“Хаан хүнс импекс” компани Хэнтий аймагт 80 хүний ажлын байр бий болгох үйлдвэр барьж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.01.20/ хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Хаан Хүнс Импекс” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон шинээр хэрэгжүүлж буй “мах боловсруулах” үйлдвэрийн төсөлтэй танилцлаа.

“Хаан Хүнс Импекс” компани нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, герман улсын уламжлалт технологийг өөрийн үйлдвэрт нутагшуулан төрөл бүрийн хиам, утсан махан бүтээгдэхүүн, зайдас зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Анх 3 ажилтантайгаар байгуулагдаж, 2 төрлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлийн гараагаа эхэлж байсан компани өнөөдөр 100 гаруй ажилтантай, хоногт 8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 6 нэрийн дэлгүүр, 21 аймгийн 1000 гаруй дэлгүүр, 120 сүлжээ дэлгүүр, 40 гаруй зах, бөөний төвүүдэд 40 нэр төрлийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч болтлоо өргөжжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа энэ цаг үед хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань эрүүл зохистой махан хүнс үйлдвэрлэл технологийг хөгжүүлж, олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг зорьж байгаа нь сайшаалтай” гэв.

“Хаан Хүнс Импекс” компани Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хоногт 400 бод, 1000 бог нядалж боловсруулах хүчин чадалтай, сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Мах бэлтгэх “ үйлдвэрийн төслийн ажлыг эхлүүлээд байна. Мах болон дайвар бүтээгдэхүүн бэлтгэн боловсруулах нөөцлөх үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 7 мянган тн мах боловсруулж, 80 гаруй ажлын байр шинээр бий болно хэмээн тус компанийн зүгээс хэлэв.



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.