ОУВС-ийн захирал өөрчлөгдсөн ч сангийн сайд цалин нэмэх эсэхээ асуусаар байх болно!

0

Олон Улсын Валютын Сан (ОУВС) гэх байгууллага манай улсад ямаршуухан нөлөөтэй, ач холбогдолтой талаар ярих нь илүүц бизээ. Тэгвэл ОУВС-ийн захирал Кристине Лагарде (Christine Lagarde) гэх Франц эмэгтэй ажлаа өгөөд Европын Төв Банкны даргаар очхоор болж буй аж. Хэдийгээр дэлхийн хамгийн нөлөө бүхий санхүүгийн байгууллагыг толгойлж байгаа, мөн Европын мөнгө, санхүүгийн хамгийн гол банкыг удирдахаар томилогдож буй ч Кристины хувьд нэг онцлог нь тэрээр боловсролын хувьд эдийн засагч биш юм. Франц, АНУ-д боловсрол олсон тэрвээр хуулийн сургууль төгссөн мэргэжлийн хуульч бөгөөд харин яаж яваад эдийн засаг руу “хальтран” орж дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засаг, санхүүгийн байгууллагуудыг удирдах болсон бэ? Эдийн засаг, санхүүгийн салбарын PhD байтугай мэргэжлийн сургуульд нь суралцаагүй Кристины хувьд эдийн засагч мэргэжлийг ажлын туршлага, мэдлэг чадвараараа олж авсан. Тэрвээр ОУВС-д томилогдхоос өмнө Францын Худалдааны сайд, Эдийн засгийн яамны сайдаар ажиллаж байсан. ОУВС-г амжилттай удирдаж ирсэн гэгдэж буй тэрвээр эдийн засаг суларч буй энэ цаг үед Европын Төв Банкны захирлаар томилогдох гэж буй нь чухамдаа чадварлаг, барууныхны итгэлийг хүлээсэн шилдэг эдийн засагч болсныг илтгэж буй юм.

Америк, Европод Дэлхийн банк, ОУВС, Холбооны Нөөцийн Сан, Европын төв банк, Сангийн сайд зэрэг эдийн засаг, санхүүгийн гол гол албуудын удирдлагад ихэвчлэн эдийн засагч мэргэжилтэй, PhD цолтой нөхдүүдийг тавьдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ уламжлалаасаа татгалзах явдал гарсаар байгаа нь Кристине Лагардын жишээ юм. 2009-2013 онд АНУ-ын Сангийн сайдаар Тимоти Гайтнер ажиллаж байсан бөгөөд тэрвээр анхнаасаа боловсролын хувьд Ази, дорно дахины судлаач мэргэжилтэй хүн байгаад мөн сүүлд эдийн засаг руу “хальтран” орсон нэгэн байсан юм.

Нарийн деталь руу оролгүйгээр хэлхэд дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлдог хоёр байгууллага болох Дэлхийн банк, ОУВС хоёрыг Америк, Европ хоёр засагладаг тогтолцоотой. АНУ Дэлхийн банкны захирал, удирдлагыг сонгон томилдог бол Европын холбоо ОУВС-ын захирал, удирдлагыг томилдог. Ямартай ч манай улсын эдийн засгийг атгадаг ОУВС-ийн захирал солигдох нь. Европын холбоо өөрийн сонгосон хүнээ томилно. Гэхдээ хэн ч томилогдсон ОУВС-ийн бодлогод зарчмын өөрчлөлт гарахгүй. Манай одоогийн Сангийн сайд очиж багш ажилчдынхаа цалинг нэмж болох эсэхийг асуусаар байх болно!

Х.Батсуурь

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?