Г.Энхбаатар: Сэтгүүлчид нийгмийн хандлагыг өөрчлөх хүч юм

0
15

Сэтгүүлчдээр дамжуулан иргэд, олон нийтэд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг Оюуны дархлаа ТББ нь 2008 онд байгуулагджээ. Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатартай уулзаж ярилцлаа.

-ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчдийн дагнасан байгууллага манайд хэчнээн байдаг вэ?

-Яг энэ талаар дагнан үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчдийн байгууллага гэвэл “Оюуны дархлаа” ТББ л байна. Манайхаас өмнө ганц нэг санаачлага гарч байсан боловч тэр бүр бүтэлтэй болж чадаагүй юм билээ.

Харин МУЗН нь 2006 оноос Австралийн Улаан загалмайн болон Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран “ХДХВ/ДОХ-ын халдвартай ба халдварт өртөмтгий бүлэг хүмүүст болон сэтгүүлчдэд хандсан олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд МУЗН нь анх МСНЭ-тэй хамтран ажиллаж сэтгүүлчдэд зориулсан сургалт явуулж эхэлсэн юм. Ингээд 2007 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “ХДХВ/ДОХ-ын эсрэг сэтгүүлчдийн оролцоо” гэсэн Үндэсний семинарыг дээрх хоёр байгууллага хамтран зохион байгуулж, 21 аймгийн болон нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцож, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, цаашид энэ асуудалд хэрхэн яаж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр бидний хэсэг сэтгүүлчид ХДХВ/ДОХ-ын асуудлыг олон нийтэд сурталчилдаг сэтгүүлчдийн бие даасан байгууллага байгуулах нь зүйтэй гэсэн санал санаачлага гаргаж, бусад оролцогчид маань бүгд дуу нэгтэй дэмжсэн юм. Ингэж л эрүүл мэндийн сэтгүүлзүйн “Оюуны дархлаа” ТББ байгуулагдсан юм.

-Анхны үйл ажиллагаа юу байв?

-Эхлээд бид байгууллагынхаа дүрмийг боловсруулж, зохион байгуулалтаа хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Байгууллагынхаа нэрийг бүртгүүлэх үеэр нэр сонгож олох гэж их бодсон. Тэгж тэгж “Мэдлэг бол ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх вакцин юм” гэсэн санааг агуулсан “Оюуны вакцин” гэсэн нэрийг сонгоод Улсын бүртгэлийн газарт очиход материал хүлээж авч байсан залуухан бүсгүй “Та заавал гадаад үг оруулаад яах юм бэ. “Оюуны дархлаа” гээд нэрлэчихвэл танай байгууллагын үйл ажиллагаатай чинь илүү уялдах юм биш үү.” гэлээ. Энэ бол яг нүдээ олсон нэр байлаа. Хожим манайх олон үйл ажиллагаа зохион байгуулахад нэлээн хэдэн хүн “Танай байгууллага ямар гоё нэртэй юм бэ. Бидэнд ийм л нэр хэрэгтэй байсан юм. Та өрсчихсөн байна шүү” гэж хэлж байж билээ.

Бидний анхны сургалт, сурталчилгаа, судалгаа гээд бүхий л үйл ажиллагааг МУЗН, Австралийн Улаан загалмайн болон Улаан хавирган сар нийгэмлэгийн хамтарсан “ХДХВ/ДОХ-ын халдвартай ба халдварт өртөмтгий бүлэг хүмүүст болон сэтгүүлчдэд хандсан олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх” төслөөс санхүүжүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байлаа.

Цаашлаад ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэлхээ холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлсэн. Энэ бүх ажлыг зохион байгуулахад тухайн үед Шадар сайдын дэргэд ажиллаж байсан ХДХВ/ДОХ-той тэмцэх Үндэсний хорооны дарга Т.Хадхүү, МУЗН-ийн ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрийн ажилтан А.Нямдорж, С.Сарантулга, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг, ХӨСҮТ-ийн Сургалт,судалгааны албаны дарга, их эмч Ч.Уртнасан нарын зэрэг олон хүн дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

-Танай үйл ажиллагааны онцлог юу байсан бэ?

-Хамгийн түрүүнд ХДХВ/ДОХ-ын талаарх сэтгүүлчдийн эргэлзээтэй мэдлэг, ойлголтыг өөрчлөх хэрэгтэй байсан. Тухайн үед манай сэтгүүлчид ХДХВ, ДОХ хоёрыг ялгаж ойлгож мэддэггүй байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Нэг нь өвчин үүсгэгч вирус, нөгөө нь өвчин гэдгийг тэдэнд ойлгуулахаас ажил эхэлсэн гэж хэлж болно. Сэтгүүлчдийн ихэнх нь энэ талаар ярихад айж цэрвэсэн, үзэн ядсан өнгө аястай байдаг байсан. Тэднээр анхны сэтгэгдэл, эссе бичүүлэхэд “Хүн төрөлхтөнд аюул занал учруулсан гамшигт өвчин”, “ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн бол арчаагүй, завхай, биеэ үнэлэгч, донтон, гаж, гомо” гэх мэтчилэнгээр бичихийн зэрэгцээ зарим нэг нь ийм цөөхөн халдвартай хүн байгаа юм бол устгахад буруутах зүйлгүй ч гэж хадуурч байлаа шүү дээ.

Ийм л гарааны нөхцөлөөс бид ажлаа эхэлж, сэтгүүлчидтэй тулж ажилласан. Маш олон удаагийн сургалтыг хот хөдөөгүй явуулж 1600 гаруй сэтгүүлчийг давхардсан тоогоор хамруулж, тэдэнд зориулсан гарын авлага, ном товхимол, сэтгүүл, сониныг хэдэн арван удаа, олон мянган хувь хэвлүүлж,түгээсэн юм. Сэтгүүлчдийнхээ мэдлэг хандлагыг батжуулахын тулд жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг угтаж шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулж, шалгарсан бүтээлээр эмхтгэл хэвлүүлж бусад сэтгүүлчдэд түгээдэг болсон нь маш их үр дүнтэй үйл ажиллагаа болсон.   Энэ үйл ажиллагааг ЭМЯ, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, МУЗН гэх мэт байгууллагууд идэвхтэй ивээн тэтгэж оролцдог байсанд талархлаа илэрхийлье. Түүнчлэн бусад үйл ажиллагааг дэмжиж байсан ДЭМБ,ЮНЕСКО-д бас талархлаа илэрхийлье.

-Зөвхөн сэтгүүлчдэд зориулсан үйл ажиллагаа явуулж байсан уу?

-Үгүй ээ. ХДХВ/ДОХ-ын асуудал бол өргөн хүрээг хамарсан дэлхий дахины болон үндэсний хэмжээний асуудал юм. Үүнд хамааралгүй үлдэх хүн цөөн. Хамгийн түрүүнд ХДХВ/ДОХ-ын халдвартай болон халдварт өртөж болзошгүй хүн ам гэж байна. Тэдний дунд хүүхэд залуучуудын асуудал маш том байр суурь эзэлнэ. Манай орны хувьд ХДХВ/ДОХ-ын халдвартай гэж өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн 281 хүний 80 гаруй хувь нь залуучууд байна. Тэдний дийлэх нь эрэгтэйчүүд байна. Тэдгээр эрэгтэйчүүдийн ихэнх нь ЭБЭ буюу эрэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүд байна. Халдвартай эмэгтэйчүүдийн бас л 80 гаруй хувь нь эмэгтэй биеэ үнэлэгч нар байна. Гэтэл тэдний талаар нийгэмд сөрөг ойлголт хандлага их байна. Үүнийг өөрчлөхөд сэтгүүлчдийн үүрэг оролцоо их. Иймд тэдэнд нийгмийн цөөнх болсон эдгээр хүмүүсийн талаар зөв мэдээлэл өгөх нь хамгийн чухал байсан.

Оюуны дархлаа ТББ нь МУЗН болон “Залуус-Эрүүл мэнд төв” ТББ, “Хамтдаа төв” ТББ, “Төгс бүсгүйчүүд” ТББ-тай хамтарч сургалтад хамрагдсан сэтгүүлч нараа ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүс, бэлгийн цөөнх бүлгийн хүмүүс, биеэ үнэлэгч эмэгтэйчүүдтэй тусгайлсан уулзалт ярилцлагыг олон удаа зохион байгуулснаар сэтгүүлчдийн ойлголт хандлага эрс өөрчлөгдсөн. Тэд “Зүрхээ чагная” гэсэн гайхалтай сайхан нийтлэл, тэмдэглэл бичсэн нь залуу сэтгүүлчдэд гарын авлага болохуйц бүтээл болсон билээ. Тэдний бичиж нийтлүүлсэн бүтээлүүд олон нийтэд хүчтэй нөлөөлж, одоо манай нийгэмд тэднийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлох нь эрс багасч, харин ч тэднийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн харьцдаг болж байгаад баяртай байдаг.

Эдгээр үйл ажиллагааг идэвхжүүлэхэд НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Бэлгийн цөөнхийн эрхийг хангах тухай” төсөл чухал түлхэц болсныг хэлэхэд таатай байна.

-Цаашид сэтгүүлчдэд зориулсан энэ үйл ажиллагааг  үргэлжлүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ?

-Юуны өмнө сэтгүүлчдэд зориулсан сургалт сурталчилгааг тасралтгүй явуулах хэрэгтэй. Хоёрдугаарт мэргэшсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг уламжлалаа үргэлжлүүлэх ёстой. Бүх зүйлийг шинээр эхэлснээс хуучин тогтсон уламжлал, туршлага дээрээ тулгуурлан шинэ арга, технологид түшиглэн хамтран ажиллавал үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

С.ТУУЛ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here