмцлийн хатуу хэлбэрт шилжихээ илэрхийлсэн  шийдмэг үгс бүхий шаардлагыг одоогоос 10 гаруй жилийн өмнө сэтгүүлчид эрх баригчдад тавьж шударга ёсыг шаардаж байжээ. Сэтгүүл зүй цэвэр, сэтгүүлчид зоригтой, чөлөөт ардчилсан сэтгүүл зүй ид цэцэглэн хөгжиж байсан үе бол Ц.Дашдондов МЧАСЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэр он жилүүд билээ.

2002 онд сэтгүүлчдийн хоёр байгууллага нэгдэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл байгуулагдахад МСНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжлөгдсөн Ц.Дашдондов 2005 онд МҮОНРТВ-ийн анхны Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдож анхдугаар хурлыг нь даргалж байсан нь сэтгүүлчдийн хамтын тэмцлийн нэг үр дүн төдийгүй “Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэн нэгэн эрх мэдэлтнийг царайчилж гуйж хүртэх хишиг биш. Түүнийг тэмцэж олох жамтай” хэмээх үгийн баталгаа болон түүхэнд үлдэж байна.

“Чөлөөт хэвлэл бол их хурц зэвсэг. Үүнийг чаддаг нь л эзэмшинэ үү гэхээс чадахгүй хүн эзэмших юм бол балаг тарина шүү дээ!” Энэ үгийг Ц.Дашдондов байн байн хэлж сануулдаг. Угаас “Чөлөөт хүн ард, чөлөөт хэвлэл” гэдэг ганцхан өдөрт бий болдог зүйл биш. Өнөөгийн залуусын цөөнгүй хэсэг нь “цаг ямагт чөлөөт хэвлэлтэй байж, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх боломж мөнхөд байсаар ирсэн” мэт ойлгож, өмнөх үеийнхнийхээ хийж бүтээснийг гадныхны хүрсэн амжилттай харьцуулан буруутгах нь сошиал талбарт цөөнгүй ажиглагддаг. Гэтэл өнөөгийн залуусын хувьд чамлалтай санагдаж буй энэ бүхэн ч ганцхан өдөрт бий болоогүй юм. Өнөөдрийн хүрсэн амжилт ололт бүрийг ядаж ийм хэмжээнд нь хүргэхийн төлөө тэр үеийн залуус болон дунд, ахмад үеийнхэн золиос гаргасан, тэр дундаа “чөлөөт хэвлэлийн хувьд маш адармаатай бөгөөд хүнд бэрх замыг туулж ирсэн болохоос, шулуун дардан замаар амар хялбар явж ирээгүй юм шүү” гэдгийг ухаарахад оройтоогүй байна.

СЭТГҮҮЛЧ, НИЙТЛЭЛЧ Ц.ДАШДОНДОВ

Ц.Дашдондов сэтгүүлч болох замаа бичгийн орчуулгаар эхэлсэн нь сонирхол татдаг. Орос хэлийг сурч мэдэхийн хэрээр орчуулга хийж орон нутгийн болоод төвийн сонин хэвлэлд мэдээ мэдээлэл, өгүүллэг, тууж нийтлүүлэх, залуучуудын байгууллагын ажлыг удирдах явцдаа шинэ зүйлд суралцах боломжийг нээх зэргээр цаг ямагт өөрийгөө хөгжүүлж ирсэн түүнийг Намын дээд сургуулийн /НДС/ сэтгүүлчийн ангид сургажээ.

Тэрбээр 1971 онд сургуулиа онц дүнтэй төгсөөд “Үнэн” сонинд хуваарилагдан очиж сэтгүүлчийн ажлын гараагаа эхэлж байв. Тун удалгүй Намын төв хорооны мэдлийн боловсон хүчний хувьд “Пионерийн үнэн” сонин, Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцын эрхлэгчээр томилогдов. Аливаад ул суурьтай ханддаг, удирдан зохион байгуулах авьяас чадвартай, ирээдүйд сайн сэтгүүлч болох магадлалтай хэмээн суралцаж байхдаа л анхааралд өртсөн нь лавтай. Учир нь тэр үеийн удирдлагууд сайн боловсон хүчнийг олж тохирсон ажилд нь томилон улсын ажлыг урагшлуулахын төлөө чармайдаг сайн талтай байсан билээ.  

Дашдондов гуайн өөрийнх нь тодорхойлсноор “Гар нийлсэн гавшгай, товхийсэн хамт олных нь” бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Ганди, Н.Дариймаа, Л.Жамбалсанжид, Я.Сумъяа, С.Надмид, Д.Давааням, Д.Даваадорж нарын шилдэг сэтгүүлч, зохиолчид шигшигдэн ажилласан байдаг. Тэд сонин, сэтгүүлээ сайн гаргахын төлөө эрвийх дэрвийхээрээ чармайсны хүчинд “Пионерийн үнэн” сониныг захиалан уншигч 120 мянга байснаа 200 мянгад хүрч, “Залгамжлагч” сэтгүүл 30 шахам мянган уншигчтай болж, шинээр “Пионерийн удирдагч” сэтгүүлийг эрхлэн гаргах болжээ.

Ц.Дашдондов Монголын хүүхэд багачууд, өсвөр үеийг багаас нь алс хэтийнх нь амьдралд бэлтгэхэд хэрэг болохуйц мэдээлэл хэвлэн нийтэлж, тэдэнд орчин цагийн боловсрол олгох, тодруулбаас техник технологийн дэвшил, гадаад хэлний мэдлэгт эртээс дасгаж эзэмшүүлэхийг зорилт болгон ажилласан байдаг. Үүний тулд эрдэмтэд, нийгмийн зүтгэлтэн, шилдэг сурган хүмүүжүүлэгчдийг редакц дээрээ байн байн урьж хүч туслалцааг нь авч, үг сургамжийг нь сонсдог байсны жишээнд ШУА-ийн Ерөнхийлөгч асан, алдарт физикч, академич Д.Цэрэн, доктор, профессор Д.Цэвэгмид, Чой.Лувсанжав, С.Лувсанвандан, Ч.Санчир, хөгжмийн зохиолч Г.Бирваа, багш Б.Бор нарыг дурдаж болно. Тэд ярилцлага өгөх, нийтлэл бичих, зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах зэрэг хэлбэрээр редакцын ажилд үнэн сэтгэлээсээ идэвхтэй оролцдог байсан учир хүүхдийн хэвлэлийн хуудас Монголын сор болсон ухаантнуудын үг сургамж, сонирхолтой ярилцлага, нийтлэл өгүүллээр халгиж цалгидаг байлаа. Академич Ц.Дамдинсүрэн гуай хүртэл “Жомбоо хүүгийн намтар”-аа навтрагаар нь өгч цувралаар хэвлүүлэхийн сацуу карт хөтлөх арга туршлагаа харамгүй хуваалцахад нь уншигчид ихэд олзуурхдаг байсан билээ. Энэ бүхэн Ц.Дашдондовын холч бодол ухаан, өргөн далайцтай найрсаг хамтын ажиллагаа, ирээдүй хойчоо гэсэн чин сэтгэл, хичээнгүй зүтгэлийнх нь илэрхийлэл болж байсан учраас удирдаж буй сонин сэтгүүлүүд нь ч, удирдлагад нь ажилладаг ажилтнууд нь ч төр засгийн өндөр шагнал хүртэж, ажилтнуудад нь гадаадад суралцах боломж нээгдсэн байдаг.

Энэ бүхнээс хамгийн их хожсон нь Монголын хүүхэд багачууд байсан юм. Хүүхдийн хэвлэлээр дамжуулан мэдлэг мэдээллээ тэлж байсан азтай хүүхдүүдийн нэг нь бичигч би вээр гэдгийг ч бас хэлэх ёстой. Хэвлэл захиалж, ном уншдаг хүүхдүүдийн мөрөөдөл “том” байсан юм. “Сансар огторгуйд аялна”, “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөн ирж эх орноо хөгжүүлнэ” гэсэн чин хүсэл тэмүүлэл хүүхэд бүрийн цээжинд оршдог байсан гэхэд дэгс болохгүй. Энэхүү хүсэл тэмүүллийг өдөөж ирээдүйдээ итгэх итгэлтэйгээр сурч боловсрох замд хөтлөгч нь хүүхдийн хэвлэлүүд байж чадсан агаад Ерөнхий эрхлэгчийн баримталсан нийтлэлийн бодлого үүнд асар их нөлөөтэй байсныг зориуд тэмдэглэн хэлэх ёстой билээ. 

Ц.Дашдондов эрхлэгч бичиж туурвих билиг авьяастай хүүхэд хаана байгааг хайж тодруулан хөхиүлэн дэмжиж, өсч хөгжихөд нь анхааран туслахыг чухалчилж, ажилтнуудаасаа үүнийг үргэлж шаарддаг байсан нь талаар болоогүй аж. Хамгийн сонирхолтой нь, хүүхдийн хэвлэлийн хуудаснаа авьяасаараа товойж танигдсан тэр цагийн идэвхтэн сурвалжлагч хүүхдүүдээс нэрт сэтгүүлч, зохиолч, гоц үзэгдэл судлаач, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид, чөлөөт хэвлэлийн төлөө тууштай тэмцэгч, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, яруу найрагч Б.Энхтуяа, эрдэмтэн Р.Чүлтэмсүрэн нарын олон алдартан төрөн гарсан нь бахархалтай. 

Гэвч нэг л өдөр арав гаруй жил эрхэлсэн ажлаасаа гарах болов. А.И.Филатоватай үг сөрдөг болсноос үүдэлтэй улс төрийн гэмээр шалтгаан үүнд нөлөөлсөн гэдэг. 1984 онд Монголын сэтгүүлчдийн холбооны хороонд Нарийн бичгийн даргаар очиж Прагад төвтэй Олон Улсын Сэтгүүлчдийн байгууллагаас гаргадаг эв санааны нэгдлийн сугалааны үндэсний Эмиссийн комиссыг толгойлохын зэрэгцээ сэтгүүлчдийн сургалт семинарыг хариуцдаг болов.  

Удалгүй “Үнэн” сониндоо эргэн очиж ажиллах болсноор Ц.Дашдондовын үнэнийг эрэлхийлсэн нийтлэл өгүүллүүд нь олны хүртээл болж, нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлж эхэлсэн түүхтэй. Нийгмийн байгуулал солигдож, цаг үе өөрчлөгдсөнөөр чөлөөт сэтгүүлч болж, төдий л удалгүй сэтгүүлчдийн шинэ байгууллага МЧАСЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Ц.Дашдондовыг Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн хөгжлийн түүчээ болох замд хөтөлсөн байдаг. Эрин цаг өөрийн хүнээ төрүүлсэн нь энэ болой.  

“…Монголд чөлөөт хэвлэл хөгжүүлэх үйл хэрэгт гүн орж хутгалдсан нь миний амьдралын асар адармаа сонирхолтой, сонин содон мөчлөг байсан…” хэмээн ”Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл” хэмээх дурсамж номондоо тэр бичсэн байдаг. Гэвч чухам тэр өөрөө шинэ тутам хөгжиж байсан Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн түүхэн дэх хамгийн сонин содон “гол дүр” төдийгүй асар адармаа сонирхолтой, хүнд бэрх замаар сэтгүүлчдийг замчлан хөтлөсөн оюун санааны удирдагч нь байжээ гэдэг нь өнөөдөр тодрон харагдаж байна.

Монголчууд оюун санааны эрх чөлөөний өргөн дардан замыг нээж чадсан ч тэрхүү замаараа хэрхэн зөв явахаа гүйцэд ухаарч амжаагүй байсан тэр цаг үед МЧАСЭ-ийн ерөнхийлөгч Ц.Дашдондов бичсэн нийтлэл өгүүлэл, хэвлэлд өгсөн ярилцлага, олон нийтэд сурталчлан таниулж ирсэн илтгэл, тайлбар таниулга, орчуулсан бүтээл бүрээрээ шинэ цагийн чөлөөт сэтгүүл зүйн үндсэн суурь зарчмыг сонгодог утгаар нь ойлгуулахын төлөө чармайж, Монголд чөлөөт ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө уйгагүй ажиллаж ирсэн болох нь хэвлэлийн хуудаснаа түүх болон үлдэж, бүтээл туурвил бүрт нь мөнхлөгджээ.

Ц.Дашдондов дурсамж номондоо “…Ардчилал, хүний эрхийн гол шалгуур, тулгуур зарчим, үндсэн үзүүлэлт болох чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг өөрийн оронд жинхэнэ утгаар нь /in genuine sense/ хөгжүүлэх нь бидний идеал зорилго байсан. Хүсэн мөрөөдөж зорин тэмүүлэх зүйл маань энэ л байлаа. Үүний төлөө хийсэн тэмцэл, тавьсан хүчин чармайлт маань бас чиг талаар болоогүйг батлах үүднээс баримт түшиж ярья. Үүнд:

Монгол Улс 1998 онд хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай болсон. Энд бид бүгдийн оролцоо, хувь нэмэр багагүй. Үгүйдээ л хуулийн төсөлд бусдын туршлагыг тусгаж, санал бодлоо шингээсэн. Дуншиж өвдөөд гарахгүй, дутуу төрчих гээд болохгүй байсан хуулийг гацаанаас гаргаж хурдавчлахын төлөө байдгаараа чардайж чадах бүхнээ хийсэн. Дэмжлэг гаднаас хүсч, дээдсүүдэд шахалт үзүүлж шавдуулсан. …Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ач холбогдол, үр дагавраар асар чухал байсныг зориуд цохож тэмдэглэх нь зүйтэй. Тэр хууль ондоо олон хуулийн өмнүүр орж яригдахаар онцгой хууль! Хэвлэлийн хууль гарангуут гадаадынхнаас бидэнд хандах хандлага эерэгжиж эрс өөрчлөгдсөн. Freedom House-ийн 2000 оны дүгнэлт судалгаагаар Монгол Улс хэвлэлийн бүрэн эрх чөлөөт орны эгнээнд багтаж дэлхий даяар зарлагдаж байсан удаатай.

PS: Харамсалтай нь саяхнаас “хагас эрх чөлөөт” хэмээн тооцогдох болсон нь тоогүй. 1990-ээд оны хэвлэлд ил тод мэдрэгдэж байсан тэрхүү цовоо цойлгон, цоглог дайчин, ажил хэрэгч чанар эдүгээ алдагдаж ихэнх сэтгүүлчид эрх баригчдад илүүтэй үйлчилж, тэдний халаасны хараат гэгдэхээр хувирч худалдагдсаны балаг хүн ардад хүндээр тусч хохирч байхад завсарт нь увайгүй улстөрчид хожсоныг ухралт гэхээс өөрөөр юу гэх вэ дээ. Тэр ч бүү хэл манипуляци, цензур, пропаганда гэх зэрэг ардчилсан оронд цээрлэдэг зүйлс амилж сэргэх янзтай болсон. Энд би зарга үүсгэх гээгүй л дээ. Зарчим ярьж байна…” хэмээн бичжээ.

Тийм ээ, 90-ээд оны цовоо цойлгон, цоглог дайчин, ажил хэрэгч сэтгүүл зүйн хандлагыг бий болгоход хүчин зүтгэж, сэтгүүлчдийн зориг зүрх, үнэн мэдрэмж, шударга хандлагын эрүүл орчныг бүрдүүлж байсан гол хүчин зүйл нь тэр өөрөө буюу түүний үйл хэрэг байсан гэхэд хэтийдсэн болохгүй. Чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн зарчим хэвлэлийн хуудаснаа тасралтгүй мэдээлэгдэж нийтлэгдэн, телевизийн эфир, радиогийн долгионоор хүн бүхэн үзэж сонсож байхад хэн үүнийг шууд зөрчиж зүрхлэх билээ. Бүх нийтийн ойлголт нэгэн чигт хандаж, эрх чөлөөгөөр бүрэн дүүрэн амьсгалж байх цагт буруу хазгай бүхэн содон анзаарагдаж, тэр дороо л нам дарагддаг байлаа. Ийм цаг үе байсан нь үнэн юм. Тухайн цаг үеийн энэ таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд оюун санааны хөтөч нь төдийгүй удирдагч, залан чиглүүлэгч нь болж байсан хүн бол МЧАСЭ-ийн ерөнхийлөгч, нөлөө бүхий нэрт сэтгүүлч, нийтлэлч Ц.Дашдондов байжээ гэдэг нь өнөөгийн өндөрлөгөөс өнгөрсөн лүү өнгийхөд нэн тод анзаарагдаж, мэдрэгдэж, ойлгогдож байгааг энд зориуд цохон тэмдэглэхийг хүсч байна.

“Сэтгүүлч хүнд бүргэдийн хурц нүд, шонхорын эр зориг, барын бадрангуй дүүлэлт, загасны соргог мэдрэмж, чонын хурдан хөл хэрэгтэй”. Ц.Дашдондов гуай өөрөө яг л ийм сэтгүүлч. Сэтгүүлчийнх нь хувьд түүнийг бүрэн дүүрэн тодорхойлох энэ л үгсээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан бичсэн нийтлэлээ гарчигласан нь санамсаргүй хэрэг биш буй за. Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, утгын таяг тулж ирсэн тэрбээр афоризм болтлоо тогтоогддог үгсээр бүтээж туурвидаг авьяаслаг сэтгүүлч, өргөн далайцтай сэдвээр бичиж нийгмийг доргиодог хатуу шулуун үгтэй ч хүнлэг эеврүү чанартай ховор нийтлэлч, мэдлэгийн их оргил өөд тэмүүлсэн эрдэмтэн судлаач ажээ.

Ц.ДАШДОНДОВЫН ТУХАЙ СЭТГҮҮЛЧИД ЮУ ХЭЛЭВ?

Сэтгүүлчид сэтгүүлчийнхээ тухай ярьж, бичиж, нийтлэх нь тун ховор үзэгдлийн нэг. Харин өөр мэргэжлийн хүмүүсийн тухайд бол өдөр бүр л бичиж мэдээлдэг онцлогтой. Тийм учраас сэтгүүлч сэтгүүлчийнхээ тухай буюу одоогоос бараг 16-18 орчим жилийн тэртээ МЧАСЭ-ийн ерөнхийлөгч Ц.Дашдондовын талаар тэр үеийн сэтгүүлчид юу ярьж байв гэдэг нь сонирхол татсан юм. Энэ бол Дашдондов гуайн хувьд сэтгүүлчдийн байгууллагыг толгойлж явсан үе нь учир тухайн цагийн үнэлэмж, сэтгүүлчдийн хэлсэн үг энэхүү судалбар хөрөгт орон зайгаа эзлэх ёстой хэмээн үзсэн билээ. Зохиогч Г.Энхбаатар, зураглаач Г.Байгалмаа, Ц.Туяа, Эвлүүлэгч Д.Туул, Дууны найруулагч Б.Самбуудорж, Дууны оператор Р.Цэрэнлхам, Редактор М.Буяндэлгэр нарын бэлтгэсэн “Ер бусын байхаас яах вэ” хөрөг найраглалд ярилцлага өгсөн сэтгүүлчдийн үгээр Ц.Дашдондов хэмээх эрхмийн Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг тодорхойлъё.

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн захирал Ц.Энхбат: ГОЛ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ЧАДСАН, ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ИХ ТУУШТАЙ ЯВЖ ЧАДДАГ ХҮН

“Дашдондов гуай бол их өвөрмөц хүн л дээ. Хүмүүс Дашдондов гуайг одой профессор гэдэг юм. Би бол тэрийг их оносон нэр гэж боддог. Энэ нь их мэдлэг рүү, шинэ зүйл рүү тэмүүлсэн асар их мэриймтгий, шантаршгүй, аливаа юмны төлөө тууштай явдаг, хамгийн гол нь шинийг эрэлхийлдэг, сайн сайхныг бүтээе гэсэн бүтээлч хүний шинж чанар. Дашдондов гуайг гаднаас нь харахад жижигхээн биетэй хүн л дээ. Томоо гэгчийн ширэн цүнх барьчихсан, том хар раамтай нүдний шил зүүгээд энгийн хувцасласан хүн байгаа. Тэр том ширэн цүнхэн дотор нь юу байдаг вэ гэхээр маш их ном, цаас, ноорог, тэр хүний одоо бэлдэж байгаа, бичиж байгаа сэдэвт холбогдолтой материалууд, олон санаа бодол энэ дотор нь нэгдчихсэн явдаг. Тэгэхээр үргэлж ажиллаж байдаг, юмаа өөрөө авч явдаг ийм хүн. Ажил дээр нь ороод үзвэл Дашдондов гуайн ширээ бас их замбараагүй. Санаануудаа маш их тэмдэглэж авч үлддэг. Олон хүнтэй уулздаг, олон санаа боддог, нэг тийм алт эрдэнэс хайдаг хүнтэй адилхан л даа. Санаа хайж байгаа нь ч харагддаг. Олон хүн янз бүрийн л юм хэлж байгаа байх. Ер нь бол гол зорилгоо тодорхойлж чадсан, түүнийхээ төлөө их тууштай явж чаддаг хүн.

Дашдондов гуай янз бүрийн этгээд харьцаатай. Хүнийг шүүмжилсэн ч гэсэн зүгээр нэг шүүмжилдэггүй. Аливаа нэг юмыг сайжруулъя гэсэн үүднээс шүүмжилнэ. Хүнийг загнасан ч гэсэн тэр хүнийг хайрласандаа, санаа нь бол сайн санааны үзүүрт тос гэдэг шиг тийм өвөрмөц чанартай хүн. Өнгөрсөн жил Дашдондов гуай ардчилсан хүчний анхдагчдын нэг Дарь.Сүхбаатарыг алгадсан байгаа юм. Энэ нь юу гэхээр, Ардчилсан холбоо эвслийнхний амласандаа үл хүрсэн явдалд эгдүүцсэндээ, дургүйцсэндээ алгадсан юм болов уу. Яг Дарь.Сүхбаатарт дургүйцэж байгаа үйл явдал биш л дээ. Дарь.Сүхбаатар Дашдондов гуайд хайртай хэвээрээ. Энэ жижигхээн биетэй харьцангуй настай хүнээс тийм өндөр биетэй сайхан залууг алгадчих эр зориг, хүч гарна гэхэд бол бас хэний ч санаанд ормооргүй явдал. Өөрөө бас “Экстра ординарный” гэдэг шиг “ер бусын нөхцөлд ер бусын байх ёстой” гэж хэлдэг. Үүндээ тохирсон алхмуудыг хүчтэй хийж чаддаг хүн байгаа юм.

Өнөөдөр нийгмийг хэн эмчилдэг юм бэ гэдэг бол их чухал асуудал л даа. Нийгмийг эмчилдэг хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. Хэвлэл мэдээлэл хэчнээн эрүүл, хүчтэй, бие даасан байна, тэр хэмжээгээрээ нийгэм угаасаа эрүүлжиж байгаа юм. Тэгэхээр энэ нийгмийг эрүүлжүүлж, эрүүл саруул урагшлуулахад ямар хүний оруулсан хувь нэмэр их байна вэ гэдгийг бас эргэж тооцох ёстой” хэмээн ярьжээ.

“Өнөөдөр” сонины ерөнхий редактор Б.Пүрэвдаш: ДАШДОНДОВ БОЛ МОНГОЛД ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫН САЛХИЙГ ХАГАЛАЛЦСАН ХҮНИЙ НЭГ

“Одоо хүмүүс “бүх хэвлэлүүд чөлөөт болчихлоо” гэж ярьж байгаа. Гэтэл Дашдондов гуайн үзэл бодол гэдэг талаасаа ч юмуу, тэр тэмцлийнх нь үүднээс үзэх юм бол хэвлэл еще чөлөөлөгдөөгүй. Яагаад гэвэл хэвлэлүүд аль нэгэн хүчний харьяалалд байна, төрийн хэвлэлийн үлдэгдэл хэвээрээ байна гэж яриад байдаг. Энийг бол би зөвшөөрдөг. За ер нь ямар хэвлэл чөлөөт хэвлэл вэ гэдэг тал дээр Дашдондов гуайн үзэл бодол их зөв байдаг гэж би боддог. Энэ нь юу вэ гэхээр, аль нэгэн хүчнээс хамааралгүй, чөлөөтэй, нөгөө талаас замбараатай хэвлэл бол чөлөөт хэвлэл. Би энэ замбараа гэдэг үгийг ямар утгаар хэрэглэж байна вэ гэхээр нийгэмдээ ач тусаа өгдөг, түүнээс биш садар самуун ч гэдэг юмуу бичээд байдаг биш, ийм хэвлэлүүд л өсөн торних, цаашдаа хөгжих ёстой гэсэн ийм үзэл бодол дээр л Дашдондов гуай хатуу зогсдог хүн. Дашдондов гэдэг энэ хүн бол Монголд өөрчлөн байгуулалтын салхийг хагалалцсан хүний нэг гэж би боддог” гэжээ. 

“Нэг номер” сонины эрхлэгч Н.Лхагва: МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАЖ ӨГСӨН

“Монголын сэтгүүлчдийг дэлхийн тавцанд гаргаж өгсөн гэж хэлэх үндэстэй. Яагаад гэвэл Брюссельд төвтэй ОУСХ гэдэг нь дэлхийн бүх улс орнуудын чөлөөт хэвлэлийнхэн нэгдсэн ийм байгууллага юм. Тэгэхээр энэ байгууллагад МЧАСЭ-ийг элсүүлэхэд, улмаар бага хугацааны дотор хоёрдугаар зэргийн гишүүн байснаа жинхэнэ гишүүн болоод манай Наранжаргал гэдэг сэтгүүлч энэ олон улсын сэтгүүлчдийн байгууллагад тэргүүлэгч гишүүнээр бүс нутгийг хариуцсан сонгууль хүлээчихсэн байгаа нь энэ Дашдондов гэдэг сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх, энийг үнэлэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Сэтгүүлч Х.Наранжаргал: ДАШДОНДОВ ГУАЙГ МОНГОЛ ДАХЬ ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ХЭМЭЭН ХҮНДЭТГЭЖ ЯВДАГ

“Анх Дашдондов гуай Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан эхний жилүүдэд, ялангуяа энэ өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал эхэлж байсан 80-аад оны сүүлчээр “ер нь чөлөөт хэвлэл гэдэг чинь юу байдаг юм бэ, яагаад ардчилсан нийгэмд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх, чөлөөт хэвлэл нь бодитой зүйл байх шаардлагатай вэ” гэдэг талаар өөрийнхөө ярилцлага, бичиж нийтлүүлж байсан материал зэрэгтээ маш тодорхой өгүүлсэн байдаг. Түүнээс гадна Дашдондов гуай “Чөлөөт хэвлэлийн Харти”, “Чөлөөт сэтгүүлч гэж хэн бэ”, “ОУСХ-ны тунхаглал”, “Сэтгүүлчдийн ёс зүйн баримтлах зарчим” зэрэг дэлхий нийтээрээ хэвшиж, мөрдөж дагадаг чухал баримт бичгүүдийг монгол хэлнээ орчуулсан.

Ер нь амьдралынхаа явцад ч юмуу, заримдаа хүний үзэл бодол өөрчлөгддөг л дөө. Гэтэл Дашдондов гуай бол анх 80-аад оны сүүлчээр эхэлсэн тэр чөлөөт хэвлэлийн төлөөх үзэл бодолдоо туйлын үнэнч. Өнөөдөр гэхэд, жишээ нь анхнаасаа чөлөөт хэвлэл гэж дуугарч байсан зарим хүмүүс байр сууринаасаа ухарчихаад, чөлөөт хэвлэлийн талаар янз бүрийн шүүмжлэл ярьдаг л даа. Тэгэхэд Дашдондов гуай бол хамгийн гол нь, өнөөдөр яагаад нөхцөл байдал ийм байна вэ гэдгийг яг бодитойгоор үнэлж дүгнэж чаддаг. Яагаад гэвэл өөрөө цаад юмаа маш  сайн мэдэж байна. Тийм ч учраас чөлөөт хэвлэлийн эрх ашиг, хэвлэл мэдээллийн болоод мэдээллийн эрх чөлөөний энэ гол үзэл баримтлалаасаа хэзээ ч няцдаггүй. Тэрийг үргэлж дагаж, өөрөө ч гэсэн үргэлж мөрдөж явдаг ийм хүн.  

Өнөөдөр бид анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний хуультай боллоо. Тэгэхэд энэ хуулийг бий болгох, чанартай сайн хууль гаргахын төлөө Дашдондов гуай болон түүний удирдаж байгаа МЧАСЭ их хувь нэмэр оруулсан. Үүний дараа иргэдийн мэдээлэл хүртэх эрх, сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн тухай бусад хууль тогтоомжуудыг цааш нь үргэлжлүүлэн батлах ёстой гэдгийг Дашдондов гуай өнөөдөр амьдрал дээр урган гарч байгаа практик зүйл дээр үндэслэн ярьдаг. Сэтгүүлч нөхөд нь, манай эвлэлийн гишүүд Дашдондов гуайг Монгол дахь чөлөөт хэвлэлийн Загалмайлсан эцэг хэмээн хүндэтгэж явдаг юм” хэмээн ярьжээ.

Ц.Дашдондовын тухай сэтгүүлчдийн нийтлэг байр суурийг “Ер бусын байхаас яах вэ” хөрөг найраглалд ийнхүү өгүүлдэг.

“…Дашдондов эгзэгтэй асуудлаар, бүр тодруулбал төр засаг, түүний алдаа дутагдал, дампуурлын тухай, чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний тухай, орчин үеийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний тухай чөлөөтэй үгээ хэлж, үзэл бодлоо эцээхэн илэрхийлэх гэхээрээ харилцан ярилцах, ярилцлага өгөх хэлбэрийг олонтоо сонгон авч чадамгай ашиглаж ирсэн юм. Үүний үнэмшилтэй жишээ болгож “Ажил нь сайн байхад муу гээгүй харин муу байхаар нь л муу гэж байна”, “Өөг нь өөхөөр бөглөх гээд байх хэрэггүй”, “Удирдлагын улыг долоогч Үйлдвэрчний эвлэлтэй байсан цагт эгэл түмний эрх ашиг хохирсоор л байх болно”, “Толгойны эргээн дээр тогтсон Үйлдвэрчний эвлэл” гэх зэрэг олон бүтээлийг нэрлэж болох юм. Дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийн хандлагын дагуу ингэж интервью-г өндөрт өргөж, зохих байр суурийг нь баттай эзлүүлсэн нь Монголын сэтгүүл зүйд Дашдондовын оруулсан бас нэгэн чухал хувь нэмэр билээ. Дашдондовын бичсэн зүйл, туурвисан ном, хэвлэлд өгсөн ярилцлага, сэтгүүлч сурвалжлагчдын асуултанд өгсөн хариулт зэргээс алиныг нь ч авч үзсэн түүний өргөн мэдлэг, амьдралын баялаг туршлага, зарчимч байр суурь, эгэл түмний эрх ашгийг дээдэлдэг зэрэг чухам л мэргэжлээ хүндэтгэдэг, ёс зүйгээ сахидаг сэтгүүлч хүнд байвал зохих эрхэм чанар нь мэдрэгдэж байдаг. Үйл явдал өрнөх тусам, нөхцөл байдал өөрчлөгдөх бүрийд Дашдондов улс төрийн торгон мэдрэмжтэйгээр ямагт зөв чиг баримжаатай байж хэний ч нөлөөнд автахгүйгээр хэлэх юмаа гудиггүй хэлж, бичих юмаа бичиж байдаг. Тэгэхдээ өөрөө дагнан бичих хэв загварыг үе үе эвдэж ярилцлагын хэлбэрийг өргөн ашиглаж байсан нь сонирхол татаж байдаг юм…” гэжээ.

Нэвтрүүлгийг бүтээсэн сэтгүүлчид МЧАСЭ-ийн ерөнхийлөгч Ц.Дашдондовоос ярилцлага авч чөлөөт хэвлэлийн талаарх байр суурийг нь дэлгэрэнгүй яриулжээ.

МЧАСЭ-ийн ерөнхийлөгч Ц.Дашдондов: ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ ХЭДИЙ ЧИНЭЭ ХӨГЖИНӨ, НИЙГЭМ ТӨДИЙ ЧИНЭЭ ЭРҮҮЛ БАЙДАГ

“Чөлөөт хэвлэлийн зам бол их хүнд хэцүү, халтиргаа гулгаатай, өгсүүр уруутай, дэржигнүүртэй алдах магадлал нь их тийм зам шүү дээ. Тэгэхээр юмны бол гэрэлтэй талаас нь уулын бол өндрөөс нь харах хэрэгтэй л дээ. Чөлөөт хэвлэлийн замд бол туршлагатай, туршлагагүй, учир мэдэх мэдэхгүй, мэргэжилтэй мэргэжилгүй залуу насны голдуу улсууд ороод ирсэн л дээ. Тийм болоод ч тэр юмуу алдах тохиолдол нэлээд байгаа. Тэрийг бол зөвтгөж болохгүй л дээ. Жишээ нь хүн гүтгэж болохгүй гэдэг шиг, ул үндэсгүй худлаа юм бичиж болохгүй. Хүний нэр төрийг гутааж болохгүй. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. За тэр мэргэжлийн этик ёс зүйгээ бол нарийн сахих ёстой. Мэргэжилдээ үнэнч, мэргэжлээ хүндэтгэдэг, мэргэжилдээ хайртай, ёс зүйгээ сахидаг тийм сэтгүүлч бол ерөөсөө уншигч, үзэгч, сонсогч олон түмний эрх ашгийг л хамгаас дээгүүр тавих ёстой.

Тэгэхээр алдаж байгааг нь зөвтгөх хэрэггүй, алдаж байгааг нь хүлээн зөвшөөрөх ёстой ч гэсэн нийгэмд энэ чөлөөт хэвлэлийн авчирч байгаа ашиг тус нь алдаж байгаагаасаа хамаагүй их байгаа юм шүү дээ. Ер нь өнөөгийн Монголын нийгэм ямаршуу байгааг та нар төсөөлж л байгаа. Авлигал, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, далд эдийн засаг, далд бизнес л гэж байна. Өөр бузар булай юм зөндөө. Ер нь авлигал гэдэг чинь малчны хотонд, жирийн ажилчны хооронд байдаг зүйл биш. Дээд түвшиндээ л байдаг юм, ерөөсөө. Гэхдээ бүр ил байдаггүй учраас илрүүлэх гэж чөлөөт хэвлэлийнхэн алдаж онож байгаа ч гэсэн, бас заримдаа голчтой хэлчихэж байгаа. Гэхдээ гол буруутан нь “би тэгээгүй” гээд байгаа юм л даа. Тэр чинь хамгийн нууц болдог зүйл болохоор бас батлахад их хэцүү. Хэдийгээр чөлөөт хэвлэлд худал юм их гарч байна гэсэн яриа их тараадаг боловч, тэр алдаж байгааг нь далимдуулаад жинхэнэ гэм буруутан бол дүйвээнд нь “шар хэвлэл намайг гүтгэсэн” гээд өөрийгөө зөвтгөж гарчих гээд, далимдуулж завшчих гээд байгаа юм.

Хэвлэл сонин хэнд зориулагддаг юм гэхээр олон түмэнд л зориулагддаг юм шүү дээ. Тэгэхээр гол дүгнэлт бол эндээс л гарах ёстой. Тийм учраас хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хүн ардын нэлээд хэсэг нь чөлөөт хэвлэлийг бас их үнэлдэг, хүндэтгэдэг болсон юм шүү. Хэрвээ чөлөөт хэвлэлгүй байсан бол өнөөдөр ер нь ямаршуу хачин хүнд, хөөрхийлөлтэй байдалд энэ Монголын нийгэм орох байсан гэдгийг бодохоос аймшигтай байгаа юм л даа. Товчдоо бол. Тэгэхээр чөлөөт хэвлэл хэдий чинээ хөгжинө, нийгэм төдий чинээ эрүүл байдаг. Өнөөдөр ер нь олон түмний ярьж байгаагаас үндэстэй ойлгож байгааг нь бид иш татаад ярихад бол шүүх нь шүүх шиг биш, хуулийнхан жинхэнэ тэр ёсоороо ажиллаж чадахгүй, дээд албан тушаалтнууд, тухайлбал Их хурлын зарим гишүүд. Би тэднийг бүгдийг нь муучлахыг хүсэхгүй байна л даа, тэдэн дунд сайн хүмүүс бий, олонхид. Цөөнхөд ч сайн залуучууд бий. Гэхдээ нэлээд нь ёс бус, хатуугаар ярих юм бол ард түмний эрх ашгаас урвасан маягтай, хувийнхаа эрх ашгийг, ер нь Их хурлын гишүүний албыг амьдралаа дээшлүүлэх тэр л зорилгод анхны өдрөөсөө ашиглаж, бараг тийм зорилго тавьсан юмуу гэмээр хачирхалтай байдалтай байсаар байгаад тэр нь одоо харин даравч дардайхаар ийм байдал руу хүрчихээд байгаа юм л даа. Тэрийг нь хэн хэлж байна гэвэл чөлөөт хэвлэл хэлж байгаа юм шүү дээ.  

…Хэвлэлийн эрх чөлөөг бол төр засаг сайндаа түгээж байгаа хэрэг биш юм. Үүнийг тэмцэж олох ёстой. Энэ тэмцэл бол хүнд бэрх бөгөөд хэцүү байх болно. Хэрвээ тухайн хүн аймхай хулчгар бол ер нь чөлөөт хэвлэлийн замд хөл тавих хэрэггүй. Тийшээ зүглэхийн ч хэрэггүй. Улс төр, иргэний зориг зүрхтэй байж, учир их мэддэг байж, дахиад давтан хэлэхэд мэргэжлийн асар өндөр түвшинд, ёс зүйгээ нарийн чанд сахисан байдалд сэтгүүлчийн нийгмийн үүрэг гэж одоо хэт үнэлэхийн аргагүй тийм чухал юмны төлөө зүтгэж яваа хүмүүс болох учраас цаашдаа энэ үүрэгтээ их үнэнч зүтгэж, эгэл түмний эрх ашгийг хамгаас дээгүүрт тавьж ажиллах явдал хэрэгтэй болно л доо…”

Энэхүү ярилцлагадаа Ц.Дашдондов чөлөөт хэвлэлийн талаарх өөрийн үзэл бодол, байр суурь, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг задлан шинжилсэн дүгнэлт, чөлөөт хэвлэлийн замд тохиож буй саад бэрхшээлийн талаарх эмзэглэл, чөлөөт хэвлэлийн нийгэмд өгч буй үр өгөөжийн талаар нэн тодорхой илэрхийлсэн ажээ. Харин Ц.Дашдондовын бүтээл “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан Англи-Монгол, Монгол-Англи толь”-ийн оршилд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Ц.Энхбат бичихдээ “…Ц.Дашдондов нь манай нэрт сэтгүүлч төдийгүй ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө тууштай тэмцэгч нийгмийн томоохон зүтгэлтэн билээ. Тэрээр ардчиллын тулгуур зарчмын нэг болох чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрх чөлөөний үзэл санааг нийгэмд түгээж, ач холбогдлыг нь олон нийтэд таниулах, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүртээх, түгээх, хэвлэн нийтлэх зэрэг хүний эрхийн үндсэн зарчмыг баталгаажуулах, чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр “Чөлөөт хэвлэлийн Харти”, “Ардчилсан сэтгүүл зүйн соёл”, “Сэтгүүлчдийн дагаж мөрдөх ёс зүйн зарчмууд” гэдэг өнөөдөр ардчилсан, хараат бус, олон ургальч сэтгүүл зүйд дэлхий нийтээрээ дагаж мөрдөж буй чухал чухал баримт бичгүүдийг эх хэлнээ орчуулж, нийтийн хүртээл болгосон билээ. Чухам ийм учраас ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын шагналыг анхлан түүнд хүртээжээ…” хэмээн тодорхойлсон бол “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгчийн зөвлөх Г.Бямбажал “Сэтгүүл зүйн хийгээд олон хэлний толь бичиг, ном зохиол туурвиж Монголын сэтгүүл зүй, гэгээрэл, шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан шүү! Чи аль ч талаараа Монголын түүхэнд мөрөө баттай үлдээж чадсан жинхэнэ бодгаль…” хэмээн чин сэтгэлийн үгээ бичсэн нь өдгөөгөөс 15 жилийн өмнө. Энэ мэтчилэн Ц.Дашдондовт хаягласан сэтгэлийн үгс үл дуусам агаад нэн их ажээ.

Дал сонины нэгэн дугаарт 2003 оны тавдугаар сарын 26-нд болсон “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үгийг нийтэлжээ. Үүнээс Монголын чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг үнэлж дүгнэсэн хэсгийг нь иш татвал… “…Монголын төр, засгаас чөлөөт хэвлэлийг ардчилсан тогтолцооны нэгэн үнэт зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, хяналт, зааварчлагын хуучин арга барилаа орхиж, хэвлэл, мэдээллийн ажлын төлөвших үйл явцыг цаг үетэй нь холбон ойлгож, бие даалтыг нь дэмжиж, халамжтай хүлээцтэй байх зарчмыг баримталсаар ирсэн. Одоо хариуцлагатай байхыг сануулах эрхтэй…” гэжээ.

Энэ үе бол Монголын төр, засгаас чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн ололт амжилтыг хүлээн зөвшөөрсөн, чөлөөт хэвлэл байх ёстой гэдгийг ухамсарлаж ойлгосон цаг үеийг гэрчлэх түүхийн нэгэн хуудас юм.

Энэхүү түүхийн гол дүр Дашдондов гуай ч “Сэтгүүлч хүн юу хийх ёстой, юу хийх ёсгүй, яаж ажиллаж болох яаж ажиллаж болохгүйгээ маш сайн мэддэг байх хэрэгтэйг” байнга сануулж ирсэн бөгөөд “Чөлөөт хэвлэлүүд гэхэд л бидний хүсэн хүлээсэн олон чухал зүйлийг өгсний зэрэгцээгээр огт хүсэн хүлээгээгүй зүйлийг ч авчирлаа” хэмээн дүгнэж Монголын чөлөөт хэвлэлийн гол ололтыг “Чөлөөт хэвлэл бол хүн чанарын шалгуур” хэмээх томоохон нийтлэлдээ дүгнэн бичиж байв. Ц.Дашдондов МЧАСЭ-ийн ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож 11 жилийг үдэхдээ ихийг үзэж ихийг бүтээжээ. Монголын чөлөөт хэвлэл эзэнтэй, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүй оюун санааны удирдагчтай явж ирсэн нь гагцхүү түүний гавьяа билээ.

“ҮГСЭЭР ЗЭВСЭГЛЭГЧ ПРОФЕССОР” БУЮУ ТОЛЬ ЗҮЙЧ ЭРДЭМТЭН Ц.ДАШДОНДОВ

“Ихэнх хүний алдрай бага нас аз жаргалаар дүүрэн байдаг бол харамсалтай нь минийх тийм байж чадаагүй. Хар багаасаа л хатуу тавилантай учирч, энэрэлгүй хорвоогийн элдэв гашууныг амссан. 1930-аад оны сүүлээр Жавхлант Шарга аймгийн Дарханхаан сумын /одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум/ нутаг Өрвөл уулын өвөрт орших өвөлжөөнд Борын Арилдий гэгч айлд Ундрахын Бөмбөн гэгч бүсгүйн алаг махны нь тасархай, алтан ясны нь хэлтэрхий болж заяасан ч тэр дороо бусдад үрчлэгдсэн…” хэмээн түүний дурсамж ном эхэлдэг. Эцэг эхдээ дээлтэй төрсөн үр нь болон заяасан Дашдондов хүү эцгээс өнчирч, эхдээ харах нүд нь болж явсан өсвөр бага насандаа эрдмийн оргилд тэмүүлэх их хүсэл мөрөөдөл өвөрлөж ая тух, нөхцөл бололцоо гэлгүй эрдэм номд шамддаг нэгэн болж төлөвшсөн нь эртний явдал. Тэрбээр гадаад хэлд шимтэн шамдах нэгэн үзүүрт буцаж няцашгүй оролдлого, хичээл зүтгэлийг даалимбан дээлтэй даавуун цүнхтэй сурагч байхдаа л өөриймшүүлж чадсан байдаг. Орос хэлний аугаа сайхныг мэдэрч, хэлтэй бол хөлтэйн амьд үлгэрийг таньж, сурсан шиг сурахын төлөө мэрийж явахдаа “бяцхан профессор” хэмээх нэр авсан нь хожмын толь зүйч эрдэмтэн, ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн хүндэт доктор, “Үгсээр зэвсэглэгч профессор” хэмээн өргөмжлөгдөх замынх нь эхлэл байсан юм.

Ц.Дашдондов 1952 онд Сүхбаатар аймгаас Дорнод аймаг руу сувилагчийн сургуульд явсан нь түүний өмнө ирээдүйн гэрэлт замыг нээжээ. Тэрбээр анагаахын нарийн мэргэжлийн хичээл, орос, латин хэл үзэж сувилагчаар бэлтгэгдсэн бөгөөд орос багш нараар хичээл заалган сургуулиа онц дүнтэй төгссөн байна.

1953 оны 6 дугаар сарын 5 бол түүний хувьд онцгой өдөр. Энэ өдөр Сүхбаатар аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн сувилагч хэмээх эгэл атлаа энгүй чухал, энэрэлт буянт үйлсэд хүчин зүтгэж анхны цалингаа ээждээ авчирч өгөөд магнай тэнийлгэн баярлуулсан гэдэг.

Үүнийг өгүүлсний учир гэвэл, хүний зовлон жаргал хийгээд хүн чанар гэдгийг эмнэлэгт ажилласан арван нэгэн жилд олж харж яс махандаа хүртэл ойлгож авсан Ц.Дашдондовын ухаарал эндээс эхтэй гэдгийг тодотгох гэсэнтэй холбоотой. Сэтгүүлч До.Чулуунбаатарын “Хүн судар” цуврал-5 буюу “Монголын шилдэг сэтгүүлчид-1” цувралд нийтлэгдсэн “Ялж дийлэхийн ухаан” хөрөг таталбарт энэ тухай хэрхэн өгүүлснийг иш татъя.

“…Хэчнээн сэхлүүн бусдыг дорд үздэг нэгэн ч өвдөөд ирэхээрээ ямар арчаагүй дорой, аврал эрсэн амьтан болдгийг тэрбээр тэнд л харсан ажээ. Бас хүний нүдэнд үл өртдөг номой ядруу нэгэн тулсан цагт бусдын төлөө амиа золихоос ч буцахгүй болон чангарч байхыг ч биеэр үзэв. Ер нь л хүн гэдэг ямар аугаа их хийгээд арчаагүй дорой болохыг, цагаа ирэхээр өөр хоорондоо ямар адил болохыг мэдэрсэн шиг мэдэрсэн. “Хүн яаж ч явж мэдэх хорвоо юм байна. Би мэдэлтэй, би хөрөнгөтэй гэж бардаж бусдыг дорд үзэж хэзээ ч болохгүй. Хэн ядуу дорой байна, түүнд болж л өгвөл туслах хэрэгтэй юм байна. Ер нь тэгээд хүний дор орохоор явж болохгүй нь. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ээж минь дандаа хэлдэг шүү дээ” гэх бодол Дашдондов хүүд эмнэлэгт ажилласан тэр жилүүдэд төржээ…”

Тийм ээ, мэдлэгийн их оргил өөд тэмүүлж яваа хүн юуг ойлгож мэдрэх ёстой вэ, тэр бүхнийг мэдэрч ойлгосон он жилүүдийнх нь эхлэл энэ байсан аж. Ер нь эрдэм мэдлэг гэдэг дан ганц ном уншиж ойлгоод сурч мэдэхийн нэр биш билээ. Нийгмээ, амьдралыг, хүмүүсийг, тэдэнд тохиолдож буй саад бэрхшээл, асуудал шийдлийг таньж мэдэх нь эрдэм номд шамдах хэнд боловч нэн чухал. Тийнхүү таньж мэдэн, ухаарч ойлгосноор мэддэг чаддаг бүхнээ хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө зориулах хүсэл эрмэлзлэл хүнд бий болдог. Ийм хүсэл тэмүүлэл өвөрлөж гэмээнэ тэр хүнд эрдмийн ноён оргилд мацах сэтгэлийн хат сууж, танин мэдэхийн төлөө цаг хором бүрийг зориулж чадах билээ.

Чухам ийм чанар цэл залуухан Дашдондовт хэдийнээ бүрэлдсэн байлаа. Тэрбээр сувилагчаар ажиллаж байхдаа цаг баримтлахдаа гаргууд, ажлаа ном горимынх нь дагуу чанартай хийж гүйцэтгэн, өвчинд шаналсан хүмүүстэй хүнлэг энэрэнгүй харилцах, тэдэнд үнэн сэтгэлээсээ туслах тал дээр онцгой нэгэн байсны зэрэгцээ гадаад хэл сурахад бүхий л чөлөө заваа зориулдаг байсныг тухайн үед хамт ажиллаж байсан эмнэлгийн ажилтнууд дурсан ярьсан байдгаас “Алсаас бараатай уул” хөрөг нэвтрүүлэгт Ө.Долгорсүрэнгийн өгсөн ярилцлагыг толилуулъя.   

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Ө.Долгорсүрэн:

“…Сувилагч хүн гэдэг чинь тэр үед их хариуцлагатай. Тариагаа хийнэ, эмээ уулгана, ороолт боолтоо хийнэ, хүүхэд эх барьж авна, тал бүрийн л юмнуудыг хийдэг байсан л даа. Тэр болгонд Дашдондов их нямбай. Хөдөлмөрчид хүнийг үнэлдэг шүү дээ. “Энэ жаахан баньд юманд их нямбай, цаг их барьдаг, цагийн тариаг цагт нь хийдэг, цагийн эмийг цагт нь өгдөг энэ их айхтар хүүхэд шүү” гээд ярьдаг байсан. Тэр үед чинь арьс өнгөний отряд гээд ард түмний эрүүл мэндийг сайжруулна, өнгөний өвчнийг арилгана гэсэн нэг ийм отряд гарлаа ш дээ. Тэгэхэд тэнд Дашдондов серологийн лаборантаар ажиллаж байсан юм. Арьс өнгөний отрядад их сайн ажилласан гээд Дашдондов тэр үед Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан. Манай аймгийнхан Дашдондовыг “жаахан Дашдондов, жаахан профессор” гэж ярьдаг байсан юм л даа. Би одоо Сүхбаатар аймгийнхантай уулзах юм бол ингэж хэлмээр санагддаг. “Та нарын өнөө жаахан Дашдондов чинь, жаахан профессор гээд байсан хүн чинь томоос том доктор, гавьяатай том хүн болсон байна шүү. Та нарын тэр ерөөл, мөрөөдөл чинь их сайн биелэгдсэн байна аа” гэж хууч хөөрмөөр байдаг юм…” гэжээ.

Дашдондов сувилагчаас ариутгагч, эмнэлгийн хэлтсийн тоо бүртгэгч, цаашилбал улсын ариун цэврийн байцаагч, больницийн лаборант гээд ямагт дэвшин ажиллаж ирсэн аж. Тэр үед ажилдаа сэтгэл зүтгэлтэй хандсан хүнийг дэвшүүлж улам илүү хариуцлагатай ажилд тохоон томилдог байсан цаг шүү дээ. Энэ олон төрлийн хариуцлагатай ажлыг хийхийн сацуу орос хэлд улам ихээр шамдан, бичиж туурвих, орчуулах ажлынхаа эхлэлийг тавьж чадсан гэхээр ямар их оргилуун хүсэл, сурч мэдэхийн төлөөх тэмүүлэлтэй залуу хүн байв аа гэдэг нь ойлгогдоно.

Ц.Дашдондов орос хэлний шалгалтаа амжилттай өгч нийгмийн халдварт арьс өнгөний өвчинтэй тэмцэж устгах отрядад орос эмч нартай хамт ажиллах болов. Мэндэлсэн ч, ажлаа ярьсан ч орос хэлийг байнга ашиглах болсон нь нэг талаар ховор завшаан байлаа. Отрядаар явж байхдаа серологийн шинжилгээ хийхийн сацуу орос эмч нарт орчуулга хийнэ. Хэд хэдэн аймагт ажилласны эцэст отряд нь ажлаараа шалгарч Д.Батсүх дарга нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Ц.Дашдондов сувилагч Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан байна.

1960 онд түүнийг Сүхбаатар аймгийн Улаан загалмай нийгэмлэгийн хорооны орлогч даргаар томилов. Улаан загалмайн гол үүрэг нь эрүүл ахуйн сурталчилгаа байсан тул ЗХУ-д гардаг анагаахын чиглэлийн хэвлэлүүдийг ашиглан лекц, ярианы сэдэв олноор бэлтгэж хэвлэн төв хөдөөд түгээж, аймгийн сонинд гаргана. Төв, орон нутгийн хэвлэлүүдэд ч бичдэг болов. Хоменкогийн “Хайр дурлалын тухай тууж”-ийг орос хэлнээс орчуулж аймгийнхаа “Урагшаа” сонинд 13 дугаар дамнуулан хэвлүүлжээ.  

Хийж бүтээх оргилуун хүслэн, ид хав, эрч хүчээр дүүрэн залуу боловсон хүчнийг дахин дэвшүүллээ. Тэрбээр Бүрэнцогтын уурхайн эвлэлийн хорооны даргаар ажилласан юм. Энэ үедээ МХЗЭ-ийн 65 жилийн ойн баяр ёслол, улмаар XV их хуралд төлөөлөгчөөр оролцож МХЗЭ-ийн Төв хорооны дарга Ч.Пүрэвжавын анхааралд өртсөн нь түүний цаашдын зам мөрийг тодорхойлсон байдаг.

Хүүхдийн хэвлэлүүдийн нэгдсэн редакцын эрхлэгч байхдаа “Толь хүү” хэмээх анхны толь бичгээ Монголын хүүхдүүдэд зориулан туурвиж Л.Түдэв даргаараа редакторлуулан олны хүртээл болгожээ. Ерөөсөө түүний хувьд сэтгүүл зүйн бодлого боловсруулах, удирдан чиглүүлэх, бичиж туурвих ажлын эхлэл нь хүүхдийн хэвлэлтэй салшгүй холбоотой юм. Амьдралын хүнд бэрхийг туулан сурч мэдэхийн төлөө тэмүүлж явсан бага насаа тэр боддог л байсан байх. Хүүхэд гэдэг сурч мэдэхийн ямар их хүсэл тэмүүлэлтэй байдгийг өөрийн биеэр амсаж мэдэрсэн учраас л Монголынхоо хүүхэд багачуудын төлөө, тэднийг мэдлэгийн их далайд сэлүүрдэхэд нь нэмэр болъё гэсэн чин сэтгэлийн угаас ажилдаа хандаж ирсэн нь түүний дараа дараагийн амжилт бүтээл, ахиц дэвшил бүрт нь онцгой ихээр нөлөөлсөн байж таарна.  

Амьдрал мэддэг хүний ухаан бодол уужим дэлгэр, наана цааныг тухайлан харж тооцоолж явдаг жамаар хүүхдүүдийн төлөө хэмээн эхлүүлсэн бүхэн нь бүх нийтийн төлөө болон хувирч, тэр хэрээрээ Ц.Дашдондов хэмээх эрхэм хүний бүтээл туурвил нь өргөн далайцтай, өрнүүн эрч хүчээр дүүрэн болсон дүр зураг харагдах ажээ. Сэтгүүлч До.Чулуунбаатарын бичсэн “Ялж дийлэхийн ухаан” хөрөг таталбарт энэ тухай тодорхой өгүүлсэн байдгаас иш татъя. Үүнд:

“…Яваа яваандаа хэлний аль хэцүү, шим шүүс хуралдсан хэсэг болох өвөрмөц хэллэгийг ухаж ойлгож, дүйлгэж адилтгахад шатрын нүүдэл хийхийн дайны бэрхтэй зүйлд шохоорхон шунах болжээ. “Зүгээр байхад зүүгээр хатгаж, зүлгэн дээгүүр тоос манаргах”, “Айлын юм амттай, авгай нь хүртэл дагина”, “Ишгэнд эр гаргах, шаазанд сүх далайх”, “Нутаг нутгийн зан өөр, нуга нугын өвс өөр”, “Ууранд ус нүдэх, тулгаа үдээрээр үдэх”, “Шүүрэн шанагаар ус юүлэх”, “Сүүдэртэйгээ уралдах” гэх зэрэг Монгол зүйр цэцэн өвөрмөц үгийг шүр сувд шиг түүж орос, англи дүйцэх үгийг нь модны хээ нийлүүлэх адил олж эхлэв. Түүнээ 1983 оноос нэг мөр хөөжээ. Ном бүтээлийнхээ хавсралт маягаар хийж явснаа 1987 онд “Монгол-Орос-Англи өвөрмөц хэллэгийн бэсрэг толь” гэдэг бие даасан номоо бичиж доктор, профессор Чой.Лувсанжав гуайгаар редакторлуулав…”

“…Дашдондов гуай “Уламжлал”, “Шинжлэх ухаан, техникийн дэвшил, бие хүний оюуны хөгжил” зэрэг томоохон бүтээлийнхээ хавсралт болгож нэр томьёо, өвөрмөц хэллэг, ертөнцийн гурвын Монгол-Орос-Англи бичил зүүлт хийж толь бүтээх ажлаа эхэлсэн гэж болохоор. Томоохон толь хийх бэлтгэл болгож арав гаруй бэсрэг толь хийжээ. Бараг гар аргаар бүтээсэн тэр толиуд нь нэн хэрэгцээтэй, тэгсэн хэрнээ баргийн толь бичгээс огт олдохооргүй сонин содон, ховор зэвэр, хачин гойд үг, хэллэг оруулсан онцлогтой…” гэхчлэн өгүүлжээ.

Ц.Дашдондов хэл шинжлэлийн салбарт хийж бүтээсэн нөр их ажлаа хэзээ ямагт үндсэн ажлынхаа хажуугаар, зав чөлөө гарах бүрийд орхигдуулахгүйгээр уйгагүй хийж ирсэн бөгөөд улмаар судалгааны гол ажлаа болгосон нь өдгөө хэдэн арваар тоологдох даацтай бүтээлүүд болон олны хүртээлд хүрчээ. Ягштал цаг баримтлан, чөлөө зав л гарвал ном шагайж, үгийн утгыг эрж сурвалжлан суудаг нөр их ажлынхаа хажуугаар өнөөгийн сэтгүүл зүйн үг хэллэгт төрөлх хэлээ төгс мэдэхгүйн гачлан нүүрлэсэнд сэтгэл зовнин явдгаа томоохон нийтлэл, өгүүлэлдээ илэрхийлэн засаж залруулахыг хичээдэг энэ эрхэм ганц биеэрээ лавтайяа таван хүний хийх ажлыг хийж бүтээсэн нь дамжиггүй юм.  

Өөрөө бол “Хүний хийдгийг л хийсэн, гэхдээ хэн хүний чаддаггүйг ч бас хийсэн…” хэмээн даруухан тодорхойлдог. Гэвч толь бүтээнэ хэмээх онцгой адармаатай агаад асар бэрх ажлыг гагцхүү өөрөө толь хийж үзсэн хүн л ойлгох билээ.

Ц.Дашдондовын “Монгол-Англи өвөрмөц хэлц, хэллэгийн их гарын толь”-ийн өмнөх үгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, доктор Л.Түдэв бичихдээ “Үгсээр зэвсэглэгч” хэмээн гарчигласан байна. Тэрбээр “…Эрт дивангарын цагт грек, дундад зууны сэргэн мандалтын үед латин, арваннаймдугаар зуунд франц хэл манлай болж байсан бол XXI зуунд англи хэл нь даяаршлын гол хэл болох юм байна. Тэр хэлийг өнгөц бус жинхэнээр эзэмшээсэй гэж монголчууддаа санаа тавьдаг, бүүр бүх амьдралаа энэ үзлийг барьж түүнд хүрэх морийг нь сойж яваа цөөхөн монгол эрдэмтдийн нэг нь энэхүү “Англи-Монгол хэлний адил утгат өвөрмөц хэллэгийн тайлбарт толийг” бүтээгц доктор Цэдэндоржийн Дашдондов юм. Тэрээр бага залуу наснаасаа, өнгөрсөн зууны далаад он буюу гучаад жилийн тэртээгээс орос, англи хэлийг сурах хүүхэд залууст зориулж өврийн толь бичиг бүтээж эхэлсэн юм. Анхны толь бичгүүдээ малчин, ажилчин залууст зориулснаараа тэр монголчуудыг хаанаас нь хэнээс нь эхлэн “хэлд оруулахаа” нарийн тооцон бодсоных юм. Эхлээд тэрээр үгийг үгээр тайлсан энгийн толь хийж байлаа. Гэвч тун удалгүй сэтгэлгээний шинэ түвшинд дэвшиж үгийн олон утгад нэвтрэх, өвөрмөц хэллэгийг тайлахад чиглэсэн чанарын огт өөр, дээд зэрэглэлийн толь хийж эхэлсний нэг нь ийнхүү уншигч таны мутарт шилжлээ. Өвөрмөц хэллэгийн толь бол толь болгоны дотроос хамгийн ярвигтай нарийн нь юм. Өвөрмөц хэллэгийн толийг уул хэлийг маш сайн мэдэж байж л хийдэг ёстой…

…Аливаа хэлэнд адил бичлэгтэй, ижил утгатай бас нэгийг хэлээд нөгөөг ойлгуулдаг өвөрмөц хэллэг үлэмж их байдаг болохоор түүний мөн чанарыг ухаараагүй бол бэлчээрийн хэл сурсан ч гэсэн оюуны хэл мэдэхгүйтэй ижил юм. Сурах, мэдэх хоёрын ялгаа үүн дээр л гардаг буюу Монгол хэлээр “ам” гээд биччихсэн байхад хүний ам юм уу, уулын ам юм уу, савны ам юм уу, хэл амын ам юм уу ер алийг нь гэхэд хэцүү шиг л тийм маягийн англи үгийн утгын гүнд нэвтрүүлэхийн тулд Ц.Дашдондов энэхүү толийг бүтээжээ. Зарим өвөрмөц хэллэг тавь жаран өөр утгыг агуулсан байдаг. Тэгвэл тэр бүхнийг олж мэдэж, монгол дүйцэл онооно гэдэг үнэндээ тамын ажил. Гэвч Дашдондов зорьсондоо хүрэхийн тулд ямар ч тамыг туулах тэсвэр хатуужил, зүтгэл чармайлт, махруу чанар нэвчсэн нэгэн. Тэр л онцлогоороо өөр хэнтэй ч зүйрлэхэд бэрх хүн гэдгийг бага залуугаас нь мэдэхийн хувьд бардан хэлэх байна. Тэрээр ганц энэ толийг хийж байгаа биш урьд нь хэд хэдэн чамбай толь бичиг зохиосон. Тэдгээр нь цөмөөрөө анхдагчийн зэрэглэлд багтах бүтээлүүд юм. “Монгол-Орос өврийн толь” /1979, “Монгол, орос, англи өвөрмөц хэллэг” /1987/, “Монгол англи шинэ тайлбар толь” /2001/ гэхчлэн дурдаад байвал нэлээн хэдэн толь бичиг энд жагсаахад хүрнэ. Түүний бүтээсэн толиуд нь өмнө гарсан өөр толиудтай огт адил бус, бас ээдрээтэй хэцүү үгнүүдийг зориуд хайж олоод “нухчин номхруулах” гэсэн юм шиг сонин бүтэц бүрэлдэхүүнтэй байдгаараа ижилгүй юм.

…Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Цэдэндоржийн Дашдондов бол монголчуудыг олон үндэстний үгсээр зэвсэглэх үйлсийн профессор юм. Тэрээр мэдээллийн зууны мэдээлэл хангамжийн гол цэнэг, үндсэн хэрэглүүр буюу даяаршлын тэргүүлэх хэл болох англи хэлний өвөрмөц хэллэгүүдийн учир зангиаг үндэс угсаа нэгтэндээ тайлж өгөхөд тус хүргэж байгаагаараа буянтай басхүү гавьяат үйлстэн мөн” хэмээн тодорхойлжээ.

Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой хэмээх энэ буюу.

 Ц.Оюунчимэг2018 оны 8-р сарын 21

“Зиндаа” сэтгүүл № 11, 12 / 511, 512

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here