УИХ-ын ДАРГЫН ГЭРГИЙД ЭЭЖҮҮД ЗАХИДАЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЭВ

0
12

УИХ-ын дарга М.Энхболдын гэргий
хатагтай Туяацэцэг танаа 
Улаанбаатар хот 2019-01-05
Танд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын ард түмний төлөөллийн нэгэн хэсэг болох эгэл жирийн ээжүүд, айл гэрийн эзэгтэй нар бид Эх орны эрх ашиг, ард түмний чин хүсэл эрмэлзэл, үндэсний аюулгүй байдлыг ханган хэрэгжүүлэхийн тулд Монгол төрийн цаашдын үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой гэж үзэж, нийгэмд шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулах эрхэм үүргээ ухамсарласны үүднээс энэ алхамыг хийхэд хүрлээ. 
Төрийн хүний гэргий байх амаргүй бөгөөд, нэр хүндтэй энэ ачааг үүрч яваа хатагтай Туяацэцэг таньд ард түмний хүсэл шаардлагын илэрхийлэл болсон энэхүү захиаг илгээж байна: 
Таны хань М .Энхболд Нийслэл хотын дарга, Шадар Сайд, Ерөнхий Сайд, 4 удаа УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын дарга гээд МУ-ын Ерөнхийлөгчөөс бусад төрийн өндөр албан тушаалуудыг олон жил хашлаа. Ингэхдээ сайнаасаа саар нь их дуулдаж ирлээ. 
Байгалийн баялаг МАНАН бүлэглэлийн цөөнхийн мэдэлд шилжиж, ард түмнээс алдагдан, монголчууд амьжиргааны нэг гол эх үүсвэрээсээ саллаа. Утаа, замын түгжрэл, газрын наймаа хэтэрлээ. Шүүх, хууль хяналтын байгууллагууд улс төрийн захиалгаар ажилладаг болж, хууль ёс үгүй боллоо. Төрийн эрхийг хууль бусаар авах 60 тэрбумын хуйвалдаанд оролцсон гэдгээ өнөөгийн УИХ-ын дарга өөрөө хүлээн зөвшөөрлөө /үүнийг 2018-12-19-нд болсон намынхаа бага хурлын дараа төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурал дээр/. Шаардаж болох бүхэн түүнийг огцрохыг шаардсан атал бүх ард түмний эсрэг хэдхэн тойрон хүрээлэгчидтэйгээ сөрөн гөжүүдэлж байгаа нь МАНАН дэглэмийн толгойлогч гэдгийг нь улам баталлаа /үүнийгээ 2018-11-24-ний орой МҮОНРТВ-ээр ярьсан шууд ярилцлагандаа тодорхой хэлсэн/. Ард түмний эрх мэдэл болох УИХ-ын даргын албан тушаалыг хувьчлан өмчилж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авч байгаагийн бас нэг илрэл болж байна. 
Таны ханийн албан тушаал Монголын 3 сая гаруй иргэний эрх ашиг, эх орон, үр хүүхдүүд, хань ижил, хайртай бүхнийхээ итгэл сэтгэлээс хагацахаас илүү үнэ цэнтэй гэж үү. Өнөөдөр залуучууд, иргэд эрс шийдэмгий тэмцэл, өлсгөлөн хийнэ, өөрийгөө золиослоно гэж байна. Эхчүүд эмэтэйчүүд бид ч өлсгөлөн зарлах гэж байна. Бид ажил төрөлгүй, үр хүүхэдгүй, санаа зовох асуудалгүй биш. Өдөр бүр бидний хувьд асуудал бэрхшээлээр дүүрэн байдаг. Бидний дунд олон жил эрүүл нийгмийн төлөө, үр хойчийнхоо төлөө тэмцэж яваа хүмүүс бий. Тэгвэл ахиад л эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлаараа хурц тэмцлийг эхлүүлэхээс өөр сонголтгүй болох гэж байна. 21 аймагт хурц тэмцэл өрнөх гэж байна. Юу ч болж мэдэхээр байна. Ийм зүйлд хүргэхээс таны сэтгэл өвдөхгүй гэж үү. Бүх юм хэмжээ хязгаартай. Таны хань УИХ-ын даргын албан тушаалаа өгөх цаг болжээ. Таныг, өөрийнхөө хань болох М.Энхболддоо нөлөөлж, энэ бүх сөрөг зүйлээс сэрэмжлүүлж бүх арга чаргаа хэрэглээч ээ гэж бид хүсэж байна.

Монгол эмэгтэйчүүд бид цэцэн ухаан, хатан тэвчээр, бат журам, ёс төгс, цэвэр ичимтгий, үрдээ энэрэлтэй, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй, нартад буянтай, номонд баясангуй, эрдэмд шамдангуй гэх олон сайхан эрдмүүдэд төгс суралцсан байдаг билээ.
Тиймээс Та, айл гэрийн эзэгтэй, үр хүүхдүүдийнхээ ачлалт эх, хань нөхрийнхөө гарамгай туслагчийн хувьд, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө санаа зовнин, гэртээ зүгээр сууцгааж чадахгүй байгаа Монголын олон мянган ээжүүдийн өмнөөс сэтгэлээ чилээн бичсэн энэ захидалд анхааралтай хандаж, олон түмний санаа бодлыг сонсохгүй гөжүүдлэн суугаа өөрийнхөө хань Энхболдод ойлгуулан ухааруулж өгөхийг хичээгээрэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Монгол сайхан оронд минь эх үрсийн нулимс бүү урсаасай билээ, эх үрс хамтдаа элэг хамтдаа бүтэн инээд хөөрөөр бялхаж байгаасай.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Монголын эхчүүд эмэгтэйчүүдийн төлөөлөл


А. Алтантуяа-н зураг.


https://www.facebook.com/NoMananRegime/videos/316403792303574/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here