Монгол маркийн “Эцэг”-ийг олж тогтоосон нь…

0
Манай урлаг соёлын алтан үеийн алдартнуудын нэг Ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хүү сэтгүүлч Болдтой Монгол марканд хамтран зүтгэж байлаа. Эрхэм дүү 2007 онд “Монгол маркийн түүх” гэдэг бэсрэг номон хөшөө дурсгал бүтээж түүнээсээ нижгээдийг надад хүндэтгэлийн үгтэй бэлэг болгон илгээж байжээ. Нэг бүлгийг надад зориулж, бүр “Тод мөртөй зураач“ гээд томдсон нэр өгчихсөн. Энэ номын 91-97-р хуудасанд өчүүхэн миний монгол марканд оруулсан хувь нэмрийг ихэд үнэлэн хөндлөнгийн хүн байтугай би өөрөө бараг мартчихсан байсан зүйлсийг гаргаж бичсэн байдаг. Баярламаар шүү! Олон жилийн дараа сая энэ номыг гаргаж ирж уншлаа. Тэр номын 96-р хуудасанд ингэж бичсэн байна!
… Монгол шуудангийн анхны маркийг санаачлагч М.Бат-Очир агсны тухай судлан сурвалжилж, түүхэн гавьяаг нь тодруулж, түмэн олонд анх мэдээлсэн хүн бол зураач Т.Отгонбаяр билээ…гэж!
Түүнийг уншаад мартагдсан олон дурсамж сэргэж байна, гэхдээ хагас дутуу!
Монгол улсын анхны шуудангийн маркуудыг хэн зурсан тухай нэг эргэлзээтэй асуудал байдаг шиг хэн гэдэг хүн энэ түүх урлаг соёлын үнэт зүйлсийг Монголд санаачилж ажил хэрэг болгосон юм бол гэсэн асуултад 1983 онд Монгол маркийн зураач болсон цагаасаа эхлэн хариулт хайдаг байлаа.
Тухайн үеийн мэдээлэлийн хэмжээнд хайхад тодорхой хүний нэр ус байхгүй !
“Монгол улсын анхны марк 1924 оны 7-р саын 4-нд хэвлэгдэн гарчээ… Марзан хэмээх Шарав зуржээ… “ гэх мэтээр нэг загварын мэдээг жоохон жоохон өөрчлөөд copy past хийгээд байх нь тэр, хэвлэл мэдээлэлээр! Эцэггүй хүүхэд гэж байх ёсгүйн адил хэн нэг хүн байх л ёстой доо гэж бодох боловч түүнийгээ цааш нь лавшруулаад ухаад түнхээд явсангүй. Ийм байдалтай маркийн зураач байсан анхны үеэ буюу 1983-87 оныг өнгөрөөсөн байдаг. 1997 онд би Монгол марктаа эргэн ирлээ! Тэр цагаас эхлэн энэ асуудалыг ер нь нэг тийш нь гаргая гэж бодох боллоо. Яагаад гэвэл би монгол марканд шинэчлэл хийх гэж ирсэн, өмнөх үе шиг зүгээр дээрээс өгсөн үүргийг биелүүлдэг гүйцэтгэгч байхыг хүсээгүй!
Нэгэнт шинэчлэл хийх юм бол Монгол маркийн “эцгийг” олж тогтоох ёстой биз дээ! Түүх бичлэгт нь шинэчлэл хийж тэр copy past-ыг зогсоох хэрэгтэй! Олон жил бодож явснаа ажил хэрэг болгодог хэрэг гэж би бодож байлаа.
Миний эхэлсэн шинэчлэлийн үр дүн эхнээсээ гарч эхэлсэн тул 1999 оноос би хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч эхэллээ. 2002 онд байх, нэг удаагийн ярилцлага бил үү бичвэр дээр энэ сэдвийг хөндөв. Ямар сонин билээ,санадаггүй ээ. (Тэр сонинг олж өгөх буянтай хүн олдох болтугай!) Удалгүй манай ажил дээр надтай уулзахаар нэг өндөр шар өвгөн ирлээ. Нөгөө сониныг барьчихаж! Тэр хүн бол хурандаа Бат-Очирын Цэрэнпил гэдэг насаараа цэргийн албанд зүтгээд тэтгэвэрт гарсан хүн юм байна. Өвгөний яриаг сонслоо. Тэгээд хэллээ, та наад яриагаа холбогдох баримт бичгээр нотлож чадвал зөвхөн эцгийнхээ төдийгүй монгол улсын шуудагийн маркийн “эцгийн” нэр төрийг сэргээх түүхэн үйлс та бүтээнэ шүү, гэж!
Нэг их удалгүй мань хөгшин холбогдох бичиг баримтуудыг цуглуулснаа барьсаар ирэв. Архивийн болон хувийн бичиг баримт,зураг сэлт байна. Уг нь 1960-аад онд нэг хүн монгол маркийг М.Бат-Очир агсан анх санаачилсан тухай бичсэн боловч тэр нь мартагдсан ч юмуу мэдээллийн эргэлтэнд ороогүй юм байна лээ! Б.Цэрэнпил хурандаагийн авчирсан баримт сэлт дээр үндэслэн би бээр манай “Монгол Шуудан” компаниас эрхлэн гаргаж эхэлсэн “Ардын Элч” гэдэг шинээр мэндэлсэн сонинд нэг бичвэр нийтлүүллээ. Намайг энэ сонинд маркийн булан хариуцан хөтөл, түүн дээр нөгөө яриад байдаг маркийн санаачлагчаа гаргаж бичээрэй гэж Ж.Жанцан захирал үүрэг болгосон юм.
Ийнхүү Монгол улсын шуудангийн маркийн анхны санаачлагч нь Мандалын Бат-Очир гэдэг хүн болох нь тодорхой баримт гэрчтэйгээр нэгэнт нотлогдсон тул энэ хүний дурсгалд зориулан шуудангийн дурсгалын марк (souvenir sheet) бүтээх саналаа “Монгол шуудан“ компаний удирдлагад тавьж улмаар Монгол маркийн 80 жилийн ойд зориулан гаргахаар 2004 онд хэвлэгдэх маркийн төлөвлөгөөнд оруулан батлуулж маркийн нэрт зураач Цэрэнгийн Цэнгэлээр зуруулахаар төлөвлөж байсан юм. Гэвч би бээр 2003 онд ажлаас халагдсан тул энэ маркийг зуруулах ажлыг хариуцах боломж гарсангүй. Ц.Цэнгэлийг мөн надтай цуг халсан тул түүнд энэ маркийг зурах завшаан таарсангүй. Бидний ажлыг мэргэжлийн бус хүмүүс залгамжлан авч үлдсэн бөгөөд тэд уншигч таны харж байгаа энэ маркийг бүтээжээ. Харамсалтай нь үнэхээр мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага тэдэнд дутагдсан учир зарчимийн алдаатай марк гарсан байдаг. Учирыг тайлбарлая. Шуудангийн дурсгалын марк (souvenir sheetlet) нь шуудангийн марк (postage stamps) болон дэвсгэр талбай (sheetlet ) гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Маркан дээр үнэ бичигдэх тул энэ нь үнэт цаас юм. Тухайн маркийг олон улсын маркийн каталогуудад (дэвсгэр талбайгаас нь тусгаарлан салгаж) тусгай дугаар өгдөг. Дэвсгэр талбай дээр тусад нь үнэ бичигдэхгүй тул яг үнэт цаас гэж үзэх боломжгүй. (Үнэт цаас гэдэг утгаар нь ингэж хоёр тусад нь үзэж байгаа юм) Тухайлбал, энэ маркан дээр М.Бат-Очир агсаны хөрөг байх ёстой. Бүр ёстой шүү! Харин цаад дэвсгэр талбай (sheetlet) дээр үндсэн маркаа тодотгосон дүрслэл,текст байхад л болчих юм. Гэтэл яг эсрэгээр нь хийчихсэн! Зургийг толгойгоор нь уруу харуулаад тавьчихсан юм шиг! Намайг энэ ажлаас халдагтаа хал аа, харин Ц.Цэнгэлийг халж болохгүй, энэ ажлыг мэргэжлийн хүн хариуцахгүй бол болдоггүй юм гэж тэр үеийн “Монгол шуудан” компаний удирдлагад хэлсэн боловч үл тоосон.(Энэ мэт алдаа гарч эхэлсэн тул тэд Ц.Цэнгэлийг эргүүлж ажилд нь авсан болно) Ядахад яр гэгчээр тухайн хүнийхээ нас барсан оныг бас буруу биччихсэн тухай Чи.Болд сэтгүүлч харамсан өгүүлсэн байна.
Ирэх 2024 онд Монгол шуудагийн маркийн 100 жилийн ой болох тул тэр цагт Монгол маркийг санаачлагынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж нэгэн сайхан марк гаргаж өмнөх алдаагаа засах талаар холбогдох байгууллага, албаны хүмүүс анхаарна гэдэгт итгэж байна! Одоо энэ сэдэв мэдээлэлийн эргэлтэнд баттай орж Монгол маркийг анхлан санаачлагч М.Бат-Очир агсан түүхэнд байр сууриа эзэлсэнд өчүүхэн би бээр их баяртай байдаг юм. Миний хувийн бахархал юм даа! Дахин сануулахад, 1960-аад онд нэг хүн энэ тухай дуугарсан боловч дарагдчихсан юм шиг байдаг! Яагаад? гээд бодоод байхаар тэр үед Ю.Цэдэнбал дарга эсэргүүний асуудлыг гаргаж тавих тун дургүй үе байсан байдаг. Тэгэхээр Чи.Болд сэтгүүлчийн миний гүйцэтгэсэн үүргийн тухай тодорхойлолтоос “анх” гэдэг үгийг өөрчлөх хэрэгтэй юм шиг байна. Миний гүйцэтгэсэн үүрэг бол, мартагдаж дарагдсан сэдвийг дахин гаргаж тавьсан болон мэдээллийн эргэлтэд оруулсан явдал болов уу! За яаж тодорхойлдог ч бай, гол нь Монгол маркийг санаачлагч хэлмэгдэж цаазлуулсан хөөрхий тэр хүний сүнс амирласан, үр ач нар нь баярлаж, түмэн олон түүхийн үнэнийг олж мэдсэнд л гол учир холбогдол байна гэж өчүүхэн би бээр мунхаглана. Б.Цэрэнпил гуай маш их баярлаж байгаагаа илэрхийлж над руу нэг удаа утсаар ярьсан санагдана.
(Жич: Хурандаа Б.Цэрэнпил гуай болон түүний үр хүүхэд ач гуч нь байвал надтай Facebook-ээр Tod Otgonbayar хаягаар холбогдохыг хүсье!)
Маркийн зураач асан Тодын Отгонбаяр. Лондон хот. 2021.06.30 – 07.03
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?