З.Нарантуяа гишүүн угаартаж амь насаа алдсан хоёр охины гэр бүлийн үгийг дамжууллаа

0
16

УИХ-ын гишүүн З.Нарантуяа угаартаж амь насаа алдсан хоёр жаахан охины гэр бүлийн үгийг УИХ-ын чуулган дээр дамжуулж хэллээ

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/2417578535179627/

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

“Миний хувьд угаартаж нас барсан хоёр хүүхдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, ажил явдалд нь оролцоод ирсэн. Харамсалтайгаар амь насаа алдсан хоёр хүүхдийн өвөө н.Мөнхбат гуай надаар дамжуулан УИХ-ын гишүүд та бүхэнд үг дамжуулж асуулга хүргүүлсэн. Өвөө Мөнхбат гуай:
“Мэдээж утааг багасгах гэсэн Засгийн газрын бодлогыг бид үгүйсгэхгүй. Цаашид ард иргэд энэ мэт бодлогыг мөнхийн хэрэгжүүлж, арга замыг сайжруулахын тулд явах ёстой. Мөн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа энэ аргыг ч бас буруутгаагүй. Гэхдээ шахмал түлшийг илүү сайн технологиор, өндөр түвшинд бүх төрлийн лабораторийн шинжилгээ судалгааг хангаж байж үйлдвэрлэх ёстой. Гэтэл яагаад та нар аюулгүй байдлын баталгааг нь хангаагүй түлшийг ард иргэдэд тараагаад өгсөн юм бэ? Энэ нь мэдлэг мэдээлэл муутай ар түмэн бидэнд зүгээр л химийн зэвсэг өгөөд, өөрөө өөрсдийгөө егүүтгэ гэсэн ийм л арга хэмжээ боллоо. Энэ дээр төр засгийн ажил хариуцсан аль нэг хүмүүс хариуцлага хүлээхгүй юмуу?

Хариуцлага хүлээгээд энэ буруутай үйл ажиллагаагаа засая гэсэн нэг ч гэсэн төрийн албан тушаалтан уучлалт гуйгаад үнэн байдлаа хэлэх боломжгүй байгаа юмуу, дөнгөж өчигдөрхөн хоёр хүүхдийнхээ инээж хөхрөөд явж байхыг нь харж баясаж байсан залуу эцэг эх энэ их сэтгэлийн хямрал, шокийн байдалд орсон нөхцөл байдал арилаагүй байхад, ядаж манай гэр бүлийн эмгэнэлийг хүндэтгээд өөрсдийгөө зөвтгөж байгаа мэдээ мэдээллээ нийтэд өгөхөөсөө өмнө, “хариуцлагаа бид бүхэн хүлээнэ” гээд, бидний зовлон гунигаас хуваалцаж эмгэнэл илэрхийлж болоогүй юм уу?” гэснийг өнөөдрийн чуулганы танхимд гишүүд, сайд нар та бүхэнд албан ёсоор дамжуулан хэлье.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here