БНСУ-ын Засгийн газраас “Тусгаарлах эмчилгээний төв”-ийн байрыг нэмэгдүүлэв

0
7

Коронавирусын халдвар өндөр байгаа Тэгү хотод олон өвчтөн нэг дор гарсан учир эмнэлгийн ор хүрэлцэхгүй хэвтэж эмчлүүлж чадахгүй, гэртээ хүлээж байгаа өвчтөн олон байгаа билээ. Эдгээр хүмүүсээс хүндрээгүй, хөнгөн шатандаа байгаа өвчтөнүүдийг тусгаарлаж, эмчлэх байрыг “Тусгаарлах эмчилгээний төв” гэж нэрлэж байгаа юм. Солонгос хэлээр шууд орчуулга нь “Амьдралын эмчилгээний төв” ч гэх ба өвчтөн тус бүрийг тусгаарлаж амьдруулан эмчилнэ гэсэн үг.

Тус улсын Засгийн газар ийм “Тусгаарлах эмчилгээний төв”-үүдийг орон нутаг тус бүрт байгуулахаар төлөвлөж байгаагаа 2 сард зарласан байсан юм. Үүнд амралтын газар, дотуур байр, зочид буудал, сургалтын төв зэрэг газруудын дотоод зохион байгуулалтад бага зэргийн өөрчлөлт оруулж тусгаарлах эмчилгээний өрөөнүүдийг бий болгосноор ашиглаж эхлээд байна.

Өнгөрсөн 2-ны өдрөөс эхэлж ажиллуулж эхэлсэн Тусгаарлах эмчилгээний төв нь одоогоор 8 газарт 1,572 өрөөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн удахгүй 3 газарт 700 өрөөтэй тусгаарлах эмчилгээний төвийг нэмж нээхээр төлөвлөж байгаа юм байна.

Эдгээр Тусгаарлах эмчилгээний төв нь тус тусын эмнэлгүүдтэй холбогдсон эмчилгээний тогтолцоотой ба нийт 152 эмнэлгийн ажилтан ажилладаг.

Ирэх 8-ны өдрөөс Жэчонд байрлах Үндэсний Тэтгэврийн албаны амралтын газар, Эрүүл мэндийн даатгалын газрын Хүний нөөцийн хөгжлийн төв, LG Display-ийн Гүми хот дахь дотуур байр зэргийг Тусгаарлах эмчилгээний төвийн зориулалтаар ашиглаж эхэлнэ.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here