УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн 70 сая төгрөгийн авлигын хэрэг шалгагдаж байна

0
  • -Д.ТОГТОХСҮРЭН ГИШҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ТОДОРХОЙ БАРИМТУУДЫГ БИД АТГ-Т ГАРГАСАН ГОМДОЛДОО ХАВСАРГАЖ ӨГСӨН-

    УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Засаг даргын албыг хашиж байхдаа бусдаас авлига авсан гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн талаар АТГ-аас өнгөрсөн сард мэдээлсэн. Д.Тогтохсүрэн гишүүн авлигын ямар хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар бид өмнөх дугаартаа онцолсон.

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнд бусдаар дамжуулж 70 сая төгрөгийн авлига өгсөн хэмээн АТГ-т барилга угсралтын “Сизу” компанийн захирал Н.Гантулга гомдол гаргаад буй. Түүний өмгөөлөгч О.Санчирбалтай ярилцлаа.

    -“Сизу” компанийн захирал Н.Гантулга гэх хүн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын хүмүүс өөрөөс нь 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдлыг АТГ-т гаргаад байгаа. Уг гомдолд ямар асуудлыг онцолсон байдаг вэ?

    -Энэ хэрэг бол Өвөрхангай аймагт 2016 онд зарлагдсан сургууль, цэцэрлэгийн тендертэй холбоотой.

    Барилга угсралтын “Сизу” компани тус тендерт хамгийн бага үнийн дүнтэй оролцоход тэднийхээс өндөр үнийн дүнтэй “Тэд” гэх компани шалгарсан байдаг. Үүнийг мэдсэн “Сизу” компанийн захирал Н.Гантулга Сангийн яаманд гомдол гаргаснаар уг тендер цуцлагдсан. Ингээд дахиад тендер зарлах болсон.

    Тэр үед Н.Гантулгатай “Гранд эверест” компанийн захирал Д, түүний нөхөр, ШУТИС-ийн проектор С хоёр уулзахыг хүссэн байдаг. Н.Гантулга Д-тэй ажил хэргийн хамтрагч байсан юм билээ. Ингээд 2016 оны сонгуулийн өмнө С, Д нар Н.Гантулгатай уулзсан.

    Уулзахдаа “Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй ярьчихлаа. 70 сая төгрөг өгчихвөл цэцэрлэгийн тендерийг егье гэж байна” гэсэн байгаа юм. Хариуд нь Н.Гантулга “Надад 70 сая төгрөг бэлнээр өгөх боломж алга. Харин та нарт ямар нэгэн болзол байна уу” гэхэд “Тэгвэл тендерийн урьдчилгаа 30 хувийг шууд танай компанийн данс руу шилжүүлье.

    Түүнээсээ гаргаад өгчих” гэсэн байдаг. Цэцэрлэг барих тендерийн нийт үнийн дүн 851 сая төгрөг байсан гэдэг.

    30 хувь нь гэхээр 240 сая төгрөг болж таарна. Уулзалтын дараа сонгууль болсон. Сонгуулийн дараахан уулзалтаар ярьсны дагуу 240 сая төгрөг ороод ирсэн гэж Н.Гантулга ярьдаг. Түүнээсээ нөгөө 70 сая төгрөгөө ч өгсөн байгаа юм. Энэ үеэр авлига өгч байгаа үйлдлийг баримтжуулсан байдаг. Тэр баримтаа АТГ-т өгсөн гомдолдоо хавсаргасан.

    -Тэгэхээр ямар нэгэн тендер шалгаруулалт болоогүй гэсэн үг үү?

    -Тийм. Түүгээр зогсохгүй “Сизу” компанитай гэрээ байгуулаагүй. Тендерийн үнийн баталгаа гэж нийт үнийн дүнгийн таван хувийг компани тусгай дансанд байршуулах ёстой байсан. Түүнийгээ ч байршуулаагүй байхад урьдчилгаа 240 сая төгрөг дансанд нь ороод ирсэн байгаа юм.

    Тэгээд ажил нь ч эхэлсэн. Гэтэл дараагийн санхүүжилт орж ирээгүй гэдэг. Н.Гантулга өөрөөс нь 70 сая төгрөг авсан Д-д хандаж “Санхүүжилт зогсчихлоо. Яах вэ” гэхээр “Удахгүй орж ирэх байх” гэдэг байсан гэсэн. Түүнээс гадна “Засаг дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн болоод явчихлаа. Дараагийн Засаг дарга Г.Ганболд энэ асуудлаар надтай харьцах юм уу гэхэд Д-ийн нөхөр С “Г.Ганболд миний шавь байгаа юм.

    Ямар ч асуудал байхгүй” гэсэн байдаг. Яах вэ энэ хооронд бага сага мөнгө орж ирж байсан гэсэн. Тэдэнтэй харьцаж байсан утасны мессеж зэрэг олон баримт байдаг. Нэг удаа миний үйлчлүүлэгч Д-ээс санхүүжилтээ нэхэхэд өөдөөс нь “Чи надад албан бичиг, нэхэмжлэл өгчих.

    Би Засаг дарга Г.Ганболдтой уулзах гэж байна” гээд албан бичиг хийлгүүлж авсан. Гэтэл удалгүй “Тэр бичиг чинь шаардлага хангахгүй байна. Тамгаа дараад гарын үсэг зурсан албан бичиг л өгчих. Үнийн дүн энэ тэр битгий бич.

    Хэдэн төгрөг шилжүүлэхийг хэлж мэдэхгүй байгаа юм” гэхээр нь үнэмшээд өгсөн гэдэг. Гэсэн ч санхүүжилт нь үргэлжилж орж ирээгүй. Энэ хугацаанд маш их дарамт, хясан боогдуулсан үйлдлүүдийг авлига авсан талынхан гаргаж байсныг гомдолд бичсэн байгаа.

    -Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын санхүүчийг бас энэ хэрэгт татсан гэсэн. Ямар үндэслэлээр тэр хүний эсрэг гомдол гаргах болов?

    -Санхүүч бол Д-ийн төрсөн эгч. Нэг удаа тэр хүн Н.Гантулга руу холбогдож “Би танай компанийн данс руу 30 сая төгрөг хийгээд гаргаад авъя. Өөр компанийн мөнгө байгаа юм” гэсэн байдаг. Н.Гантулга түүнийг нь эсэргүүцсэн. Гэтэл өөдөөс нь ингэж харьцвал манайхаас санхүүжилт олж авна гэж хүлээлтгүй шүү гэх байдлаар сүрдүүлсэн.

    -Санхүүжилт ер нь олгогдсон уу, тэгээд?

    -Ямартаа ч бага багаар хөрөнгө орж ирээд ажлаа дуусгасан. Тэгээд тооцоогоо нийлэхэд 50 сая төгрөгийн зөрүү гарч ирсэн юм билээ. Үүний учрыг Засаг дарга Г.Ганболдоос асуухад “Чамайг Өвөрхангайд байхгүй үеэр чинь чиний гарын үсэг тамга тэмдэгтэй “Гранд эверест” компаниас 160 сая төгрөг хүссэн албан бичиг орж ирсэн.

    Манайд тухайн үед тийм хэмжээний мөнгө байгаагүй болохоор 50 сая төгрөгийг шилжүүлсэн” гэж хариулсан. Удалгүй Н.Гантулгын хувийн данс руу Г.Ганболдоос 50 сая төгрөг шууд шилжиж орж ирсэн баримт байдаг.

    Өөрөө авч завшсан хүн биш бол хувийн данснаас хүний данс руу 50 сая төгрөг шилжүүлэхгүй шүү дээ. Тиймээс яалт ч үгүй энэ хүмүүс хоорондоо, бас энэ авлигын хэрэгтэй холбоотой гэдэг нь харагддаг. Н.Гантулга төрийн байгууллага, хувийнхан үгсэж хуйвалдсан үйлдлийг илчилсэн.

    -Н.Гантулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй уулзаж байсан уу. Д.Тогтохсүрэн гишүүн 70 сая төгрөгийн авлига авсныг яаж нотолдог юм бэ?

    -Тодорхой баримтуудыг бид АТГ-т гомдолдоо хавсаргаж өгсөн. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох байх.

    -Энэ тендерийн захиалагч ямар байгууллага байсан бэ?

    -Хуулийн дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар байсан.

    -Уг нь Н.Гантулга тендерийн мөнгөө бараг бүрэн авчихаж. Яагаад одоо хэзээ хойно АТГ-т хандах болов. Өөрөө энэ талаар юу гэж тайлбарлах юм?

    -Миний үйлчлүүлэгч ажлаа гүйцэтгэх хугацаанд Засаг даргынх нь зүгээс маш их дарамт шахалт ирж байсан гэдэг. Барилгаа барихаа боль, зогсоо гэх мэтээр.

    Дээр нь санхүүжилтийг нь таслах гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулахад хясан боогдуулж байсан. Цэцэрлэгийн барилга дуусаад Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байхад Засаг дарга Г.Ганболд булаагаад авчихсан гэж ярьдаг.

    Одоог хүртэл цэцэрлэгийг нь Улсын комисс хүлээж аваагүй, үйл ажиллагаа явуулж байгаа гэх юм билээ. Мэдээж хавсаргаж өгсөн баримтад тэр хүмүүстэй бичиж байсан мессежний хуулга, дансны хууль зэргийг баримтад хавсаргаж өгсөн. АТГ-т иргэн Н.Гантулгаас гаргасан гомдлын хүрээнд дээрх мэдээллийг еглөө. Мэдээж дээрх этгээдүүдийн гэмт буруутай эсэх, хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг хууль хяналтын байгууллага тодорхой тогтоож хуульд заасан арга хэмжээг авна.

    Ер нь энэ хэрэг бол манай хууль, шүүхийн байгууллагын түүхэнд анхны тохиолдол болж байна.

    Төрийн өндөр албан тушаалтанд авлига өгснөө өөрөө сайн дураар илчилсэн тохиолдол өмнө нь байдаггүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд нийгэмд шударга ёс тогтоох, авлигатай тэмцэхэд өөрийн боломж бололцоог харгалзан үзэж, хясан боогдуулсны улмаас авлига өгсөн гэдгийг сайн дураараа, иргэнийхээ үүргийг биелүүлж илчилсэн.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.5-д хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан байдаг.

    Цаашид авлигатай тэмцэхэд, авлигыг илчлэхэд энэ мэтээр ард иргэдийн оролцоо чухал юм.

     

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?