БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд ажиллахаа илэрхийлжээ


БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жун Гү томилогдон ирсэн. Шинэ Элчин сайдыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баасан гарагт хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэж буйг илэрхийлэв.

Элчин сайд Ким Жун Гү хоёр улсын улс төрийн итгэлцлийг бататган бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхийлэн ажиллахаа хэлжээ.

Талууд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад  байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хоорондын бодит хамтын ажиллагааг дэмжихэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцсан байна.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин өнгөрсөн онд манай улсад айлчлах үеэрээ “Батарей үйлдвэрлэхэд ашиглах газрын ховор элемент зэрэг Монгол Улсад элбэг байдаг байгалийн баялгийг Солонгосын дэд бүтэц, технологитой хослуулан илүү өндөр үр дүнд хүрэх боломжтой арга замыг идэвхтэй эрэлхийлэхээр боллоо” хэмээн мэдэгдсэн.

Source link



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.