ИХ НАЙРАГЧ Ш.СҮРЭНЖАВ БУРХНЫ ОРОНД ЗАЛАРЛАА

0
14

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав бурханы оронд заларчээ.

Тэрээр 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Авдарбаян хэмээх газар төржээ.

Тэрбээр 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн.

1960 оноос эхлэн зохиол бичиж, Зохиолчдын эвлэлийн гишүүнээр 1966 онд элсчээ.

Түүний уран бүтээлээс дурдвал

“Ерэн баатрын дууль”,
“Шөнө ургасан цэцэг” найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм.
Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь

“Гарьд магнай” /1983/,
“Тод магнай /1990/,
“Цэц магнай” /1995/ уран сайхны кино бүтээжээ.
Ш.Сүрэнжавын олон шүлэг, найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан байна

Гавьяа шагнал

  • МЗЭ-ийн шагнал /1972/ – “Нутгийн цэнхэр уулс” номоороо,
  • БНМАУ-ын Төрийн шагнал /1988/ – “Ерөн баатрын дууль” “Гар”,”Багш” найраглалаараа,
  • Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол /1999/,
  • Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/ авсан.

Ум сайн амгалан болтугай

“Тэнгэрийн хүү”

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.

Түүний тухай сүүлд гарсан ТВ нэвтрүүлгээс

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here