Тахлын голомтонд буусан “Зүчи хаан” нисэх онгоц буюу харьд унагасан монголчуудын нулимс

0
11

2020 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотын бүх замуудыг хааж, орох гарах бүх хөдөлгөөнийг корона вирусын тархалтаас болоод бүрэн зогсоосон билээ. Бараг 1985 оны цөмийн сүйрлийн үеийн Украйны Чернобыль шиг л бүрмөсөн хаалттай хот болон хувирсан юм. Энэ үед тус хотод 31 монгол оюутан нэг жаахан хүүхдийн хамт оюутны байрандаа хоригдон үлдсэн билээ. Гурван сая хүн амтай Монгол улсад 31 иргэн гэдэг бол тийм ч бага тоо биш. Тэдгээр оюутан цахимаар эх оронтойгоо холбогдон тахал үүрлэсэн хотод хөл хорионд орж, өрөөндөө өдөр хоногийг тэсвэрлэн өнгөрөөж байгаагаа бичиж зарим нь эх орон луугаа очих хүсэлтэй байгаагаа мэдэгдэх үеэр манай улсын зарим иргэн  өөдөөс нь хүний мөсгүй  авирлан “Тэднийг  авах хэрэг огт байхгүй. Энд ирж баахан вирус тарааах нь” гэлцэн янз бүрээр дайрч эхэлсэн билээ. Харин энэ удаа засгийн газар цахимаар ажил хэргээ явуулсангүй. Хэрвээ цахимыг дуурайж ажлаа явуулсан бол тэднийг авах гэж онгоц нисгэхгүй байх байсан биз ээ. Уханиас эхлээд Япон улс дараа нь АНУ, түүний дараа Өмнөд Солонгос, Австрали улсууд тусгай үүргийн онгоц нисгэн өөрийн иргэдээ шат дараатай авч эхлэсэн юм.

Харин манай улс тав дахь улс нь болж 2020 оны 1-р сарын 31-ны шөнө МИАТ- компанийн “Зүчи хаан” нисэх онгоц Уханийн нисэх буудалд газардсан билээ. 2-р сарын 1-ны өглөө Уханийн их дээд сургуулиуд дахь монгол оюутнуудыг хамж цуглуулсан том оврын автобус нисэх буудал дээр ирэхэд тэднийг “Зүчи хаан” хэмээх Монгол улсын агаарын хөлөг авч явахаар дүнхийн хүлээж зогсоог хараад л дийлэнх нь асгарах нулимсаа барьж чадаагүй ажээ. Эх оронтой хүн, нисээд очих газартай хүн, иргэнийхээ араас сэтгэл зовниод нисэх онгоц хүртэл илгээдэг тусгаар тогтносон улстай хүн гэдгээ мэдэрсэн оюутнууд нулимсаа тэвчин шүд зуусаар нисэх онгоцны шатаар өгсөн онгоцон дотор ороход тэднийг “Сайн байцгаана уу. Та бүхэн тавтай морилно уу” гэсэн сайхан монгол үгээрээ  элгэмсэн угтахад нь бүгд тэвчиж чадалгүй нулимсаа сад тавин асгаруулж орхисон гэдэг. Гадаадын нисэх онгоцны буудал дээр ч тэр Монгол улсын нисэх онгоцонд нэг л орсон бол өөрийнхөө орны хил хязгаар дотор ороод ирлээ гэсэн үг юм байна. Энэ бол яг л кинон дээр гардаг шиг сэтгэл хөдөлгөм гайхалтай мөч байсан гэдгийг тэнд суралцаж байсан олон оюутан хэлж байгаа юм.

Монгол контент үйлдвэрлэнэ барина хэмээн сүйд болж мөнгө төгрөг хүртэл төсвөөс аваад байгаа энэ олон телевизийн ажилтнуудаас ядаж ганц нь эр зориг гарган МИАТ-ттай холбоо барьж байгаад тэрхүү онгоцоор цуг Ухань луу нисэж очоод газар дээрээс нь сурвалжлага бэлтгэсэн бол хичнээн их цөс хөөрөм, сэтгэл огшиж, зүрх омогшиж дүр зураг гарах байсныг таахад амархан байна. Гуравхан сая хүн амтай Монгол улс маань халдварын цөм голомтонд байгаа 31 иргэнээ авахаар дэлхийн их гүрнүүдээс дутахгүй тав дахь улс нь болж нисэх онгоцоо тэнд хөөргөн аваачиж байна гэдэг үнэхээр бахдам сайхан хэрэг. Оюутнууд ч гэсэн эх орны үнэ цэнэ болоод Монгол улс гэдэг үгийн утга ямаршуухан өндөр, ач холбогдолтой, юугаар ч солих аргагүй үнэт зүйл юм гэдгийг тэрхүү тахлын хорионы хэдхэн хоногт гүн гүнзгий ойлгосон ажээ. Энд тэднийг авчрах хэрэгүй, өвчин тахал тараана гэсэн хүн чанаргүй хувиа бодож амиа хичээсэн мессеж суртал ухуулгын давалгааг сөрөөд “Зүчи хаан” гэсэн нэртэй нисэх онгоц Уханийн талбай дээр дүнхийн зогсож байсан нь үнэхээр тэдэнд хамгаас илүү сайхан санагдахаас өөр яах билээ. Зүчи хаан бол Чингис хааны ууган хүүгийн нэр. Бараг л харь нутагт хашигдсан монголчуудаа аваачихаар  Зүчи хаан өөрийн биеэр ирсэн юм шиг сэтгэгдэл ч заримд нь төрж байжээ. Цаг нь болж тахал өвчин намжихаар Уханиас ирсэн оюутнууд буцаад сургуульдаа очих нь лав. Гэхдээ энэ удаа тэдний сэтгэл зүрхэнд Хятадын агуу өндөр хөгжил, орчин үеийн гайхамшигаас нь илүү Монгол эх орон гэсэн утга учир, түүнийгээ хайрлан өмөөрөх халуун дулаан сэтгэлийн хайр гүн гүнзгий шингэж эх орноо гэсэн төлөвшил маш тод томруун бүрэлдэн тогтсон гэдэг нь эргэлзээгүй юм. Монгол улс Уханиас иргэдээ цаг алдалгүй татан авсанаар дэлхийн бусад улсуудтай эн зэрэгцэх чадамжтай орон юм гэдгээ харуулж дөнгөлөө.

 

Эх сурвалж: “БАЙЛДАН ДАГУУЛАГЧ” СОНИН

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here