Хийсэн юмтай хүн хэлэх үгтэй байдаг

0
6

Аав ээжийн ачлалт хүү

Жагдагийн Оюунбаатар Хэнтий нутгийн унаган хүү. Долоон хүүхэдтэй өнөр өтгөн бүлийн элэг бүтэн, мөр цагаан амьдрал дунд хөл тэнцсэн түүний хүүхэд нас зөв амьдралын эхлэл байлаа. Аав нь Өндөрхааны сангийн аж ахуй, аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газар зэрэг байгууллагуудад нягтлан бодогч хийн насаараа тоотой нөхөрлөсөн эгэл даруу нэгэн. Ээж нь цагдаагийн газар насаараа ажилласан. Аль алиных нь алба шудрага, хариуцлагатай байхыг шаардана. Боловсон хүчний шүүлт шалгуур хатуу чанд цаг үед хэн хэн нь ажил албаа нэр төртэй хашиж байсан нь эднийхэн удмаараа шудрага, хариуцлагатай, итгэл даах чадвартай хүмүүс байсны нотолгоо юм.
Оюунбаатарт хүүхэд насны олон сайхан дурсамж, бас бахархал бий. Тэрээр цагдаагийн дүрэмт хувцсаа жигтэйхэн цэмцгэр өмсдөг ээжээрээ бахархаж өсчээ. Бас аав, ээжийгээ баярлуулахсан гэж чин сэтгэлээсээ хичээдэг байжээ. Олон ч удаа баярлуулсан. Сургуулийн босго алхангуутаа ангийн дарга болж, онц сурч, сайны жишээнд нэрээ дуудуулж баярлуулсан. Зуны амралтаараа биеийн амрыг харж хэвтэлгүй, ажил хийж, хөдөлмөрөө үнэлүүлж баярлуулсан. Хүний дайтай яваагаа алхам тутамдаа харуулж, үртэй хүний жаргалыг өдий хүртэл эдлүүлж яваа.
Энэ бүхний дундаас онцгой дурсамжтай нэгэн түүх бий. Тэрээр хоёр гуравдугаар ангийн жаахан хүү байхдаа улсын баярын үеэр эмэгтэй хүний гоёмсог даашинз сугалаагаар хожжээ. Ногоон, шар өнгө алагласан гоёмсог даашинзаа элгэндээ наан Хүнсний үйлдвэрийн архан талд байх гэррүүгээ чавхдаж явсан тэр мөч түүний сэтгэлд кино мэт тодхон харагддаг. Ээжийгээ баярлуулах гээд ухаангүй гүйж явсан тэр балчир хүү өөрөө чухамдаа амьдралд заяасан азын сугалаа мэт нэгэн байжээ. Өдгөө тэрбээр наян насны босго руу ойртож яваа настан буурал аав, ээжээ дэргэдээ халамжилж, үрийн буяныг эдлүүлж байгаа ачлалт хүү билээ.

Аяа эмээгийн хөдөлмөрч хүү

“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” хэмээн монголчууд хэлэлцдэг. Ажилсаг айлын үр хүүхэд ажилсаг, залхуу айлын хүүхдүүд алхай байдаг нь бичигдээгүй хууль. Тийм болохоор монголчууд үр хүүхдээ хар багаас нь “Ажил хийвэл ам тосдоно” хэмээн сургадаг.
Жагдагийн Оюунбаатар шоргоолж мэт ажилсаг нэгэн гэдгийг олон хүн мэднэ. Энэхүү хөдөлмөрч чанар хаанаас эхтэйг харин тэр бүр мэдэхгүй. Тэрээр 3 настайдаа нагац өвөөгийнхөө төрсөн дүү Цэгмидийнд очиж, гар хөлийнх нь үзүүрт хөдөлж ажил сурсан нэгэн. Аяа хэмээн авгайлдаг Цэгмид эмээ нь тэгэхэд САА-н ногоочин байлаа. Оюунбаатарыг ихэд эрхлүүлнэ. Гэхдээ хайрлалаа гээд хатуу хүтүүгээс хол байлгасангүй. Хар багаас нь ногооны талбай дээр дагуулан очиж зэрлэг зулгаалгаж, ногоо услуулж хат суулгасан нь хожмоо түүнийг шоргоолж шиг хөдөлмөрч нэгэн болохын эхлэл болжээ. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, хөдөлмөрч зангаа өвлүүлдэг монгол ухаан гэдэг энэ билээ. Аяа эмээ ер гар хумхин зүгээр суудаггүй, ариун цагаан хөдөлмөр, ажилч хичээнгүй зангийнхаа ачаар мөнгөлөг хангалуун амьдардаг нэгэн байлаа. Тэр үед хонь хяргавал нэг кг ноосонд засгаас 80 мөнгө өгдөг байв. Аяа эмээ Оюунбаатарыг нэгдүгээр ангид байхаас нь дагуулан хонь хяргуулж сурган сурах бичгийнх нь үнийг өөрөөр нь олуулдаг байсан нь хожмоо зөв амьдрахуйн эхлэл болсон юм.
Ажлын амтыг мэдэрсэн Оюунбаатар хүү 7-р ангидаа зуны амралтаар тоосгоны үйлдвэрт, 8-9-р ангидаа Өндөрхаан сангийн аж ахуйн барилгын бригадад ажиллаж, аль л ажлын хүндийг хийн хувцас, номныхоо мөнгийг өөрөө олдог болжээ. Өөрөө мөнгө олоод зогссонгүй, найз нөхдөө уриалан ангийнхаа
долоо найман хүүхэдтэй зунжингаа ажил хийн “Жагдагийн хүү гэж нэг хэнхэг юм хүүхэд уруу татаад
амраасангүй” гэх зэмлэл сонсож явсан нь буй. Аяа эмээ түүнийг ажилсаг занд сургасан нь алсыг харсан холч ухаан, хаана ч хэзээ ч хэнээс ч гуйхгүйгээр өөрийгөө аваад явчих чадвартай болгосон буянтай үйл байсан аж.

Өвгөдийнхөө үйлсийг үргэлжлүүлж явна

Монгол хүн удмынхаа нэрийг хугалахгүй хэмээн хичээдэг. Ийнхүү хичээснээр муу муухай бүхнээс хол
байж, зөв сайхан амьдарч чаддаг. Удмынхаа нэрийг өндөрт өргөж яваа нэгнээрээ бахархаж, түүнийг
дагаж дуурайхыг хичээдэг. Оюунбаатар бол тийм зөв амьдралтай хүмүүсийн нэг. Тэгээд ч Монгол
төрдөө нэр төртэй зүтгэж ирсэн удмынхаа түүхийг үргэлжлүүлж яваа нэгэн. Ээжийнх нь нагац ах Дэлгэрнасангийн Бямбажав Батноров сумын дарга байжээ. Дараа нь Хэнтий аймгийн даргаар 1935 он
хүртэл ажиллаж, улмаар Улаанбаатар хотноо дэвшин томилогдож Хотын Үйлдвэрчний төв зөвлөлийн
дарга, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг албыг нэр төртэй
хашиж байсан түүхтэй. Төр түмнийхээ төлөө зүтгэж байсан удмын түүхийг өнөөдөр Оюунбаатар зузаалж Хэнтий аймгийн Засаг даргаар нэр төртэй сайн ажилласаан.
Цадиг түүх мэдэх настангууд түүнийг “данагар” Чимэдийн зээ хүү сайн явна аа хэмээн сайшаан магтацгаадаг. Түүний өвөө Дэлгэрнасангийн Чимэд Батноров сумын уугуул бөгөөд сайхан барилддаг, морь сайн уядаг, сайхан дуулдаг, гайхалтай исгэрдэг нэгэн байж. “Данагар” Чимэдийн исгэрээ давааны цаанаас сонсогддог”
хэмээн нутгийнхан ам дамжин хуучилдаг. Нутгийн зон олноос удмынханд нь хайрласан “Данагарынхан”
хэмээх алдрыг Оюунбаатар сэвтээлгүй авч яваа нэгэн.
Өвөө шигээ барилдаж ноцолдоогүй ч гэсэн арвантав зургаан жил морь уяж, олон ч айраг түрүү авч,
Оюунбаатарын хул хэмээх алдарт хурдан ажнайг нь Монгол даяараа мэдэх болсон. Монгол төрдөө чин шударгуу зүтгэсэн, монгол эр хүний үлгэр жишээ нь болж домог мэт амьдарч явсан өвгөдийнхөө үйлсийг тэрээр ийнхүү үргэлжлүүлж, нэртэй төртэй амьдарч явна. Өвгөдийнхөө хүслийг гүйцээж, үйлсийг нь залгамжилж, алдрыг нь дуурсгахаас илүү сайхан юм гэж үгүй билээ.

Өргөн түмнийхээ итгэлийг дааж явна

Хүнийг таних багшийн эрдэм гайхалтай. Нэгдүгээр ангид Буянсүрэн багш түүнийг ангийн даргаар томилсон нь Жагдагийн Оюунбаатар төрөлхийн манлайлагч гэдгийг олж харсан хэрэг байлаа. Багшийн зөв байсныг хожмын амьдралын учрал тохиол болгон баталсан гэж хэлж болно.
Оюунбаатар 1990 онд аймгийн хувьсгалт залуучуудын хорооны дарга боллоо. Улсын төсвөөс
санхүүждэг байсан тус байгууллага 1991 онд үндсээрээ өөрчлөгдөж, олон нийтийн байгууллага
болж хувирсан болохоор хөрөнгө санхүү босгох үүрэг Оюунбаатарын мөрөн дээр буужээ. Чухам энд л Оюунбаатарын нэгэн ховорхон сайн чанар илэрсэн гэж хэлж болно. Хүмүүс тэр үед компани байгуулж хувьдаа хөрөнгө хуримтлалтай болж байсан бол Оюунбаатар харин өөрийн компанийнхаа хилийн худалдаагаар олсон ашгийг дөрөв таван жилийн турш залуучуудын байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан байдаг.

Тэр хэрээр Хэнтий аймгийн Залуучуудын холбооны үйл ажиллагаа богино хугацаанд жигдэрч, нэр хүнд нь
улсынхаа хэмжээнд яригдаж эхэллээ. МЗХ хариуцсан ажилдаа буй бүхнээ зориулдаг түүний үнэнч сэтгэл, шудрага зан, ажилсаг чанарыг үнэлж, 1995 онд төврүүгээ татан авч нарийн бичгийн даргаа болгов.
Тэнд хэдэн жил ажилласныхаа дараа Герман улсын Хамбург хотноо Олон улсын маркетинг менежментийн академийг зах зээл судлаач мэргэжлээр дүүргэхдээ Монголын минь хөгжилд хэрэгтэй юу байна хэмээн үргэлж эрэлхийлж тун бүтээлч суралцсан байдаг.

Энэ нь хожим бизнесийн байгууллага толгойлох, бүхэл бүтэн аймгийн хөгжлийн асуудлыг цогцоор нь удирдаж хэрэгжүүлэхэд үр өгөөжөө чамгүй өгчээ. Худал хуурмагт дургүй, ноён нуруутай, голч шудрага хүн дэлхийн хэмжээний мэдлэгээр өөрийгөө цэнэглэчихээд төр түмнийхээ төлөө зүтгэхэд ямар ихийг бүтээж чаддагийг тэрээр Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж ирсэн он жилүүдэд үйл ажлаараа нотлон харуулж чадсан. Хэнтийчүүд түүнийг хэн бэ, ямархан цараатай сэтгэдэг удирдагч вэ гэдгийг сайн мэддэг, түүний хэлсэн үг талаар өнгөрөхгүй гэдэгт итгэдэг болсон. Итгэлийг нь зүтгэлээр хариулах сэтгэл бий гэдгийг ч бас сайн мэддэг болсон.

Хийсэн юмтай хүн хэлэх үгтэй байдаг

Ж.Оюунбаатар Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан хугацаа хэнтийчүүдийн хувьд их бүтээн
байгуулалтын он жилүүд байлаа. Чингис хотын гэрэлтүүлэг, зам, барилгажилтын хувьд ямар их
өөрчлөлт гарсныг бүгд мэднэ. Зөвхөн орон нутгийн хөгжлийн сангаас л гэхэд 880 төсөл санхүүжүүлж,
“Олимп” цогцолбор, автозамууд, багийн хөгжлийн төвийн барилга зэрэг асар олон бүтээн байгуулалт
хийжээ. “Архигүй Хэнтийчүүд”, “Эрүүл чийрэг Хэнтийчүүд”, “Эрдэм боловсролтой Хэнтийчүүд”, “Цахим
Хэнтий” зэрэг томоохон хөтөлбөрүүд ажил хэрэг болж, үр шимийг нь Хан Хэнтийчүүд бүгдээрээ хүртэж байна.

Цахим засаглалын түвшин, эдийн засгийн дэвшил, бүтээн байгуулалтын ажлаараа Хэнтий бусад аймгаас түрүүлж илүүрхэж байгаа нь аймаг орны удирдлагын зөв бодлого, алсын хараа, зохион байгуулах, манлайлах чадвартай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл зах зээл судлаач хэмээх чухаг мэргэжлийг барууны оронд эзэмшсэн Ж.Оюунбаатар өнгөрсөн сонгуульт хугацаанд өөрийн мэдлэг, хичээл зүтгэл, удирдан зохион байгуулах чадвараа амьдрал дээр “Онц” дүнтэй шалгуулсан гэсэн үг юм.

Санаа зөв бол заяа зөв

“Амьдрал бол шагнал биш учраас хүн өөрөө л зөв явахыг хичээх хэрэгтэй” хэмээн тэрээр нэгэнтээ хэлжээ. Ийм ойлголттой хүний үг яриа, үйл ажилд буруу зөрүү тэр бүр байдаггүй. Тийм ч учраас амьдралд баримталдаг гол зарчмаа “Зөв амьдрах, Шудрага байх” гэж тодорхойлсон байна билээ. Энэ бол өнөөдөр олон монгол хүнд, тэр бүү хэл Монгол төрд өөрт нь ихээхэн дутагдаж буй чанар. Зуугийн талыг наслаж,
амьдралын ухаан сууж, аливаад цочоо нь гарсан төрийн хар хүний буурь суурь түүнээс нэвт мэдрэгддэг.
Ж.Оюунбаатар даруухан хүн. “Би би” гэж хэзээ ч цээж дэлдэхгүй. Аливаа ажлыг чимээ сүр багатай хийнэ. Уурлаж уцаарлахгүй, үглэж яншихгүй, орилж чичирч сүржигнэхгүй. Гэхдээ л ямар ч далайцтай ажлыг санасандаа хүртэл хийж, хүмүүсийг хүссэнээрээ хөдөлгөж чаддаг ховорхон чанар түүнд бий. Удирдагч хүний энэ сайн чанар нь Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд аймаг орон нутагтаа хийж бүтээсэн ажлуудаас нь илүү тодорхой харагдана. “Монголын андгай “За” буй за” хэмээн билгүүн
номч Б.Ринчен нэгтээ дуу алдсан. Монгол хүн “За” гэж хэлсэн л бол түүндээ андгай тавьсан мэт үнэнчээр
хүрдэг гайхам чанарыг бахадсан хэрэг л дээ. Хүний мүс нимгэрэхийн хэрээр бид жудагаа, бас монголоо
алдаж байна. Харин Ж.Оюунбаатар бол монголоороо үлдэж, “Монголын андгай “За” буй заа”-г амьдрал дээр баталж яваа эр хүн. Тэрээр 2000-2006 онд “Цагаан шонхор холдинг” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашсан. Хүнийг өөдтэй өнгөтэй явахад нь намрын ялаа мэт шаваад, өчүүхэн дордохын төдийд сүүдэртээ ч гүйцэгдэлгүй зугатагсад олон байдаг. Чимидийн Энхтайванд асуудал тулгарахад олон хүн тэгж зугатсан. Харин Ж.Оюунбаатар эр хүний жудаг, зангараг, итгэлт сайн андын мүс чанарыг харуулж чадсан.
Амьдралд энэ мэтээр жудаг заасан олон тохиол түүнд буй. Яагаад гэвэл түүний мөн чанар нь тийм билээ.
“Би бялдуучдад дургүй. Худал хэлдэг, хэлсэн ярьсандаа хүрдэггүй хүмүүст дургүй”. Энэ бол Ж.Оюунбаатарын
өөрийх нь үг. Ринчингийн Чойномын шүлгүүд бас л ийм шулуухан, үнэн үгтэй учраас үнэ цэнэтэй байдаг. Түүн лүгээ адил Хэнтий нутгийн улстөрчдийг яг энэ цаг үед өнгөлж яваа хүмүүсийн нэг Жагдагийн Оюунбаатарын үг, үзэл бодол, амьдралд хандах хандлага нь түүнийг монгол төрийн мэргэн түшээ нь байх ёстой хүмүүсийн нэг гарцаагүй мөн гэдгийг хэлээд байнам. Хийсэн юмтай, хэлэх үгтэй Засаг дарга
Ж.Оюунбаатарын тухай цухас өгүүлэхэд ийм буюу. Монгол төрийн сүлд ивээтүгэй!

“Би бялдуучдад дургүй. Худал хэлдэг, хэлсэн ярьсандаа хүрдэггүй хүмүүст дургүй”. Энэ бол Ж.Оюунбаатарын өөрийх нь үг. Ринчингийн Чойномын шүлгүүд бас л ийм шулуухан, үнэн үгтэй учраас үнэ цэнэтэй байдаг. Түүн лүгээ адил Хэнтий нутгийн улстөрчдийг яг энэ цаг үед өнгөлж яваа хүмүүсийн нэг бол Жагдагийн Оюунбаатар юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй Ж.Оюунбаатарын тухай цухас өгүүлэхэд ийм буюу.

“Би бялдуучдад дургүй. Худал хэлдэг, хэлсэн ярьсандаа хүрдэггүй хүмүүст дургүй”. Энэ бол Ж.Оюунбаатарын өөрийнх нь үг. Ринчингийн Чойномын шүлгүүд бас л ийм шулуухан, үнэн үгтэй учраас үнэ цэнэтэй байдаг

 

МУСГЗ, сэтгүүлч,

зохиолч Б.Галаарид

2016 он

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here