З.НАРАНТУЯА: МАН ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДАМЖГҮЙ БОЛСНОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ШИНЭЭР УИХ БҮРЭЛДЭХ БОЛОЛЦООГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

0

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн УИХ-ыг нэн даруй тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан явуулах тогтоолыг санаачлах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг   хүлээн авч, хэрэгжүүлэн ажиллах нь  зүйтэй гэж  шийдлээ. Гаргасан шийдвэрийнхээ  талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм.

З.Нарантуяа: МАН-ынхан  үүргээ биелүүлэх чадваргүй гэдгээ зөвшөөрөөд УИХ-ын үйл ажиллагааг дуусгавар болгох хэрэгтэй

МАН-ын 60 тэрбумын схем ажилласан гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогдсон. 2016.06.31-ний өдрөөс хойш төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан 22 мянган хүн байна. Эдгээр хүмүүсийн жагсаалтыг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан. Эдгээр хүмүүсийг халахдаа улсын төсвөөс тухайн жилдээ  25 тэрбум төгрөг 2017, 2018 онд тодорхой мөнгийг тэтгэмж болгон өгч байгаа юм. Дээр нь төрийн албанаас 13,5 мянган албан тушаал буурсан, шинээр томилогдсон хүмүүсийн жагсаалт гарсан. Үүнийг АТГ болон бусад  холбогдох байгууллагууд шалгаж нотолж явуулахгүй байна.Түүнчлэн саяхан Засгийн газраас 10 гаруй мянган төрийн албан хаагчийг төвшин тогтоох шалгалт нэрээр очиход 60 орчим хувь нь зөвхөн сүүлийн гурван жилийн дотор шинээр томилогдсон байгаа юм. Эдгээрээс харахад жаран тэрбумын схем нь хаа хаанаа ажилласны нотолгоо байхад үүнийг зөвхөн нэг талын бүлэглэлийнхээ буруу юм шиг харагдуулах сонирхол  байгаа бөгөөд нөгөө тал нь ч шударгаар илчлэх сонирхолгүй гэдгээ харуулж байна .Өнөөдөр МАН  УИХ-д 65 суудал авч амласан мөрийн хөтөлбөр 10 хүрэхгүй хувь нь биелэлттэй байна.Үлдсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй болсон. Тиймээс Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, МАН-ын эрх баригчид та бүхэн эргэж нэгдэж чадахгүйн зэрэгцээ төрийн эрх барих үүргээ биелүүлэх чадваргүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд УИХ-ын үйл ажиллагааг дуусгавар болгох хэрэгтэй гэж шаардаж байна.Бид ч мөн дуусгавар болгохын төлөө байна гэдгээ албан ёсоор илэрхийлж байгаа юм.

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын Засгийн газарт нийт долоон удаагийн шаардлага хүргүүлсэн. 60 тэрбумын асуудлаар ч гэсэн нээлттэй хэлэлцүүлэг хийхийг шаардсан. Харамсалтай нь бүгдээрээ нэг байхдаа хамгаалаад хийгээгүй. Муудахаараа нөгөө бүлгээрээ хийлгэх гэж жүжиг тоглохоо больсон нь дээр. Үүнээс гадна ЖДҮ-ийн асуудлаар зөвхөн МАН-ын хэдэн гишүүн ажлын хэсэг байгуулна гэж байгаа юм биш.Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр төсвөөс хуваарилагдсан  мөнгө болгон үр ашигтай, эзэндээ очсон байх ёстой гэсэн үүднээс ЖДҮ  болон бусад санг шалгах санаачлагыг гаргасан байгаа. Валютын ханш өр зээлийн асуудлаар тавьсан асуулгад хариулт өгөх  хүн алга. Тийм учраас нэн даруй УИХ тарж,ээлжит бус сонгуулийг зохион байгуулж, шинээр байгуулагдаж УИХ жинхэнэ шударга ёс хуулийн засаглалынхаа төлөө ажиллах боломжийг нь бүрдүүлээд явах цаг нь болжээ

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?