МОНГОЛД НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ ТОГТОЖ, ДҮРВЭГСЭД НЭМЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ

0

 

Монгол Улсад саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг, сөрөг хүчин болон зарм хэвлэл мэдээллийн хэрэгсэл, залуучуудын олонх нэг намын дарангуйлал тогтох үндэс суурь бүрдлээ хэмээн үзэж байна.

Сонгууль болохоос 6 сарын өмнөөс эрх баригч болон сөрөг хүчний хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шинээр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хэрхэн яаж бүртгэх талаар эх адаггүй маргаан өрнөж, эцэс сүүлдээ Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дагуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй болж, түүний оронд Ардчилсан нам хоёр сулхан нэр дэвшигч дээр маргалдан цаг алдсанаас хоёр хуваагдаж, эрх баригчдад боломж олгон Ерөнхийлөгчийн суудлаа алдлаа.

Энэ их маргаан тэмцэлдээнд хэвлэл мэдээллийнхэн татагдан оролцож, санхүүжүүлэгч улс төрийнхөө нам хүчнийхээ өмнөөс хатуу байр суурь баримталсан нийтлэлээр бие биенийгээ цохиж унагах гэсэн оролдлого нь залуучуудын дургүйцлийг төрүүлж, тэднийг сонгуульд саналаа өгөхөд сөргөөр нөлөөллөө.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 2.1 сая хүний нэрс бичигдсэнээс 60 гаруй хувь нь саналаа өгсөн нь өмнөх 5 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс хамгийн доогуур үзүүлэлт байлаа. Ялангуяа 18-35 насны залуучуудын оролцоо эрс сул байв. Сөрөг хүчинд саналаа өгөгчдийн дийлэнх нь гурав дахь хүчний нэр дэвшигчдийн төлөө болон огт санал тэмдэглэлгүй өгсөн нь Ардчилсан намаас нэр дэвшигчийг хамгийн сүүлийн байранд жагсахад хүргэв.

Энэ бүхнийг судлаачид Ардчилсан намд итгэх олон түмний хандлагад өөрчлөлт гарсан, залуучууд огт өөр шинэчлэлтийг хүсч байгаа, сонгуулийн ардчилалаар далимдуулан дарангуйлал тогтоохыг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж байна.

Үүнд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйлс нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн оролцоо байсныг бүгд хүлээн зөвшөөрч байна. Монголын улс төрийн нам, улс төрчид хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг өөрийн талд үйлчлүүлэхийн тулд бүх талаар чармайн уралдаж байна. Өнөөгийн монголын парламент 76 суудалтай. Үндэсний хэмжээнд монгол хэлээр цацагдаж байгаа 80 гаруй телевизийн сувгийн ар талд нэг нэг улс төрч байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй. Энэ мэтчилэнгээр монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүхэлдээ улс төрчдийн гарт байна. Тэдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд, бизнесийн орлого, санхүүгийн мэдээлэл үндсэндээ хаалттай байдаг. Цөөхөн хүн амтай монголын зах зээлд хэт олон хэвлэл мэдээллийн байгууллагууд ашиг, орлого муутай ажиллаад байгаа хэрнээ оршин тогтнож байгаагийн цаад учир нь хэвлэл мэдээллийн эзэмшигчид санхүүгийн ашгийн төлөө гэхээс илүүтэй улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага үүсгэн байгуулж, эсвэл худалдаж авч байна хэмээн үзэж болно.

Уг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны журмаар хэвлэл мэдээллийн эзэд, удирдах бүрэлдэхүүнийг ил болгох ёстой боловч тэдгээрийн ашиг сонирхлыг, тухайлбал гэр бүлийн гишүүд, улс төрийн намын харъяалал зэргийг нийтэд ил тод зарлах заалт байдаггүй. Хэдэн жилийн өмнө түүвэр судалгаагаар хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингд 39 мэдээллийг хэрэгслийг хамруулахад  29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч нь улс төрийн хамааралтай байв.

Тийм ч учраас монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр танин мэдэхүйн, цэнгээнт, амралт, соёл, урлагийн нэвтрүүлгийн эзлэх хувь нь улс төр мэдээллийн нэвтрүүлгийн хувиас харьцангуй бага байдаг нь олон нийтийг  талцуулж, улстөржүүлэн, маргаан тэмцэлд татан оролцуулж, бие биенээ үзэн ядахад хүргэж, нийгмийг бухимдуулан, амьдралд итгэх итгэлийг алдагдуулах үндэс суурь болж байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар дагнан ажилладаг дотоодын ТББ болох Глоб Интернэшнлийн мэдээлснээр цагдаа, улс төрчид болон томоохон бизнесийн байгууллагын зүгээс төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталсаар байна.

Хэвлэл мэдээллийнхний эсрэг төрийн алба хаагч, хувийн компаниуд болон хувь хүмүүсээс гүжирдэн гүтгэсэн гэсэн гомдол гарсан. Шүүхээс бусдыг гүтгэн доромжилсон хэргүүдийн дийлэнхийг  Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр саяас 20 сая хүртэлх төгрөгөөр ($770-$7,700) торгох шийтгэл оноосон байна.

Дээрх хуульд сонгуулийн кампанит ажлын үеэр хэрэгжих онцгой зохицуулалтыг заасан бөгөөд сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр төрийг гутаасан худал, буруу ташаа мэдээлэл тараасан нь тогтоогдвол 450,000-аас 5.4 сая хүртэлх төгрөгөөр ($175-$2,100) торгох, эсвэл нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ял оноох ажээ. Мөн буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, хүний нэр төрийг гутаан доромжилсон тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын гэрчилгээг  6 сараар түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоох зэргээр тус хуулиар сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг арга хэмжээ авахаар нэмэлт хязгаарлалт оруулсан байна.

Глоб Интернэшнлийн хийсэн судалгаагаар сэтгүүлчдийн 23.3 хувь нь тэдний ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрчид, бизнесийн элитүүдтэй санхүүгийн, эсвэл хувийн харилцаатай байдаг учраас зарим мэдээллийг цацалгүй өнгөрөөдөг гэжээ. Түүнчлэн Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төвийн мэдээлснээр дээрхтэй адил шалтгаанаар сэтгүүлчид зарим тохиолдолд өөрөө өөртөө цензур тогтоодог байна.

“Монголын сэтгүүлчид улс төр, арилжаа, тэр дундаа удирдлагынхаа нөлөөллөөс ангид, хараат бусаар ажиллаж чадвал, авлигын хэргүүдийг олон нийтийн анхааралд хүргэхэд дөхөм болж, энэ нь тус улсын ардчилсан тогтолцоонд ашиг тусаа өгөх нь гарцаагүй” хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын Зүүн Ази хариуцсан товчооны тэргүүн Седрик Алвиани хэлэв.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг нийтээр сахин хүндэтгэдэг хэдий ч, редакцын хараат бус байдалд саад тотгор болсон ашиг сонирхлын зөрчил хэвлэл мэдээллийн орчинд түгэн дэлгэрээд байна.

Монгол Улс 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 68 дугаарт жагсаж байна.  Эх сурвалж: “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) ОУБ

Корона вирусын цар тахал дэгдсэн сүүлийн нэг жил хагасын хугацаанд Монгол Улсад улс төрийн 3 том сонгууль болж өнгөрлөө. 2020 оны зургадугаар сард болсон Улсын Их Хурлын сонгууль, 2020 оны аравдугаар сард орон нутгийн, 2021 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль тус тус болж, бүх сонгуулиудад эрх баригч Монгол Ардын Нам хэт олонхийн саналаар ялалт байгуулж, төрийн бүх эрх мэдэл үндсэндээ нэг намын гарт төвлөрлөө. Хэдийгээр энэ бүхэн ардчилсан сонгуулийн зарчмаар шийдэгдсэн ч олон нийтийн санаа бодол бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэсгүй юм. Цар тахлын үеийн хөл хорио, онцгой дэглэм, хэт хавтгайрсан халамжийн бодлого, эргэлзээ төрүүлсэн хэвлэл мэдээллийн дайралтууд, нийгэмд бүхэлдээ үүссэн айдас хүйдэс тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Үүнийг сонгуулийг ажигласан гадаад дотоодын мэргэжилтнүүд дүгнэлтдээ дурдсан байна.

Монголын парламент дахь сөрөг хүчний ахлагч Д.Ганбат “. . . Монголд амьдрах хэцүү боллоо. Ковидын цар тахлын хорионд байгаа тулдаа л Монголдоо байцгааж байх шиг байна. Бүгд зугтаад явахаар боллоо шүү. Монголын хамгийн сүүлчийн хүн “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын гэрлийг унтраагаад явбал явахаар болчихлоо” гэж байр сууриа илэрхийлэв

Одоо шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа авсны дараа яах бол гэсэн нийгмийн хүлээлт байна. Ямарч байсан ихэнх залуус түүнд итгэхгүй байна. Цар тахал намдаж, хил хорио суларвал бушуухан гадаадад дүрвэх залуучуудын тоо олон байгаа бололтой.

Г.Энхбаатар

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?