”ГҮТГЭХ” заалтыг Зөрчлийн хуулиас Эрүүгийн хууль руу чулуудах вий!

0
15

Иргэний хуульд тодорхой гарц байхад заавал сэтгүүлчийг торгох ШАЛТГААН юу байв!  

Зөрчилтэй Зөрчлийн хууль иргэдийг хөлдөө чирч байгаа нь үнэн. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхан ч ялгаагүй өртөж эхэлсэн нь бас л үнэн. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21  дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Хэвлэлийнхэн энэ дагуу торгуулсаар… Торгуулийн мөнгө нь төрийн дансанд орсоор… Уг нь хуулийн гарц бий. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүндэд хууль бусаар санаатай болон болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлд “бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй  бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэй” гэж тов тодорхой заасан байдаг.

Гэтэл яагаад заавал Зөрчлийн хуульд ийм заалт оруулав гэдэг заалтыг өнөөдрийг хүртэл асуусаар байгаа. Ихэнх нь энэ заалтыг сэтгүүлчдийн болоод хэвлэлийн эрхийг боомилох гэсэн оролдлого гэж нэрлэдэг. Энэ ч үндэслэлтэй юм. 2017 оны тавдугаар сараас 2018 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд 182 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нийтдээ 182 сая төгрөгөөр торгуулжээ. Нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцсон. Сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр, хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгоод байхаар энэ ачааллыг даах нь хэр олон билээ? Тиймээс л улстөрчдийн тооцоололтой, санаатай хийсэн үйлдэл байх магадлалтай гэж хэвлэлийнхэн ч, олон нийт ч харддаг. 

Зөрчлийн хуулиас ГҮТГЭХ заалтыг хаслаа гэж ХУУРАХ ВИЙ!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ тэргүүтэй 15 байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яаманд  Зөрчлийн тухай хуулиас  6.21 буюу “ГҮТГЭХ”  заалтыг хасуулах асуудлаар хандаад байгаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр саналыг хүлээж авахдаа ихэд нааштай ханджээ. МСНЭ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн байр суурь бол тов тодорхой. Зөрчлийн хуулиас “ГҮТГЭХ”  гэдэг үг бүхий заалтыг бүр мөсөн хасуулах. Харин Ажлын хэсэг, хуулийнхан бяцхан зальдаж, Эрүүгийн хууль руу зүсийг нь хувиргаад шургуулчих магадлалтай гэсэн хардлага бийг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл сахил хүртээд шал дордохын үлгэр болно. Ийм тохиолдолд бусдыг гүтгэсэн гэх зэмд буруутгагдсан сэтгүүлч торгуулахгүй өнгөрөх ч хувийн хэрэгтээ “Ял эдэлж байсан” гэж тэмдэглүүлнэ гэдгийг мэргэжлийн хуульчид анхааруулан, зөвлөж буй. Тухайн сэтгүүлч гадаадад сургалтад хамрагдах, суралцах, мэргэжил дээшлүүлэх, томилолтоор явах бүх эрх нь хаагдана гэсэн үг. Товчхондоо бол эх орноосоо гарах эрхгүй хорионд орох ч магадлалтай. Энэ бүхэн дээр сэтгүүлчдийн байгууллага, хэвлэлийнхэн маш болгоомжтой хандаж байгаа. Болгоомж илүүдэхгүй.

Сошиалчдын хөлд хэвлэлийнхэн ЧИРЭГДСЭЭР БАЙХ УУ?

Зөрчлийн хуулиас “Гүтгэх” заалтыг эргэлзээгүй авах дээр хуулийнхан яагаад эргэлзээд байна вэ?  Гол шалтгаан нь сошиал орчин гэж харагдана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нь буцах нэртэй сэтгүүлч, буух хаягтай рецакциас бүрддэг. Худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн өмнө хариуцлага хүлээх эзэнтэй гэсэн үг. Харин сошиалд байдал өөр. Сошиал бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Тэнд иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Юу дуртайгаа бичдэг. Бүр улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний аюултай үйл ажиллагаа явуулсан бүлэг этгээдийг илрүүлсэн тухай ч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгч болон бусад төлөөлөлтэй уулзахдаа хэлж байсан. Ийм тохиолдолд Зөрчлийн хуульд эсвэл Эрүүгийн хуульд энэ заалт байхаас аргагүй гэнэ. Тээрмийн хөлд буудай гэдэг шиг эзэн биегүй сошиалчдын хөлд хэвлэл мэдээллийнхэн иймэрхүү байдлаар чирэгдэж болохгүй. Хэвлэл мэдээлэл, сошиал хоёроо ялгаж салгах хэрэгтэй. Улстөрчид хэвлэлийнхнийг ад үздэг хэрнээ харин ч олны нүдэн дээр бол ад үзээд байгаа сошиал орчиндоо харин ч их мөнгө зарцуулж,  хайр гамгүй хаяж, харин ч нэг дэвэргэж байх талтай. Дээр дурьдагдсан сошиалд бүлэглэн, зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тараасан этгээдүүдийг  Зөрчлийн хуулиар  шийтгэж, хоёр сая төгрөгөөр торгосон гэсэн. Тэдэнд хоёр сая төгрөг юу ч биш л дээ. Харин жирийн хөдөлмөрөөрөө зүтгэж яваа сэтгүүлчийн хувьд хоёр сая төгрөг амьдралтай, хоногийн хоолтой нь холбоотой. Цаашлаад Зөрчлийн хуулийн “Гүтгэх” нэртэй заалтын балаг сэтгүүлчдийн нэр хүнд, үнэт зүйлтэй нь холбоотой юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөл буюу ЗӨӨЛӨВЧ

МСНЭ-д “түшиг” болж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний эрх ашгийн төлөө зөв бөгөөд хариуцлагатай дугарч буй байгууллага бол ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ. Зөрчлийн хуулийн хэрэгжилт сэтгүүлч, хэвлэлийн мэдээллийн байгууллага дээр “хатуухан” бууж байгаа.  Цаана нь улстөрчдийн заналхийлэл байдагтай ч холбоотой байх. Сэтгүүлч бусдыг гүтгэж болохгүй. Энэ бол ёс зүйтэй холбоотой асуудал. Харин сэтгүүлчийг улстөрчид элдвээр хэлж болох уу!

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг УИХ-ын нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ард түмнээс булааж авсан булхай,  луйврын талаар хэвлэлийнхэн л олон нийтэд хүргэж, нийгмийн толь болох үүргээ биелүүлж чадлаа. Хэрэв хэвлэлийнхнийг Зөрчлийн хуулиар буюу “Гүтгэсэн” гэх заалтаар буруутгасаар байх юм бол энэ мэтээр улс төр, эдийн засгийн чиглэлийн эрэн сурвалжилсан сэтгүүлзүй аяндаа алга болно. Бидний олж авсан баримт нотолгоог улстөрчид, шийдвэр гаргагчид яаж устгаж, хэрхэн будилаантуулахыг ёстой таашгүй.

Сэтгүүлч маш их хөдөлмөрлөж, эрсдэл гаргаж, эрэн сурвалжилж нийтлэл, сурвалжлага бэлтгэдэг. Түүнийг нь нэр холбогдсон нэг нөхөр гарч ирээд, хэвлэлийн хурал зарлан, “Намайг гүтгэсэн. Би буруугүй” гэдэг үгээр халхавч хийн, өөрийгөө хамгаалдаг ийм л тогтолцоо руу аяндаа уусна. Энэ бол зөвхөн нэг жишээ. Улс төрийн  хөшигний ард, урдах олон луйврыг хэвлэлийнхэн л гаргаж тавьдаг. Төрийн ордонд асуулт асуусан сэтгүүлчийг УИХ-ын зарим гишүүн “Чи хэний захиалгаар ийм юм асуув. Мөнгөөр дугарч, захиалгаар ажилладаг” гэхчлэн дайрдаг болсон. Магадгүй тэд ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ гэдэг хамгаалалттай болсон гэж өөрсдийгөө боддог бололтой. 

Энэ мэтчилэн улстөрчид сэтгүүлчийг хүнээс мөнгө авч, захиалгаар  асуулт асуулаа гэж хардаж, бараг гүтгэх нь өдөр тутам гардаг, хэвийн үзэгдэл болох шахсан. Харин энэ бүхэнд огтхон ч хариуцлага, улс төрийн ёс зүй, сэтгүүлчийн эрх яригдахгүй байгаа шүү. Эргээд харахад, энэ богинохон хугацаанд Зөрчлийн хуулиар торгуулсан сэтгүүлчийн тоо олон болжээ. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсанаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгаж, шууд шүүх, цагдаа руу дууддаг байдал харьцангуй намжсан. Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн алдаа гаргасан эсэхэд дүгнэлт өгч, шаардлагатай бол редакци, удирдлагаар дамжуулан ёс зүйн хариуцлага хүлээлгэж, мэргэжлийн байгууллагын хувьд чиглэл өгч, засч залруулдаг болж хэвшсэн. Товчхондоо бол, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаа, шүүхийн дунд Хэвлэл мэдээллийн зөвлөл л “ЗӨӨЛӨВЧ” болж байна гэсэн үг. Ингэж хэлсэн шалтгаан нь хэвлэл мэдээллийн байгууллагад өнгөрсөн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотойгоор иргэн болон байгууллагаас нийт 243 санал, гомдол ирж, тэр бүхнийг зөвлөл “шүүн” хэлэлцжээ. Эндээс 165 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэн, “ЗАЛРУУЛГА” гаргахыг зөвлөжээ. Энэ ч утгаараа 23 сэтгүүлч, байгууллага залруулга гаргаж, зөрчлөө арилгасан байна. Нэг талаараа хэвлэл мэдээллийнхний соёл, нөгөө талаараа шүүхэд дуудагдахаас аварсан “ЗӨӨЛӨВЧ” ийм байдлаар хэвлэлийн ёс зүйн зохицуулалтыг хийж чадаж байгаа.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир дээрх ёс зүйн хариуцлага алдсан гэх дээрх 165 тохиолдлоос сэтгүүлчид алдаа гаргаагүй тохиолдол нь илүү олон болохыг хэлсэн байсан. Хэрэв Хэвлэлийн зөвлөл энэ мэт байдлаар зохицуулалт хийж, редакциуд дотоод хариуцлага хүлээлгэж, зөрчлөө арилгаагүй бол сэтгүүлчид шүүхэд дуудагдах, 20 сая хүртэл төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээх магадлал өндөр. Тиймээс л Хэвлэл мэдээллийн зөвлөлийг “ЗӨӨЛӨВЧ” гэсэн хэрэг л дээ.

Эхний алхам АМЖИЛТТАЙ  

Хэвлэл мэдээллийнхэн хуулийн гарц байна гэдгийг хэлсээр байгаа. МСНЭ түүчээлэн, хэвлэлийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ. Хэлэлцүүлэг өрнүүллээ, санаа оноогоо ярилцлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб” интернейшнл ТББ, Монголын хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг 15 хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод хамтран Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх хэсгийг хасуулах санал гаргасан бөгөөд үүнийгээ баталгаажуулан Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярт өчигдөр /2018.12.24/ танилцуулж, хүлээлгэн өглөө. Санал, бодлоо  солилцлоо. 

МСНЭ “Сэтгүүлчийн хэвлэл нийтлэх эрхэд халдана гэдэг олон нийтийн мэдэх эрхэд халдлаа” гэсэн үг гэх байр суурийг баримталж байгаа. Бусдыг гүтгэх вий гэсээр хэвлэлийнхэн мэдээлэхгүй байвал иргэд үнэн бодит мэдээллээс холдоно. Дэд сайд Б.Энхбаяр МСНЭ болон хэвлэл мэдээллийнхнээс төлөөллөө гаргаж,Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт орж ажиллахыг урьсан. Дэд сайд мөн Зөрчлийн хуулиас “Гүтгэх” заалтыг хасах асуудалд санал нэгдэж, нааштай хандлаа. 

Энэ бүхэн эхний алхам боллоо. “АМЖИЛТТАЙ” гэсэн үг. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ч гэдэг. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяртай уулзах үеэрээ “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 2019 он гарангуут  өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулах” санал тавьсан. Энэ харин дараагийн алхам болох байх. Хэвлэл мэдээллийнхэн  дуу хоолойгоо  нэгтгэх нь мэдээж юу юунаас илүү чухал билээ. 

Д.ДАМДИНДОРЖ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here