МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 96 ЖИЛИЙН ОЙ, УУРХАЙЧДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

0
13

Монгол Улсын уул уурхайн салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн уурхайчид та бүхэндээ Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн баярын мэндийг Ашигт малтмал газрын тосны газрын өмнөөс болон хувиасаа хүргэе.
Төрийн бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангуулах, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэхдээ олон улсын стандартад нийцсэн, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрдэс баялгийн нөөцийг иж бүрэн зохистой түвшинд олборлож, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай технологи ашиглах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. 
 Салбарын хамт олон 96 жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна. 2018 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 14,1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2,3 их наяд төгрөгөөр буюу 19,5 хувиар өслөө. Үүнд Уул уурхайн олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 10,2 их наяд төгрөгт хүрч 18,3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхайн олборлох салбар 72,3 хувийг эзэлж байна. Мөн 2018 оны эхний 11 сарын байдлаар 44,4 сая тонн нүүрс, 1,203.1 мян тн зэсийн баяжмал, 19,2 тн алт, 4,9 мян.тн молибдений баяжмал, 3,2 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 67,9 мян.тн хайлуур жоншны баяжмал, 77,8 мян.тн цайрын баяжмал, 5.8 сая баррель газрын тос, 13.0 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна. 
Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт ажиллаж байгаа хамт олондоо олсон амжилтаа улам бүр бататгаж, эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэхийн дашрамд та бүхний мэлмий тунгалаг ажил үйлс, амьдрал нь үеийн үед өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ 
ГАЗРЫН ДАРГА Х. ХЭРЛЭН

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here