Технологийн компаниудын захирлуудын 85% ажилдаа маш сэтгэл хангалуун – Өнөөдөр


-Хамгийн сүүлд хийсэн Tech Leader 2022 судалгаа нь ямар зорилготой байсан вэ?

Энэхүү судалгааны зорилго нь Монголын технологийн удирдлагуудын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, нутагшуулж байгаа технологи, дижитал шилжилт хийхэд тулгарч байгаа асуудал, шийдэл, тэдний карьерын замналыг тодорхойлох зорилготой хийгдсэн.

Судалгаанд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа салбар, компанийн хэмжээ харгалзахгүй менежментийн түвшний 53 технологийн лидерүүд оролцсон. Үүнд 21 Корпорац байгууллага, 16 технологийн старт ап, 9 банк, 2 жижиг дунд байгууллага, 3 хувьцаат компани, 1 олон улсын байгууллага, 1 төрийн байгууллагын мэдээллийн технологи хариуцсан удирдлагууд оролцсон.

-Судалгааны үр дүнд Tech Leader-үүд ямар онцлогтой байсан вэ?

Тэдний нийтлэг шинжүүдийг харвал 86.8% нь эрэгтэй, 54.8% нь 31-40 настай, 49.1% нь магистрын зэрэгтэй, 43.4% нь программ хангамжийн мэргэжилтэй байна. Мөн 62.3% нь компанидаа хувьцаа эзэмшдэггүй, 85% нь 11-с дээш жилийн туршлагатай, 71.7% нь 51-с дээш хүнтэй байгууллагад, 68% нь 10-с дээш хүнтэй баг удирдан ажиллаж байна. 

Мөн одоогийн ажиллаж байгаа албан тушаалдаа сэтгэл ханамжтай байдаг уу гэсэн асуултад 84.9% нь сэтгэл ханамжтай болон маш их сэтгэл ханамжтай гэж хариулсан байсан. Өөрөөр хэлбэл технологийн лидерүүд ажилдаа дуртай байдаг байна.

-Компаниудын дижитал шилжилт хийгдэж байгаа нөхцөл байдал ямар байгаа вэ?

Судалгаанд оролцсон нийт байгууллагуудын 79.3% нь байгууллагынхаа бизнесийн алсын хараа, стратеги төлөвлөлтдөө дижитал шилжилтийг үндсэн зорилгоо болгон тусгасан, харин 20.7% нь хараахан тусгаж амжаагүй эсвэл судалж байна хэмээжээ. Үүнээс харахад ихэнх байгууллага дижитал шилжилт нь бизнесийн хурдасгагч гол хүч гэдгийг ухамсарлан үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн болох нь харагдаж байна.

2022 онд дижитал шилжилтэд нөлөө үзүүлсэн хамгийн чухал ажлын эхний гуравт бизнесийн стратегидаа мэдээллийн технологийн стратегид уялдуулах, бизнесийн шинэ шийдлийг шинэ дижитал шийдэлтэй нэгтгэх, хамгийн тохиромжтой технологи, архитектур гэсэн үзүүлэлтүүдийг сонгосон байна.

Ковидын үед зайнаас ажиллаж байсан соёл түүх болон үлдэж 86.8% нь зөвхөн шаардлага гарсан үед л зөвхөн зайнаас ажиллаж байна.

-Технологийн лидерүүдэд тулгарч байгаа хамгийн том асуудал юу байсан вэ?

Хэдхэн жилийн өмнө байгууллагууд дижитал шилжилтийг хэрхэн хийхээ мэдэхгүй, байгууллагын удирдлагууд дэмждэггүй гэж гомдолдог байсан бол энэ ч мөн түүх болон үлджээ. Судалгаанаас харахад дижитал шилжилт хийхэд байгууллагын удирдлагуудын дэмжлэг маш сайн байсан.

Харин тэдэнд тулгарч байгаа хамгийн том асуудал бол хүний нөөцийн асуудал байсаар байна. Мэдээллийн технологийн удирдлагуудын 60 орчим хувь нь 2022 онд хүний нөөцөө нэмэгдүүлсэн, мөн одоогоор сул орон тооны дундаж үзүүлэлт нэг компанид 4 байна.

Дүгнээд хэлбэл судалгааны үр дүнгээс бид юуг анхаарах ёстой вэ?

Судалгаанаас харахад лидерүүдийн хамгийн чухалчилдаг сэдэв “Борлуулалт” гэсэн нь маш сонирхолтой байлаа.

Монголд өнгөрсөн хугацаанд байгууллагууд дотоод удирдлага, менежмент, автоматжуулалтын мэдээллийн технологийн систем, дэд бүтцэдээ анхаарч байсан бол одоо дараагийн шат руу шилжиж байна. Энэ нь мэдээллийн технологи хариуцсан захирлууд болон удирдлагууд Маркетинг, Борлуулалт, BI дата шинжилгээ, Үүлэн систем, кибер аюулгүй байдлын системүүдийг ойрын ирээдүйд нэвтрүүлэхээр хамгийн ихээр төлөвлөж байгаа нь тод нотлон харуулжээ. Гэвч энэ бүгдийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгардаг хангалтгүй төсөв, хүний нөөцийн хомсдол, хуучин систем зэрэг асуудал хэвээр байсаар байна.

Байгууллага бүр дижитал шилжилт хийхийн хэрээр хоорондын хамаарал, мэдээллийн технологийн системийн уялдаа холбоо, интеграцийн асуудал улам ихээр хөндөгдөх болно. Иймээс мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эдгээр асуудлыг хэрхэн шийдэх тал дээр зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн компани, байгууллагыг бодох бус хүчээ нэгтгэх шаардлагатай. Мөн мэдээллийн технологийн талаар нийгэмд нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, үнэ цэнийг хууль эрх зүй, ёс зүйн хувьд зөв үнэлдэг болгох, улсын хэмжээнд мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн бодлого, мэдээллийн технологийн системийн чанарын шаардлага, үнэлгээний тогтолцоо гэх мэт олон шийдэх асуудал байна.

***

Судалгааны багтай холбогдох: info@digit.mn

“Дийг Ай Ти” ХХК компани нь дижитал шилжилтийг хурдасгах, дижитал шийдэл нийлүүлэгч дотоодын компаниудыг дэлхийд танилцуулах зорилготойгоор 2021 онд байгуулагдан одоогоор зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.