ТҮМНИЙ СЭТГЭЛД ХОНОГШСОН “БАЯН МОНГОЛ”-ЫН ДУУНУУД

0

Хорьдугаар зууны жар, далаад он бол залуучуудыг атар газар эзэмших, шинэ хот байгуулах, нэгдэл болоод сангийн аж ахуйд илгээлт өвөрлөн очих, дардан зам тавьж, үйлдвэр барилга сүндэрлүүлэх гэх мэт сайн үйлсэд уриалан дуудсан, чухам л ажил хөдөлмөр буцалсан он жилүүд байлаа. Тэр үед залуусын чихний сонорыг мялааж, сэтгэл зүрхийг уяраан догдлуулж байсан зүйл бол эстрад урлаг байв. Анхны дурлалдаа шатаад догдлон яваа залуу хүний дурлалын нууцхан хэлийг чухамхүү эстрад дуу хөгжим л тодхон илэрхийлж, сэтгэлийнх нь нандин утсыг хөнддөг байсан. Амьд хөгжмийн тоглолт бүхий хамтлагуудын дууг сонсоод л тэдгээр залуусын дотоод сэтгэлд яриагаар илэрхийлж чадамгүй тэр л зүйлс нь дуу хуур болоод өнгө гэрлээр урган гарсныг мартахын аргагүй. Хүний сэтгэлд ч бас хөөрч баярласан үед нь цэцэг дэлгэрэн мишээж, нартай борооны дусал солонгорон шиврэх нь бий. Хөхөө яруухнаар донгодон, солонго татаж, өтгөн их ойн чийглэг үнэр сэнхийж байдгийг хөнгөн хөгжмийн цоглог аялгуу л хөрвүүлэн гаргаж чадмой. Байгаль дэлхий тэр аяараа хүний дотоод сэтгэлд нууцхан оршиж, тэнд өвлийн цасан бударч, хаврын шороон шуурга босч, зуны цэцэгс алаглан, намрын бороо зүсэрч байдгийг эстрад хамтлагийн дууг сонсоод л ухаарсан байх нь олонтаа. Ер нь жараад оны сүүлчээс наяад оны дунд үе хүртэл монголчуудын сэтгэл зүрх эстрад хамтлагуудын зохиосон хөгжим, дуугаар л боловсрон цоо шинэ өнгө төрхийг олсон байх бөгөөд Улсын филорманийн “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуулсан дуунууд энэ тал дээр аварга амжилт үзүүлж чадсан юм.

Ингэхэд 1970-аад он бол дэлхийн рок поп урлагт тун ч нүргээнтэй үе байжээ. Яг энэхэн цаг үед дэлхий дахинд юу болж байв? Ливерпулийн алдарт дөрвөл “Битлз”-ийн алтан цохнууд хамаг л сайн дуугаа хэдийнэ дуулдагаа дуулчихаад хамгийн сүүлд “Let It Be” цомгоо 1970 оны 5-р сард гаргаад хоорондоо зөрчилдсөний улмаас хамтлагаа тарааж, Пол Маккартни бусдыгаа шүүхэд өгч байсан бол 1970 оны дөрөвдүгээр сард Фреди Меркьюри гитарчин Бриан Мэй, бөмбөрчин Рожер Тэйлор нарын хамт “Куин” хамтлагаа байгуулж байжээ. Ийнхүү хоёр домогт хамтлагийн нэг нь тарж байхад нөгөөх нь шинээр үүсч байлаа. Түүнчлэн домогт “Би джийс” хамтлагийн ах дүү гурав уянгалаг сайхан дуу хоолойгоороо дэлхийг байлдан дагуулж, 1970 оноос стилээ өөрчилж “Дайнс Мюзик” диско хөгжим рүү хамаг анхаарлаа хандуулж эхэлсэн бол дэлхийн рок хөгжмийн түүхэнд сэтгэлгээний эрх чөлөөг тунхагласан “Пинк Флойд” хамтлаг 1970 оноос Америк, Европоор аялан тоглолт хийж, дунд зэргийн амжилттай рок хамтлагаас тэсрэлт хийж, рок хөгжмийн хамгийн агуу төлөөлөгч болж хувирах үүд хаалгаа нээгээд байлаа. Мөн дэлхий дахинд “Уянгын дууны алтан гургалдай” гэж алдаршсан Грекийн дуучин Демис Русос өөрийн байгуулсан “Афродит бурханы хүүхдүүд” хамтлагаа орхиж, 1970 оноос ганцаарчлан дуулж, хөгжмийн ертөнцийн оргилд гарахаар тэмүүлж эхэлсэн бол “Гитар барьсан танхайчууд” гэж цоллогдсон “Роллинг Стоунз” хамтлаг 1970 оны босгон дээр Лос-Анжелест хар тамхины сурталчилгаа бүхий “Шуламд татагдсан нь” дуугаа дуулж байтал мансууруулах бодисонд донтсон үзэгчдийн дунд хүн амины хэрэг гарч, үүнээс болоод тус хамтлаг хар тамхины сурталчилгаанд эцсийн цэг тавьж, хөгжмийн урлагт “Сэтгэхүйн рок” хэмээх шинэ хувьсгал хийхээр шуударч эхлээд байв. Дэлхийн шилдэг зуун гитарчины нэг Неил Янгийн “Зүрхний эрдэнэс” хэмээх алдарт дуу 1970 оноос Барууны орнуудад алдаршиж, хайр дурлалаас болж зүрх нь шархалсан мянга мянган залуусыг анагаах чадалтайгаа харуулж эхэлсэн бол Рок-н-роллийг үндэслэгч Элвис Пресли өөрийнхөө тухай гуч гаруй мюзикл киногоо хийж дуусчихаад хиймэл дагуулын тусламжтайгаар олон орны тэрбум гаруй хүнд шууд дамжуулах концертоо тоглохоор бэлдэж байсан цаг. Италийн дуучин Адриано Челентано 1970 оны Сан Римо хөгжмийн наадамд эхнэр Клауда Морийн хамт дуулсан дуугаараа тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол түүний нэгэн үеийн Италийн алдарт дуучин Тото Кутуньо 1970-аад оны эхээр “Тото ба Тати” хамтлагаа байгуулж, Итали, Франц даяар алдаршихын сацуу Францын нэрт дуучин Жо Дассен, Мирей Матье нарт дуу бичиж өгч, түүнийг нь “Пол Мориа”, “Жеймс Ласт” оркеструуд хөгжимдөж эхэлж байсан цаг. “Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гитарчин”-ы нэгдүгээрт бичигдсэн Америкийн хөгжмийн зохиолч Жими Хендрикс гитарын хамаг сайхан тоглолтуудаа хэдийнэ урлаж дуусчихаад 1970 оны 9-р сард архины гүн хордлогоор таалал төгсөж байсан бол дээрхи шилдэг гитарчдын хоёрдугаарт бичигдсэн Эрик Клэптон Рок-н-роллын алдрын танхимын гишүүнээр сонгогдож, блюз рок хөгжмийг оргилд нь хүргэхээр зориглож байсан цаг. Мянган ваттын хүчирхэг хоолойт Тина Тернер хар тамхинд мансуурагч нөхөр Айк Тернертээ зодуулан байж салаад Рок-н-роллийн хатан хаан болохоор негрийн хорооллоос дээд зиндаанд дэвшиж байсан бол Грэммийн 11 удаагийн шагналт, Оскарын эзэн Фрэнк Синатра хоолойгоо хөгжмийн зэмсэг болгож хамаг дуугаа дуулаад хэдийнэ өөрийн оргилдоо хүрчихсэн тул 1970 оноос хийх юмаа олж ядаад төрсөн охинтойгоо хамтран дуулж цаг нөхцөөхөөр шийдээд байсан цаг. 1970-аад оны рок поп ертөнцөөс цухасхан дурдахад нэг иймэрхүү. Дэлхий дахины рок поп урлагийн зарим төлөөлөл ийнхүү хэдийнэ оргилдоо хүрчихээд байсан тул хөмөрсөн тогоон дотроосоо хэдийнэ цухайгаад эхэлсэн манайхан улам л хурдлах хэрэгтэй байлаа.

1970 оноос дуучин Лувсангийн Оюунчимэг, Цогт-Очирын Өлзий-Орших нар “Баян Монгол” чуулгад орж ирснээр тус чуулгын урын сан түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуугаар улам арвижсан байх бөгөөд жишээ нь Л.Оюунчимэгийн “Навчин дээрхи шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, дуучин Н.Өлзий-Оршихын “Өргөө гэр минь”, “Хоёулаа явъя хонгор минь” гэх мэт олон сайхан дуу монголчуудын шимтэн сонсдог, дагаж дуулдаг, одоогийнхоор бол жинхэнэ хит дуу болж чадсан юм. Тэр үед гэр бүл болсон шинэхэн хосууд,

“Тоймгүй баяраараа үнэгчлэн баясах
Тохойн чинээхэн алагхан үр минь
Тоонот гэрийнхээ хойморт нь залрах
Туяа татсан наран юмаа хө…” гээд л нүүрнээсэээ гэрэл цацруулан аялж, түүнчлэн илгээлт өвөрлөөд хөдөө нутгийг зорьж буй залуучууд,
“Хөдөө мөн ч сайхан байгаа даа
Хоёулаа явъя аа, хонгор минь…” гээд л аялан дуулж явсан нь хэдэн арван жилээр үргэлжилж, энэ нь сэтгэлээсээ туурвисан дуу домогшдог болохын нэгэн баталгаа болж байлаа. Дуу хөгжмийн уянгат аялгуу бол огторгуйн диваажингийн мөнхийн эргэлт юм.

1970-аад оны тэр үед аялгуу сайтай хэдэн сайхан дуугаараа “Баян Монгол” чуулгын урын санг чимэж байсан хүн бол тус чуулгын даралтат хөгжимчин Бизъяагийн Даваа байлаа. Түүний зохиосон дуунуудаас хэдэн нэр жагсаахад л өнөөгийн тавь, жар, далан настнуудын тархины бор хальсийг хөндөөд эхэлнэ. “Навчин дээрх шүүдэр”, “Амрыг айлтгая”, “Хөдөө дуудаж байна”, “Хүслийн тухай дуу” гээд л аялгуу сайтай дуунууд цуварч өгнө. Эдгээр дуунууд “Баян Монгол” чуулгын тайзнаа амилан босч ирсэний дараа манай бусад хамтлаг, дуучид шүүрэн авч дуулахын сацуу аймгуудын соёлын ордны дуучдын амны уншлага болж, Монгол даяар газар сайгүй л эгшиглэх болжээ. Далаад оны үед зохиогдож байсан “Эстрадын дуучдын улсын уралдаан”-д шинэ залуу дуучид голдуу Б.Даваагийн дуунуудаас л дуулдаг байжээ. Түүнчлэн,
Нөхдөө уриад хоймороо залаад
Идээгээ өрөөд хуураа татаад
Хадгаа барьж амрыг айлтгая
Хундагаа өргөөд амжилт ерөөе өө… гэсэн уухай газар сайгүй л хангинаж, залуучуудын найр наадам, төрсөн өдөр болоод шинэ жилийн цэнгүүн дээр чухамхүү энэ дуу л “Хундаганы дуу” болж эгшиглэдэг байжээ. Мөн Б. Даваагийн,

Навчин дээрх шүүдэр гэмээр
Нандин сэтгэлт миний хонгор
Наргүй өдрийн тэнгэр гэмээр
Намайгаа үргэлж ээгээд байна аа… гэдэг дуу жар, далаад оныхны шүтээн болж байсан. Яруу сайхан сонсогдохуйц нэгэн зэрэг дуурьсан эгшиглэх олон аяны цогц нийлбэр “Аялгуу” хэмээгчийн мөн чанар чухамхүү энэ дуунд төгс төгөлдөр зохицсон юм шиг ээ. Манайд хэрвээ дуу хөгжим судалдаг “Аялгуу судлал” гэж байдаг бол “Навчин дээрх шүүдэр” шиг ийм дуунуудын хөг аялгуу болоод үг авианы уран яруу зохиролыг гарган тавьж баймаар… Уг нь монгол хэлний тайлбар толь бичигт “Хөгжмийн давхар олон аяны зохирол, найрал, хэлбэр шинжийг судлах ухаан”-ыг “Дуу аялгууны ухаан” гэж тэмдэглэсэн байх аж. Бидний өвөг дээдэс эртний сайхан дуунуудаа судлан шинжилж ирсэн туршлага мэр сэр байдаг бөгөөд тэр үүднээс л “Дуу аялгууны ухаан” гэдэг нэр томъёо үүссэн байж таарна.
1970-аад оны дунд үед дуучин М.Янжиндуламын “Аавдаа”, “Орь залуу нас” зэрэг сайхан дуунууд ид эгшиглэж байх үед жараад оноос олон сайхан дууны шүлгээрээ нэрд гарсан Урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Бадраагийн өвөрмөц үг хэллэг бүхий дууны шүлгүүд уламжлалт нийтийн дуунаас эстрад урлагт орж ирсэн байдаг. Жишээлбэл “Орь залуу нас” байна.

Тас хар огторгуй нойрсон тайвшираад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхэд
Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа…
“Дуу аялгуу”, “Хөг аялгуу”, “Хэл аялгуу” гурав яруу сайхнаар зохиролдсон энэ дуу “Арьсны хэнгэргийг мянган дохиур дэлдэвч, аялгуу хөгийг нэгэн дохиурт тогтооно” гэх эртний үгийг санагдуулдаг.

Дашрамд өгүүлэхэд жар, далаад оны олон сайхан авъяаслаг дуучид “Баян Монгол” чуулгатай дуулж нэрд гарсан нь тоймгүй. Жишээ нь Рэнцэнханд, Машлай, Цэцгээ, Гэрэлт-Од, Бямбадорж, Галхүү, Төмөр, Бямбажав, Чимгээ, Булган, Ичинхорлоо гэх мэт маш олон хүний нэр цуварна. Дуучин Бямбадорж гэхэд л хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн “Нүдэн нуур”-ыг Улсын филорманитай дуулснаар энэ дуу одоогийнхоор бол “хит” болж байв. Зохиолч уг нь энэ аялгууг гитарын гоцлолд зориулж бүтээжээ. Тэгтэл нэг өдөр яруу найрагч Ш.Шажинбат “Би нэг ийм юм биччихлээ. Дүү хүү нэг хар даа” гээд нэгэн шүлэг барьж ирсэн нь “Нүдэн нуур” байв. Ингээд л,
Холын сайхан Алтай нутаг минь
Холбоо нуур ууланд байдаг сан
Холбоо нуураа харан суухлаар
Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан… гээд нэг л сайхан эрдүү мөртлөө уянгалаг хоолой цуурайтаж иржээ. Өөр нэг дууны тухай өгүүлэхэд,

Цэцэрлэг, дэлгүүр, талбайд хүмүүс
Эмч ээ, гэж баясан дуулах юм
Цэхлэж харин эмч та хүмүүст
Энэрэл бялхсан харцаа илгээх юм
Эмгэн буурлууд таныг тэврээд
Эвий хүү минь… гэцгээх юм
Гарынхаа тэнхээг та минь мэдрээд
Энэрэлт сайхан харцаа илгээх юм
Үхлийн бараан үүлэн дундуур
Цагаан сум шиг зүсэн орж
Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та
Цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа…
1970-аад оны үед хөдөө нутагт байсхийгээд л радиогоор эгшиглэдэг байсан энэ дууг орган хөгжмийн цангинасан аялгуу чимэж өгснөөр “Филормани” гэж ийм хөгжим байдаг юм байна гэх сэтгэгдэл хүмүүст төрдөг байжээ. Ерөөсөө л орган хөгжмийн иймэрхүү цангинасан аялгууг хөдөөнийхөн “Филормани” гээд ойлгочихсоныг бодоход энэхүү “Филормани” гэдэг нэр болоод орган хөгжмийн аялгуу хоёр үнэхээр зохицсоныг илтгээд байгаа юм. Энэ бол далаад оны тэр үед төгс зохицол байсан. 1965 онд Берлингийн радиогийн дэргэдэх дагшаа найрал хөгжмийн оркестр Монголд ирж тоглоход хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж: “Ерөөсөө л энэ орган гэдэг гайхамшигтай хөгжим дээр суурилсан хөгжмийн хамтлаг байгуулъя” гэж шийдээд “Баян Монгол” чуулгыг байгуулсныхаа дараа чухам л орган хөгжмийн гайхамшигийг харуулсан нэгэн дуу зохиосон нь дуучин Рэнцэнхандын “Элбэрэлт сайхан харц” хэмээх энэ дуу юм. Дууны шүлгийн хувьд жаахан эв хавгүй мэт санагдавч аялгуутайгаа мөн ч сайхан зохицсон нь “Дууны сүнс бол аялгуу” гэдэгтэй утга зохилдсоных юм.
Ингэхэд “Баян Монгол” чуулгын анх тайзнаа амилуулсан “Цэнхэр залаа” аялгууг дуу болгох гэж хэд хэдэн яруу найрагч шүлэг бичээд уг аяыг зохиосон С.Баатарсүхэд өгсөн боловч нэг нь ч дуу болсонгүй. Жишээ нь яруу найрагч З.Түмэнжаргал “Цэцгэн зүйрлэл” гэдэг шүлэг авчирч өгөхөд “Энэ арай болохгүй ээ” гээд явуулжээ. Тэгээд дараа нь энэ шүлгэнд өөр ая зохиочихоод найрагч Түмэнжаргалд сонсгоход “Өө, энэ чинь харин “Цэнхэр залаа”-гаасаа гоё юм байна” гээд ихэд баярлажээ. Ингээд л удалгүй “Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа, Цээнийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа…” гээд л хүн бүхний аялах дуртай дуу болсон түүхтэй. Ер нь зарим нэг сайхан аялгуу заавал дуу болдоггүй, зарим нэг сайн зохиол заавал кино болдоггүй, ерөөсөө л унаган төрхөөрөө байхаар заяагдсан байдаг. Тухайлбал Колумбын нэрт зохиолч Маркесийн “Зуун жилийн ганцаардал” алдарт романаар кино хийх гэж Холливудаас эхлээд маш олон найруулагч хандсан ч Маркес “Кино болгочих юм бол энэ зохиолын амин чанар алдагдана” гээд зөвшөөрөөгүй гэдэг. Тэгтэл Маркесыг таалал болмогц түүний хоёр хүү “Зуун жилийн ганцаардал”-ыг “Netflix” хэмээх кино компанид нэг сая доллараар зарчихаад байгаа. Одоо чухам ямархан кино дэлгэцнээ амилахыг бүү мэд. Түүнчлэн Францын “Поль Мориа” оркестрын дуу болоогүй сайхан аялгуунууд зөндөө байдаг. Үүн шиг жараад оны “Вальсын хаан” Түмэнжаргалын нийтийн бүжгийн хэдэн сайхан аялгуу байна. Тэр аялгуунууд ямар ч үггүйгээр хүмүүний сэтгэлийг эзэмдэж чадсан билээ.

1974 онд “Баян Монгол” чуулгын гоцлол гитарчин С.Баатарсүх ЗХУ-д суралцахаар явсан тул гитарчин Б.Ганбат Барилгачдын соёлын ордноос, дуучин Хайдавын Төмөрбаатар Говь-Алтай аймгаас, хөгжмийн зохиолч Б.Нямдорж Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс “Баян Монгол”-д ирж, улмаар 1977 онд дуучин М.Янжиндулам тус хамтлагт орсноор “Баян Монгол”-ын дуу хуур ид оргил үедээ ирсэн байдаг. 1975-1976 онд Зөвлөлтийн мэргэжилтэн В.Смагин “Баян Монгол” чуулгад ирж ажилласнаар тус чуулгын тоглох ур чадвар, хөгжмийн найруулганд ахиц гарч, В.Смагины найруулсан “Намраа”, “Би Москвагаар алхаж явна”, “Дайны жилүүдийн дурсамж”, “Уран сэтгэмж”, Т.Уртнасангийн “Үглээ шаазгай”, “Хангайн магтуу”, Б.Нямдоржийн “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Б.Даваагийн “Хөдөө дуудаж байна”, Л.Батаагийн “Алтай хангайн уулс”, “Хавар болжээ, хонгор минь”, хөгжмийн зохиолч Мэндбаярын “Цэцэгт нугын эрвээхэй” зэрэг олон сайхан дуу төрөн гарч байв. Чухам л энэ үед дуучин Х.Төмөрбаатарын “Сэтгэлийн жигүүр”, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, Х.Галхүү, Л.Оюунчимэг нарын “Дөрвөн улирал, хоёр амраг”, дуучин Цэцгээгийн “Том болж дээ миний хүү”, М.Янжиндуламын “Аавдаа”, “Орь залуу нас” зэрэг дуу ид мандаж, хүн болгоны чих тавин сонсдог, дагаж аялдаг тийм сайхан аялгуут дуугаар шалгаран тодорч байсан юм.

Ардын богино дуу бол баяр баясгалан, зовлон гуниг санаашрал мөрөөдлийг хүний сэтгэлд цуурайтуулан хөглөж үгийн ончтой цэц, аялгууны уран гоё нугалаагаар сэтгэлийн өнгө төрхийг бийрээр тодруулах шиг л донжтой нь аргагүй дурайтал гаргаж өгдөг. Харин тэр үед хөгжим хаана байсан бэ? Морин хуур, ятга, шанз, хуучир, лимбэ зэрэг нь ардын дууны урлагт дэмнэх төдий л чимээгүй уянгалж байсан болохоос бус дуугаа удирдан дагуулж өмнө нь хөтлөн авч явж байсангүй. Харин ч уртын дуу нь өөрийн шуранхай ая дангаараа морин хуураа хөтлөн дагуулдаг байв. Ардын богино дууны ончтой үгс, санаашрангуй өнгө ч бас л ятга шанз, лимбийн аяыг өөрийнхөө араас дагуулж хөгжим нь хүний сэтгэлийг хөдөлгөхдөө ямагт хоёрдугаарт тавигддаг байлаа. Харин цахилгаан хөгжмийн хамтлаг гарч ирмэгц дуу хоолой, үгийн утгаас илүү аялгуу хэмнэл гээч зүйл хичнээн хүчтэй, араасаа олон түмнийг хуйлруулан дагуулах чадалтай болохыг хөгшин залуугүй л анзаарсан юм.

Хөгжим дуунаас илүү хүчтэй, хөгжим юу юунаас илүү амьд, хөгжмийн дуугаралт хэмнэлүүд дуунаасаа ч тэс өөр зүйл илэрхийлдэг, дуугаа улам бүр олон өнгө аястай болгож амилуулдаг, хүний сэтгэлд дүрслэн бодох гайхалтай уран чадварыг шидэт дохиураар бий болгодгийг чухамхүү амьд цахилгаан хөгжимтэй хамтлагийн тоглолтыг анх үзээд л хүмүүс ухаарсан. Уртын болон ардын дуу, зохиолын дуунаас ялгаатай нь огцом хөнгөн хэмнэлтэй эстрад хамтлагийн тоглолт залуу насны эрч хүч, залуу хүмүүсийн цээжний цаана нуугдаж явдаг бүхнийг ил гаргаж байлаа. Цонхоо цэлийтэл нээгээд дотроос нь сүрэг шувуу гарган цацаж нисгэх шиг, цор ганцаар бороон дундуур цув нөмрөөд гуниглан алхах шиг, эргэн тойрон намуухан цас будран бүрхэх шиг, энэ бүхнээс ангижраад харвал зүгээр л нэг хамтлагийн тоглолтыг үзээд зогсож байсан нь хүмүүст жинхэнэ гайхал төрүүлсэн юм. Ийм тоглолт, ийм сонин хөгжмийн дуугаралт, араасаа ийм хүчтэй бүхнийг дагуулан хөтөлж, дурсамж дуртгал санаа бодлын үзүүргүй харгуйгаар аялуулдаг гайхамшигтай урлаг гэж байх уу?

“Баян Монгол” чуулга ийм урлагийг цогцлоон бүрдүүлж чадсан юм. Гэхдээ хэн дуртай нь шүлэг, ая зохиогоод тайзан дээр дур зоргоороо дуулчихаж байсангүй. Мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагч хамтран ажиллаж, Улсын филармонийн уран сайхны зөвлөл, Соёлын яамны уран сайхны зөвлөл хянаад, зөвшөөрсөн тохиолдолд сая тайзан дээр дуулна. тэрхүү Соёлын яамны зөвлөлд хөгжмийн нэрт зохиолч Г.Бирваа, Л.Мөрдорж, зохиолч Э.Оюун, яруу найрагч С.Дашдооров, Ч.Чимэд нарын томчууд орж ирж үг, аяыг нь тунгаан шүүж “Болоогүй байна. Наадахаа зас” хэмээн хэдэн ч удаа буцаах тохиолдол гардаг байсан үе. Ганц жишээ дурдахад л Галсанбатын ая “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай “ хэмээх дууг “Арай л болоогүй байна, дахиад засаадах” гээд гурван ч удаа буцааж байсан гэдэг.

Жар, далаад оны сэтгэлд хоногшсон зарим дуу маш том шалгуурыг даван байж, зарим нь нэлээд хэдэн жил дээд газрын архивт хадгалагдан байж бидний сонорт хүрч байсныг өгүүлэх юун. Жишээ нь нэрт дуучин Х.Төмөрийн “Нарт тэнгэрийн дор”, “Аяны шувууд”, “Үдэлт”, “Бидний дуулах дуртай дуу” зэргийг Барууны үзэл суртал үнэртүүлсэн гэдгээр Монголын радиогоор сонсгох эрхийг хоёр гурван жилээр хасч байсан гэдэг. Үүн дээр хамтлаг, дуучид алтан фондонд дуугаа бичүүүлнэ гэдэг амаргүй ажил байж. Дуулах дуугаа өдөржин давтана. Зарим нь хоолойгоо техникийн тусламжтайгаар өөрчилнө. Дал, наяад оны үед дуу бичүүлэхийн тулд дуучин нь тусдаа дуулж, хөгжим нь тусдаа бичигддэг байжээ. Гэвч “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”-ийн дуучид бол радиогийн бичлэгэнд дахин давтан дуулалгүйгээр ганц ороод л болгочихдог мундаг уран бүтээлчид байжээ.

Дашрамд өгүүлэхэд “Аяны шувууд” хэмээх алдарт дуу “Баян Монгол” чуулгатай олон янзын шижмээр холбогддог.
Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаачээ… Энэ сайхан дуу Х.Төмөрийн анх дуулж радиод бичүүлснээр монголчуудын сэтгэлд үлдсэн. Харин энэ дууг тайзан дээр бодитоор нь хамгийн их дуурсгаж байсан чуулга бол “Баян Монгол”. Тус чуулгын тайзнаа “Аяны шувууд”-ыг олон арван дуучин мэргэжлийн джаз оркестртой дуулж байсан түүх бий. Х.Төмөр өөрөө ч бас “Баян Монгол”-той хамтран дуулж байжээ. Хөгжмийн зохиолч, удирдаач Т.Уртнасанг “Баян Монгол”-ыг удирдаж байсан он жилүүдэд дуучин Л.Оюунчимэг “Аяны шувууд”-ыг джаз оркестртой дуулж, монголчуудыг нэг хэсэгтээ л уяруулж байлаа. Үүнээс нэлээн хойно буюу 1988 онд Кубын удирдаач Монголд ирж Улсын циркт тоглолт хийх үед дуучин Насантогтох “Аяны шувууд”-ыг “Баян Монгол”-той анх дуулж байв. Мөн тэр үед “Соёл-Эрдэнэ”-ийн Баяраа, дуучин Ариунаа нар ч “Аяны шувууд”-ыг Б.Ганбатын удирдлагаар “Баян Монгол”-ын джаз оркестртой өөр өөрийнхөө стилиэр дуулж байлаа. Тэгж байтал 2000-гаад оны үед дуучин Х.Төмөрбаатар “Аяны шувууд”-ыг өөрийнхөө өвөрмөц стилиэр дуулсан. Түүнчлэн “Анд нөхдийн ая дуу”, “Хөх Монгол” зэрэг Олон улсын эстрадын дуучдын тэмцээн болоход гадаадын дуучид давын өмнө “Аяны шувууд”-ыг л сонгон авч тэр болгонд “Баян Монгол”-ын мэргэжлийн джаз оркестр бүхий л найруулга, аранжировкийг нь хийж тоглодог байжээ. Ер нь “Аяны шувууд”-ыг тайзнаа хамгийн их эгшиглүүлсэн нь “Баян Монгол” юм байна. Дуучин Х.Төмөр энэ дууг анх дуулахдаа джаз хөгжмийг хийлээр зөөлрүүлж, хөгжмийн аранжировк нь нэг ёсондоо “симф джаз” маягтай болжээ. Харин Л.Оюунчимэгийн дуулснаар бол мэргэжлийн джаз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ эгшиглэдэг. Жараад оны үед манай дуунууд голдуу Дорно зүгийн хөгжмийн урсгалаар бичигдсэн байдаг бол “Аяны шувууд” Өрнө зүгийн урсгалаар бичигджээ. Энэ нь тухайн үед ид алдаршиж байсан “Битлз”, Том Жонс нарын уур амьсгалтай холбогддог. 1960-аад оны дунд үед З.Хангалын төрсөн ах З.Эрдэнэбилэг, циркийн жүжигчин Д.Ягаанцэцэг нар Африкийн орнуудаар Монголын урлагийн тоглолтыг үзүүлж явахдаа Египет улсаас “Битлз”-ийн ориг пянзыг худалдан авч, Монголын хил гаалиар нууцлан байж авчирчээ. Д.Ягаанцэцэг нь З.Хангалын гэргий гэдгийг монголчууд юу эс андах билээ. Тэр үед З.Хангал, дуучин Х.Төмөр нар “Битлз”-ийг шимтэн сонсдог байснаар тэр цаг үеийн Монголын эстрадын урсгалаас арай өөр өнгө аястай “Аяны шувууд” зохиогджээ. Дууны шүлгийн хувьд гэвэл жараад оны тэр үед улсын хэмжээнд дууны шүлгийн уралдаан зарлажээ. Тэгээд уралдаанд ирсэн шүлгүүдээс хөгжмийн зохиолч нар шилж авсаар байгаад ганцхан Д.Дашдондог хэмээх найрагчийн “Аяны шувууд” гэдэг шүлэг үлдчихсэн байж. Ингэж сүүлчийн шүлэг сүүлдэж ирсэн З.Хангалын гарт тохиолдлоор шахам орсноор “Аяны шувууд” хэмээх сайхан дуу бүтсэн түүхтэй.

Залуусын дунд эстрад чуулгын нэр ус гэрлийн хурдаар тархаж, дуулсан дууг нь хүн бүхэн амандаа аялан гунганаж, дараагийн тоглолтоо хийхэд нь урьд өмнөхөөс ч илүү олон хүн чихэлдэн ирж үздэг болсон нь социалист нийгэм эстрад урлагийн сайхныг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсний тэмдэг байлаа. Хөдөө орон нутгаас хүртэл залуучууд зориуд ирж үздэг болов. Хэрвээ өнөөгийнх шиг чөлөөтэй байгаад цахилгаан хөгжмийн чуулга төв талбай дээр задгай тоглолт хийсэн бол үй олон залуус цугларан бүчих байсан нь эргэлзээгүй. Ийм сүрхий татах хүчтэй урлагийн хамтлаг гарч ирсэн учраас тэдэнд тавих хяналт ч улам илүү чанга болж ирсэн байдаг. Ялангуяа дууны утга, хөгжмийн өнгө аяс, шүлэг зохиолд тавих хяналт хатуу чанга байсныг дурдах хэрэгтэй. Чөлөөт сэтгэлгээ, энгийн амьдралын гоо сайхныг дуулахаасаа илүүтэй социализмын агуу их үйлсэд залуусыг уриалан дуудах тийм уран бүтээл туурвих үүрэг даалгавар ч дээрээс өгөгдсөн байдаг. Үүнтэй зэрэгцээд эстрад хамтлаг, дуучдыг тоглолт хийхдээ “Тайзан дээрээс үсэрч буухгүй байх, хамаагүй дэвхэрч цовхрохгүй байх, орилж чарлах, үс гэзгээ хамаагүй сэгсэлзүүлж хөрөнгөтний маяг донж гаргахгүй байх” зэргийг зааварчилж, энэхүү зааврыг зөрчсөн уран бүтээлчдийг хатуу донгодсон бичиг архивын шарласан хуудсанд хавчуулагдаж үлдсэн байх аж. Гэвч ийм арга хэмжээ авлаа гээд мөнөөх хамтлаг, дуучдын байдал төрх, дуу хоолой даруухан ноомой болчихоогүй. Харин ч үзэгчид өөрсдөө үсрэлдэн хөөрцгөөж, хөгжмийн ая эгшиглэхтэй зэрэг л дороо цовхчин дэвхэрч байсан нь олонтаа. Хөшүүн томоотой номхон командтай байсан урлагийн тайз ийнхүү зоримог дайчин, эрч хүчтэйгээр амь орлоо. Тайзнаа ардын дуу дуулж буй сайн дурын уран сайханчид хүртэл томоотой номхон зогсохоо болиод гараа дэлгэн үзүүлэх, инээмсэглэх, нүдээ ирмэх, хөндлөн гулд алхах зэргээр дуулж буй дуугаа хөдөлгөөнөөрөө дэмжин амилуулдаг болов. Ингэж манай эстрадын анхны хамтлаг, дуучдын зоримог тоглолт “Зэрэгц” командтай юм шиг байсан номхон даруу урлагийн салбарыг хөдөлгөөнд оруулж эхэлсэн юм. Монголын урлагт урьд өмнө байгаагүй зоримог зүйлийг эстрад залуус сэдэж элдвийн шүүмжлэл, хатуу хоригтой олонтаа тулгарч байсан ч өөдөөс нь сөрж босоод ялсан юм. Эрт орой хэзээ нэгэн цагт дэлбэ үсрэн гарч ирэх байсан тэр л цагийн зүүг “Баян Монгол” болоод “Соёл-Эрдэнэ”-ийн залуучууд хугацаанаас нь өмнө түлхэн урагшлуулж чадсан юм.

Улсын филорманийн “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуулдаг дуунуудын нэрийг дурдахад л соц нийгмийн нандин үе эргэн сэргэх шиг, романтик дэврүүн залуус хөдөлмөрийн агуу фронт дээр гэгээн хайрын тухай уянгалаг дууны цагаан жигүүр дэрвүүлэн өнөөгийн энэ Монгол улсыг хөл дээр нь босгохоор хүнд хүчрийг үл хайхран тэмүүлж явсан нь нүдэнд харагдах шиг болдог билээ.

Өчнөөн олон жил
Зөндөө хүн сонсоод уйдаагүй
Өвөрмөц содон хөгжмийг
Хэн ингэхэд туурвисан юм бэ?
Зөндөөн олон жил
Өчнөөн хүн дуулж хоногшуулсан
Зүйрлэшгүй тэр сайхан дууг
Хэн дархалж бүтээсэн юм бэ?

Б.ОЙДОВ (“Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн номыг бичиж буй)

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?