О.Баасанхүү: ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНОНУУД БИЕСЭЭ БАРЬЖ ИДЭЖ БАЙХАД НЬ БҮҮ СААД БОЛЦГОО

0


УИХ-ыг хуралдуулахгүй саад хийж байгааг би дэмжихгүй байгаа

Bazarjav Davaadorj-н зураг.

Сайн байцгаана уу.

Энэ оны төгсгөлд та бүхэндээ мэндчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед манай УИХ-д шударга ёсны хувьсгал өрнөж байгаа билээ. Үүнийг Олон ч залуус дэмжиж байна. Тиймээс ч залуучууд маань “Од” болох хүсэлтэй зарим гишүүдийн адил ордноос гарч тэмцлийн хурцын хурц хэлбэрийг сонгон М.Энхболдыг огцруулахаар улайрч явсангүй “Та энэ үед та хаана байсан бэ” гэсэн асуултыг ихээр надаас асууж байна. Иймээс өөрийн байр суурийг илэрхийлсэн нь зөв байх гэж бодож байна.

Би хуулийн мэргэжил сонгосон. Энэ салбарт насыг барж хоолоо олж идэх нь тодорхой. “2020 онд сонгуулиар хэн ч чамайг сонгохгүй” гэх үг хэлж миний төлөө санаа зовсондоо намайг доромжилж, загнадаг зарим нүүр номын найзуудад хэлэхэд надад санаа зовсонд баярлалаа. Гэхдээ УИХ-ын гишүүн болж чадахгүй байсан ч би хуулийн мэргэжлээ ашиглан ямар нэгэн зүйл хийгээд амьдрах л байх. Бурхантай хүнийг бүү шоол, бас бүү басаж гутаа гэж би боддог.

Анх УИХ-ын гишүүн болоод орж ирэхдээ “Намайг та нар тоохгүй, намайг муулна, шоолно, эцэст нь та нарыг дагуулах болно” гэж хэлж байсан үгээ би мартаагүй


Би М.Энхболдыг огцруулах асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр сууринд хатуу байдаг. Тэр хүн сайн дураараа өөрөө огцрох хуультай. Түүнд би хэлсэн. Тэр үгүй гэсэн. УИХ-ыг хуралдуулахгүй саад хийж байгааг би дэмжихгүй байгаа. Учир нь УИХ аар олон чухал асуудлууд ар араасаа хүлээгдэж байна. Би өмнө Батзандан, Н.Энхбаяр, Женко Баттулга, Алтанхуяг, Хүрэлсүх гээд олон хүнд хууль хэтрүүлсэн хандлагаар хандахад нь өмөөрч хамгаалж, заримынх нь өмгөөлөгч нь хийж, заримыг нь шоронд ороход нь эргэж тойрч тусалж байсан. Надад нэг л зарчим байдаг. Хүн бүр хуулийг дагаж мөрдөх ёстой. Хэний ч эрхийг зөрчсөн хууль бус хандлагаар хэлмэгдүүлж болохгүй гэж үздэг. Эрх зүйт төрийг Монголд хэвшүүлэх мөрөөдөлтэй байдаг. Зөв гэж бодсон бол би хэнээс ч айхгүй үгээ хэлж, тэмцэл өрнүүлж тууштай байхыг хичээдэг. Анх УИХ-ын гишүүн болоод орж ирэхдээ “Намайг та нар тоохгүй, намайг муулна, шоолно, эцэст нь та нарыг дагуулах болно” гэж хэлж байсан үгээ би мартаагүй.

Муу хүн гэж байдаггүй. Харин муу үйлдэл хийсэн хүн гэж байдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс ч Оюун-Эрдэнэ гишүүнтэй адил М.Энхболдын мууг гайхахгүй байгаад та нар гайхаж байгаа байх. Хүн гэртээ л цоорхой оймстойгоо явдаг. Гэрт нь байсан хүн нөхрийнхөө, найзынхаа, ахынхаа, даргынхаа, цоорхой оймсыг мэдээд шоолж байхад нь би дээр нь нэмээд яахав. Би АТГ -т “60 тэрбум”-ын хэргийг шалгуулах бичиг өгч байсан. “Хэрэг биш” гэхээр нь МАН-ын санхүүг нь шалга гээд бичиг өгсөн. Дуугүй байна гэдэг нь дэмжиж байна гэсэн үг биш.

Хүмүүс Миеэ, Мэлзээ гэх мэтээр нас барсан эцгээр нь дайруулж ах дүүтэйгээ нийлж нэвтрүүлэг хийхэд нь даган баясаж инээж шоолоогүй нь үнэн. Учир нь эрүүгийн хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа хэн ч өөрийгөө өмгөөлөх, худал ярих эрхтэй гэдгийг би мэднэ. Шударга бусын хонгилд байж үзсэн хүний хувьд хэлэхэд шударга бусын хонгилыг нураах нь миний хүсэл. Нямбаатарын шүүгчдийн талаархи яриаг сонсоод шалгуулахаар бичиг өгсөн. Хариуг авсан. Би 2016 онд сонгуульд 76-уулаа орсон. Ард түмэн намайг энэ төрд Ганцаараа ажилла гэсэн. Тиймээс өөрт байгаа бүх нөөц бололцоогоор ажиллаж байна. “Та ер нь юу хийсэн бэ” гэж их асуух юм. Олон зүйлийг би ярьж болно. Гэхдээ улсдаа төрдөө 700 сая долларыг олж ирсэн гэж би өөрийгөө магтан хэлэх дуртай .Ер нь тойрогтоо гишүүнийхээ хүрээнд олон улсын түвшинд юу ч хийгээгүй бол УИХ-ын гишүүн гэж өөрийгөө хэлээд ч хэрэггүй. Улс төр том. Харин Улс төрчид цөөхөн. Тиймээс ч би мэдэх тусам мэдэхгүй хүмүүсийн боол болох аюултай гэдгийг мэдэж байгаа учраас хэрэгтэй үед нь хэрэгтэй цагт нь дуугарах хүсэлтэй байдаг. Надтай нэг ч уулзаж үзээгүй, намайг огт мэдэхгүй хүмүүс намайг шоолж муулж байгааг би хараад гайхдаг. Бас тэднийг ойлгохыг хичээдэг. Би тойргийнхоо бүх хүмүүсийн өмнө гараад уйлж байсан. Олон иргэдээ өмөөрч, тэдэнд тусалж байсандаа би баяртай байдаг.

“Улсдаа төрдөө 700 сая долларыг олж ирсэн” гэж би өөрийгөө магтан хэлэх дуртай

Бяцхан дүү нараа үргэлж инээмсэглэл дүүрэн байлгахын төлөө тойрогтоо ажиллаж ирсэн. Цаг нь ирэхээр тэд дүнгээ тавина. Олуулаа орилж байгаад гаргасан олон буруу шийдвэрүүдийг хараад олон түмнийг уриалан дуудаж өөрсдийгөө магтуулснаас өөр юу ч хийгээгүй тэр хүмүүсийг хараад бухимдаж ууралдаг. Ямар сайндаа би “балай амьтан” гэж Нямдоржийг хэлж байх билээ. Тэр 49% ийг төрд авах боломжийг хаасан цорын ганц хүн. Тэр хоорондоо ярилц гэж УИХ ын тогтоол оруулж 49 хүнээр кнопдуулж батлуулсан. Түүний энэ тэр алдааг мэдэлгүй ярилцахгүйгээр удирдлагыг нь Засгийн газраас солиод шүүхээс ярилц гэсэн тогтоол байхад ярилцаагүй байна гэж шүүхийн шийдвэр гаргуулж 49 хувийг бүрэн эрхт өмчтэй болгосон. Одоо юу ч хийсэн “49” олон улсын шүүхэд хандахад бүрэн ялах бололцоог олон нийтийн дэмжлэгээр хийсэн.

Та бүхэн санаж буй бол Занданшатар нэгэн цагт “51% барьцаалагдаагүй. Эрдэнэтийн 92 сая доллар их мөнгө биш” гэж хэлж байсныг мартаагүй байх

51% ийг тэд л бас хамгаалж Эрдэнэтийн иргэдийг хохироох гэж байсан. Та бүхэн санаж буй бол Занданшатар нэгэн цагт “51% барьцаалагдаагүй. Эрдэнэтийн 92 сая доллар их мөнгө биш” гэж хэлж байсныг мартаагүй байх. 150 саяыг Эрдэнэтийн төлөө зарахаас биш хулгайч нарт зарцуулахгүй гэж хэлснээр асуудлуудыг дахин авч үзсэн. Ард түмэн хэнд итгэхээ мэдэхгүй байна гэж надад хэлдэг. Би жагсаалтаар орж ирсэн, тойргоос сонгогдож үзсэн. Одоо олуулаа болж байж өөрчлөлтийг хийхийг хүсэж байна.

Тиймээ, Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дарга М.Энхболд нар энэ өөрчлөлтүүдийг хийж чадахгүй.

Ирж яваа цагийн дууг харьж яваа тэд дуулахгүй. Харин тэд өдөр бүр бидэнд сонирхолтой зүйлсийг л үзүүлнэ. Ах дүү нараа, итгэмжтэй байж итгэл дотроо бат зогсон эр хүн шиг бай гэсэн үг зүгээр ч нэг хэлсэн үг биш. Ард түмэн сэрж байгаа нь тун сайн. Гэхдээ ах дүү нараа үргэлж сэрэмжтэй бай.

Хонины арьс нөмөрсөн чононууд бие биесээ барьж идэж байхад нь бүү саад болцгоо. 

Та бүхнийг хүндэтгэсэн О. Баасанхүү

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?