Ч. Лодойсамбуу: “Эх оронч”-дын хэлж байсан мүүний шашин боловсролын бодлогоос олдохгүй үлгэр байсан

Би өнөөгийн Монголд зуу байсан ч багадхаар мэдлэгтэй бас нуруутай, тэвчээртэй, алсын хараатай, авлига албан тушаалын хулгайгаас ангид хүнийг дагаж явсанаараа бахархана уу гэхээс ичиж нуухгүй

0

Зургаан жилийн өмнө. Нэг орой. Утас дуугарлаа. Сайд залгаж байна. Ороод ирээч гэхэд нь “За” гэж хэлээд салгахдаа цаг хартал 21 цаг өнгөрч байлаа. Сургалтын хөтөлбөрийн цогц шинэчлэл, 1000 инженер гээд ид завгүй байсан үе л дээ.

Ихэнх нь өглөө 08:30-аас үдэш болтол хязгааргүй цагаар ажиллаж байсан. Яваад орлоо. Мань хүн хөглөрсөн их цаасан дунд ганцаараа сууж байна. Миний араас туслахынхаа барьж орж ирсэн кофеноос нэг том балгаад “За яах санаа байна? Бодож байгаа юм байна уу?” гэв.

Юуны тухай асууж байгааг нь би сайн мэдэж байсан, дээр нь анхнаасаа л тэр тухай нэг юм бодчихоод бухимдаад явсаныгаа хэллээ.

“Аль эрт л явуулах байсан юм. Огт хамаагүй байж бид нар бүгдээрээ “Мүүнчин” болчихлоо. Хүмүүс чинь Боловсролын нарийн ширийнийг шууд ойлгохгүй. Нэг хүнийг ажлаас нь халах үгүй дээр л анхаарна. Бүтэн улсын боловсролын бодлогыг нэг сайд, газрын дарга хоёр биш 1000 эрдэмтэн гардаж хийдэг гэдгийг нь хэлээд, гэхдээ олон нийтийн санаа бодол нэгэнт айж түгшсэн байдалтай болсон тул Насанбаярыг чөлөөллөө л гэе”

гээд хэлж дуусаагүй байтал мань хүн огцом өндөр дуугаар “Чамаас ийм үг сонсох гэж дуудсан гэж бодоо юу? Наадхыг чинь л бүгдээрээ хэлж байна. Тэр хүн тийм шашинтан байлаа. Тэгээд тэрийг нь би мэдэнгүүтээ ажлаас нь чөлөөлүүлнэ гэж үү? Тэр тусмаа үгүй. Би чинь нэг улсын Боловсрол, Шинжлэх ухааных нь сайд юм байгаа биз дээ? Дэлхий харж байгаа. Монголын боловсрол, шинжлэх ухааны сайд яамныхаа газрын даргыг шашны итгэл үнэмшлээс нь болж халлаа гэж тэд ярина. Би тэр хүнийг чөлөөлүүллээ гэж бодоход ганцхан хоногийн дараа Ардчилсан орны ардчилалгүй Засгийн газрын Эрх чөлөөний ямар ч мэдрэмжгүй сайд болж хувирна. Би өөрөө доромжлуулахгүйн төлөө бүтэн улсын ардчилал, эрх чөлөөнийх нь үнэлгээг шороотой хутгах юм уу? Дэлхийн бусад бүх орны бодлогын байгууллагуудад янз янзын л шашинтай, итгэл бишрэлтэй хүмүүс хамт ажиллаж байгаа. Ялгаа нь тэд зүгээр л шинжлэх ухаан, шашин хоёр тусдаа зүйл гэдгийг мэддэг юм. Чамаас зөвлөгөө авъя гэж дуудсан болохоос хичээл заах гээгүй, явж амар!” гэлээ.

Хүн загнаж хөөх нь бүү хэл баргийн юманд нэг их автаж ааш авир гаргадаггүй хүн ингэхийг бодоход их ажлын хажуугаар дээр дооргүй их л дарамт ирж дээ гэж бодож тайвшраад хэлсэн үгийг нь нэхэн саналаа. Нээрээ л тэр нэг хоёр хүний биш бүтэн улсын Ардчиллын асуудал болчихсон байсныг би ойлгоод хэдэн сарын турш нийгмээс тусгаарласан их доромжлол, гүтгэлгийг үүрч яваа тэр эмэгтэйг аргагүй их өрөвдсөн юм.

“Тэртээ хэдэн жилийн өмнө оюутан залуусын хөгжил рүү чиглэсэн ажилд нь оролцож байсаан” гээд эртхэн үнэнээ хэлчихэлгүй гөжүүдэлсээр гүтгэлэгт нь хүч өгчихсөнд л асуудал байсан юм даа… Тэр цагаас хойш энэ салбар дөрвөн ч сайдын нүүр үзэхэд өнгө өнгийн үстэй өнөө “эх орончдын” хэлээд байсан шашныг Боловсролын бодлогоос хайгаад олоогүй л юм. Угаасаа боломжгүй. Үлгэр байсан. Бүх л сайд нарын хүлээн зөвшөөрч, улам сайжруулах хэрэгтэй гэдгээс өөр үг хэлэлгүй хэвээр нь авч яваа өнөөгийн боловсролын бодлогыг боловсруулсан хүчирхэг багт багтаж явснаараа би үргэлж бахархдаг.

Намайг Гантөмөрийн бууны нохой, цүнх баригч гээд элдвээр л хэлдэг юм. Цүнхийг нь барьж өгсөн үе бий бий. Нуухгүй. Ямар хэн нэгний хуйвалдааны төлбөрөө чихсэн мөнгөтэй цүнхийг барьсан биш ичих ч үгүй. Дүүрэн ном давхарласан хоёр бор цүнх бариад 21 аймгийг хоёр удаа хамт тойрсон юм. Мөнгөнөөс нь болж хулгайчтай нөхөрлөж явсан хүн л нөхрөө мухардахад “Би сайн танихгүй. Ойр байгаагүй” гэж мэлздэг. Би өнөөгийн Монголд зуу байсан ч багадхаар мэдлэгтэй бас нуруутай, тэвчээртэй, алсын хараатай, авлига албан тушаалын хулгайгаас ангид хүнийг дагаж явсанаараа бахархана уу гэхээс ичиж нуухгүй.

Хүн амьдралдаа элдвийн л ажил хийдэг. Олон ч даргын удирдлагад багтдаг. Тэр бүгдийнхээ хүн, бууны нохой, тэжээвэр гэх зэргээр дуудуулах юм бол би лав Цэцэг төвийн хажууд байсан “Аполлон” рестораны захирал Чан, “And1” пүүзний дэлгүүрийн эзэн Отгоо, бассейнд нь ажиллаж нойтон углаашийг нь хуурай болтол арчиж өгдөг байсан “Жигүүр гранд”-ын Б.Баттөрийн гээд бүгдийнх нь хүн. Өнөөдөр нэгнийх нь төрсөн өдөр. Мэнд хүргэнгээ хэдэн үг хэлчихье харин;)
Төрсөн өдрийн мэнд хүргэе Лу.Гантөмөр сайд аа. Таны багт ажиллаж байсныгаа үргэлж их аз гэж бодож явдаг шүү! Ингээд хэлэхээр хүмүүс “Өө, Лодой чинь сонгуулиар Гантөмөрийнхөө пиарыг хийх юм байна” гэж бодож магад. Тэгж явсан үе надад бий. Одоо харин тийм биш. Энэ хүн ба түүнийг тойрсон хүмүүсийн хооронд бусдынхаас ялгаатай нь эд хөрөнгө, цалин мөнгө, хоолон дээр биш итгэл үнэмшил, үзэл бодол, хүндлэл дээр тогтсон нандин харилцаа оршиж байдаг юм.

Мэдэх хүмүүс нь хэлнэ дээ. Тэр хэзээ ч хэнийг ч өөртөө туслахыг хүчилж, албаддаггүй. Жинхэнэ эрх чөлөөний үзэлтэй хүн. Та нарт харин зөвлөе. Эх орны нэр барьсан хулгайчийн мөнгийг биш мэдлэгтний ухааныг хэсэг дага. Суралц. Битгий ич. Амжилт хүсье.

Сэтгүүлч Ч. Лодойсамбуу

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?