Тэнгэрийн хүү Та минь тэнгэртэй найраг шүлгээ үргэлжлүүлэхээр оджээ

0

Шаравын Сүрэнжав хэмээх тэнгэрийн зарлигтай яруу найрагчийг ухаан орох цагаас л нэрийг нь сонсч, шүлгийг нь уншиж өсчээ. Авьяас билэг нь ааг омогтоо багтаж ядсан, шүлэг зохиол нь цээжний гүнээс бялхаж цацагдсан, цаасан дээр буулгахын завдал өгөхгүй хөвөрсөн гайхамшигтэй билэг төгөлдөр найрагч байлаа.

Би Монгол телевизэд ажиллаж байхдаа Ш.Сүрэнжав гуайтай нэгэн цагт хэдэнтэй уулзаж сайхан олон нэвтрүүлэ хийж байлаа. 1989 оны өвөл Ш.Сүрэнжав гуай Дармасалад очиж Далай ламтай уулзаж багш шавийн барилдлага тогтоосон тухайгаа надтай хуучилж, энэ талаар миний бие “Цастын орноор очоод ирлээ би” гэсэн нэвтрүүлэг хийж байлаа. Дараа нь тэрээр Бакула Ренбүчид бас шавь орж, өөрийнөө шавь О.Дашбалбарын хамт Бакула Ренбүчийн тухай нэвтрүүлэг хийж өгөх хүсэлт надад тавьж байсан нь миний хувьд маш том хувь зохиол байсан юм. Бид “Ариун гэгээн Бакула Ренбүчи” хэмээх нэвтрүүлгийг хамтран бэлтгэж 1990 оны гуравдугаар сарын эхээр эфирт цацаж байлаа. Тэгэхэд Бакула Ренбүчи манай улсад Элчин сайдаар ирээд хоёрхон сар болоод байсан юм.

Ер нь Ш.Сүрэнжав гуай бол бурханы шашинд чинхүү сүжигтэй, уншлага ном сайтай, аливаа асуудалд билэг дэмбэрэлийн үүднээс ханддаг хүн байсан. Үүнээс хойш би “Миний мэдэх . . .” цуврал нэвтрүүлэгтэй Ш.Сүрэнжав гуайг урин оролцуулж С.Удвал, Ч.Чимид, Л.Ванган гуайн тухай гайхамшигтай сайхан дурсамж яриулж байснаа дурсахад бахархалтай санагдана.

Хэзээний цээж сайтай, бэлэн цэцэн үгтэй болохоор Ш.Сүрэнжав гуайгаас ярилцлага авахад ямар ч дубль авах шаардлага гарч байсангүй. Сайн нөхдийнхөө тухай дурсан ярихдаа түүний нүд нь гялалзаж сэтгэл нь сэргэж байгааг харахад аргагүй хүний мөс сайтай юм даа гэж бодогдож байсан.

Тэнгэрийн хүү та минь тэнгэртэй найраг шүлгээ үргэлжлүүлэхээр оджээ. Газрын диваажинд ганихарч хоцорсон бид нар ерөөл мааниа өргөн үлдлээ.

Ум сайн амгалан болтугай.

Сэтгүүлч Г.Энхбаатар

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?