Ц.Дашдорж агсны 240 гаруй эд хэрэгсэл Говь-Алтайн музейд хадгалагдаж байна

0

Говь-Алтай аймгийн Орон нутгийн судлах музей “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-ын дэмжлэгээр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж агсны нэрэмжит танхимтай боллоо.

Тус аймгийн Цээл сумын уугуул, УИХ, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож байсан Ц.Дашдорж агсны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн 240 гаруй үзмэрийг уг танхимд дэлгэн олны хүртээл болгож буйг музейн эрхлэгч С.Оюунзул онцлон танилцууллаа.

Тус музей 2019 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд уг танхимыг түүний үр хүүхдийн санаачилга “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-ын дэмжлэгээр үзэсгэлэн болон сургалт зохион байгуулдаг танхимдаа нээн тохижуулжээ. Өмнө нь уг танхимд эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамба агсны гэр музей байрлаж байсан бөгөөд өдгөө тус танхимыг тогтмол ажиллуулахаар өөр танхимд байршуулсан байна.

Музейн эрхлэгч С.Оюунзул:

“Жилд 5-6 удаа энэхүү танхимд ховор үзмэрүүдийн үзэсгэлэн дэлгэдэг. Мөн үеэр Ч.Лодойдамба агсны эдлэл хэрэгслийг түр хугацаанд буулгадаг сан хөмрөгтөө байршуулдаг байсан бол өдгөө уг танхимыг байнгын ажиллагаатай болгосон. Харин цаг үеийн үзэсгэлэн болох үеэр Ц.Дашдорж агсны эд өлгийн зүйлийг сан хөмрөгтөө байршуулан ховор үзмэрүүдээ ард иргэдэд дэлгэн үзүүлнэ” гэлээ.

Тохижилтын ажилд Монголын үндсэний музейн аргазүйчид гар бие оролцон орчин үеийн шийдлээр тохижуулахад зөвлөн тусалсан байна.

Нарангэрэл.Э

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?