Би үндсэн гурван зарчмыг хатуу баримтална. Эхнийх нь Эрх чөлөө, удаах нь Эрх чөлөө, сүүлийнх нь ч Эрх чөлөө!

0

 

Нэр дэвшигч С.Эрдэнэ нийт сонгогч, дэмжигчдэдээ хандаж хэлсэн үг

Миний Монголын ард түмээн!

Хөх Монголчууд аа!

Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болсноо та бүхнийхээ өмнө албан ёсоор зарлаж байгаадаа сэтгэл ихээр хөдөлж, өндөр бахархал төрж байгаагийн зэрэгцээ асар том хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлан, ойлгож байгаагаа илэрхийлье.

Ардчилсан нам эрх мэдэлтнүүд, тэдний эрх ашгийг нэгтгэсэн хар хүчний эсрэг асар хүнд тулаанд ялж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх албан ёсны нэр дэвшигчээ зарлаж байгаагаараа Бахархаж байна. Хүч тэнцвэргүй энэ тулаанд бид итгэл төгс ялсан. Монголын ард түмний эрх, эрх чөлөөний төлөө өөрт байгаа бүх хүч чадал, бие сэтгэл, оюун санаагаараа зүтгэх боломжтой болсноороо Бахархаж байна. Би түүхийн энэхүү эмзэг бөгөөд хариуцлагатай цаг үед Үндэстнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ хүнд байдлаас Улс орноо гаргах, нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна гэдгээрээ Бахархаж байна.

Яагаад гэж та бүхэн маань гайхаж байгаа байх аа. Ямар их амбицтай юм бэ? гэж эгдүүцэж ч байж мэднэ. Ердөө л Ерөнхийлөгчийн суудалд заларч, эрх мэдэлд мацаж буй биз гэж хардах нь ч зүйн хэрэг.

Тэгвэл надад болон бидний нөхдөд огтхон ч ийм охорхон бодол, зорилго байхгүй ээ. Бид бүгдээрээ энэхүү агуу түүхт Үндэстнийхээ нэг хэсэг, нэг нь нөгөөгөө нөхдөг цул ард түмэн бөгөөд бид бүгдээрээ эх орондоо хайртай. Бид бүгдээрээ л нэгэн зорилгын төлөө олон аргаар тэмцэж яваа хүмүүсээ. Тэр зорилго бол бидний үр хойчийн гэрэлт, сайхан ирээдүй бидний гишгэх газар, эрх чөлөөт амьдрал билээ.

Тийм ч учраас би өнөөдөр энд Ардчилсан намд шургалсан хар хүчнийг нөхдийн хамтаар ялан дийлж, одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа өрсөлдөхөөр сэтгэл шулуудан зогсож байна. Тэгвэл энэ хар хүчин зөвхөн өөрсдийн өчүүхэн эрх ашиг, шунал хүсэлд мулгуйдан, бидний үнэт зүйлсийн нэгдлийг хуваагдал болгохыг оролдож нэг цул Үндэстэнг маань хүртэл хагалж, хуваан, үнэт зүйлсийг маань дэвслэн, устгахаар улайрч байна.

Иймд бид бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан, урьд өмнөхөөсөө илүү зоригтой, илүү нэгдэлтэй, бат итгэлтэйгээр энэхүү тулаанд ялан дийлэх болно. Учир нь энэ бүхний цаана тэрхүү хар хүчний учруулах хохирол дэндүү аюултай бөгөөд хор хөнөөлтэй тул энэ удаагийн ялалт бидэнд төдийгүй бидний Ардчилсан, эрх чөлөөг эрхэмлэгч Үндэстэнд хамгийн чухал бөгөөд шийдвэрлэх тулаан байх болно.

Бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялан дийлэхгүйд хүрвэл энэ нь Монголчууд бидний бүх ард түмнээрээ Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийн чөлөөт сонгууль болж дуусах аюулд ч хүргэж болзошгүй гэдэгт сэтгэл үнэхээр эмзэглэн зовинож байгаагаа нуухгүй байна.

Улс орон, ард түмнийхээ хувь тавиланг ямарч мэдлэг, туршлагагүй популист эсхүл дарангуйлалд амташсан, анхлан суралцагч хүмүүсийн гарт өгөх нь дэндүү аюултай бөгөөд бид бүгдийн өдгөө хүртэл нээлттэй, чөлөөт нийгэм байгуулах гэж тэмцэж ирсэн бүх цаг хугацааны хичээл, зүтгэлийг үгүй хийхэд хүргэх болно.

Монгол Улс маань дэлхийн Улс орнуудын өмнө чөлөөт, ардчилсан улс гэгдэх үнэт статусаа алдвал Монгол хүний эрх, эрх чөлөө тэр даруйд хумигдаж, улс орны маань эдийн засгийн чадавхыг хөгжүүлэх суурь болсон гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхээс татгалзах, үндэс шалтгаан болно. Хатуу, дарангуйллын дэглэмтэй улс орнуудын адил, Монгол Улсын үүд хаалга гадаадын хөрөнгө оруулагчид болон жуулчдын өмнө бүрэн хаагдаж, бидний сайхан эх орон маань дэлхийгээс ахин бүрэн тусгаарлагдахад хүрнэ.

Бидний энэхүү эрхэм, нандин ардчиллын үнэт зүйлийн тэнцвэрийг хүчирхэг хөрш орнууд маань ч хүндэтгэн, үл халдлагыг Та, бид мэднэ. Гэтэл бид энэ дархлаагаа алдахад тун ойрхон ирээд байна.

Энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр Монголчууд бид шийдвэрлэх, түүхэн сонголтоо хийх болно. Энэхүү сонголт Улс төрийн гурван намын аль нэгийг сонгох сонгууль бишээ. Гурван нэр дэвшигчийн нэгийг сонгох гээд байгаа ч сонгууль биш юмаа. Монгол Улс ирээдүйрүүгээ алхах гурван салаа замын нэгийг сонгох хариуцлагатай сонгууль юмаа.

Тиймээс та бүхэн маань та бидний ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүдээ гурван өөр төрлийн амьдралын алинаар амьдруулахыг тунгааж, мэргэн сонголтоо хийх биз ээ.

Энэ удаагийн сонгуулиар та бүхэн Монгол Улсаа ирэх зургаан жилд удирдах Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа ч сонгууль бишээ. Монгол Улсынхаа үр хойчид үлдээх ирээдүйн жаран жилийн амьдралыг нь сонгох гэж байгаа хариуцлагатай шийдвэрлэх сонголт юмаа.

Тиймээс та бүхэн: Монгол Ардын Намын нэр дэвшигчийн санал болгож байгаа хязгааргүй нэг эрх мэдэлд төвлөрсөн төрийн дарангуйллыг сонгох уу? Төрийн эрх мэдэлтнүүдийн дарлал доор дуулгавартай, хяналттай байх амьдралыг сонгох уу? гэдгээ өөрсдөөсөө дахин нэг асуугаарай.

Эсхүл муу ч юм хийхгүй, сайн ч юм хийхгүй, ерөөсөө та бидний хувь заяаг тоохгүй, Монгол Улсын ирээдүйг хэрхэн дараачийн шатанд гаргаж, эрх чөлөөг дархлах талаар бодит ойлголт ч байхгүй, дэмий онолоор сайхан ярьж суух популист этгээд хэрэгтэй юу? Бидэнд, Монголын ард түмэнд нэг ч эерэг зүйлийн наалдацгүй, гагцхүү нэг хүний нэр хүнд, байр суурь, чансаа зэрэглэлийг өсгөх сонголт бидэнд хэрэгтэй юу? гэж бас асууж үзээрэй.

Монголчууд бид юу хүсэж байгаа вэ? Бидний амьдралын сонголтуудыг хүндэтгэдэг, бидний эрх, эрх чөлөөг дээдэлж, баталгаажуулдаг, бидний зүтгэл, хүсэл зорилгыг дэмждэг тийм л төрийн байгууллыг хүсэж байна. Монголын Ардчилсан нам ийм л төрийн тогтолцоо байгуулах шинэчлэл хийхийг зорьж байна.

Тэгвэл өнөөгийн коммунист эрх баригчид Монгол үндэстнийг нэг дээвэр доор хоригдсон, нэгэн том нээлттэй хорих лагерь болгохыг зорьж байна. Харин Ардчилсан нам эсрэгээрээ эрчимтэй, орчин үеийн, нэгдмэл үнэт зүйлтэй, эрх чөлөөт, хувийн өмчийг дээдэлсэн нийгэм байгуулахыг зорьж байна.

1992 оноос хойш Монголын ардчилал түүхэндээ анх удаа ийм аймшигтай, устаж үгүй болох аюулд тун ойрхон бодитоор тулж ирээд байна. Магадгүй би ардчиллыг авторитар дарангуйлал, хатуу дэглэм, популист тархи угаалтын үерээс хамгаалах сүүлчийн саад, сүүлчийн далан байж болох юм. Тийм ч учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь ковидизмээр өнгөлөн далдалсан коммунизмын дарангуйллыг зогсоох сүүлчийн шийдвэрлэх тулаан байх болно.

Би Ардчиллыг хамгаалах Үүрэг, хариуцлага надад ирсэн гэж үзэн энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Тиймээс ч миний нэн тэргүүний эрхэм зорилго бол Монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй, хэвийн амьдралыг эргүүлэн авч ирэхэд оршино. Би Ковидизмээр далдалсан коммунизмын дарангуйллыг зогсооно.

Би үүнийг зүгээр ч нэг гоё, сайхан үг болгож хэлээгүй ээ. Тиймээс би үнэн сэтгэлээсээ давтан хэлье. Ковидизмээр өнгөлөн далдалж, дарангуйлал тогтоох технологи зохиогчид ардчилал руу эрээ цээргүй халдаж эхэлснийг та бид бүгд харж ойлгосон.

Тэгвэл ковидизм гэж юу юм бэ?

Ковидизм бол социализмын нэг хэлбэр. Вирусээр айлган, сүрдүүлж хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан, боомилж, эдийн засгийн бие даах эрх чөлөө болон бизнесийг нь хураан авч, чөлөөтэй зорчих, идэвхтэй амьдрах нийгмийн харилцааг нэг мөр зогсоож, бүгдийг хяналтад авах замаар хэмжээлшгүй нэг эрх мэдлийн төрийн аппарат бий болгохыг Ковидизм гээд байгаа юм. Тиймээс та бүхэн минь бүү хуурт! МАН-с нэр дэвшигч Ковидизмыг дэмжигч ердийн нэгэн этгээд бол биш. Тэрээр өөрөө зохион бүтээгч нь, хамгийн том дэмжигч нь бөгөөд энэ системийг хэрэгжүүлэгч, хэрэглэгч, үр шимийг нь хүртэгч нь юм. Тэрээр өчигдөр covid 19 нэрээр хүмүүсийг баривчлан, яллаж байсан бол маргааш эдийн засгийн хямралыг зарлахад түүнийг ашиглана. Та бүгдийн эрх, эрхч чөлөөг хязгаарлах, хөрөнгийг хураах, төсвийн мөнгө шамшигдуулах зэрэг бүх хэлбэрээр Ковидизмыг ашигласаар эцэстээ хэмжээлшгүй эрх мэдлийг төрд төвлөрүүлж, та өөрийн мэдэлгүй түүнд зүтгэх ганцхан замтай үлдсэн байна. Дарангуйллыг тогтоохын тулд нийгмийг талцуулж, үндэстнийг хагалан бутаргах аргыг өргөнөөр хэрэглэдэг. Эргэлзсэн, цухалдсан, цуцсан, шийдэл хайсан ард түмэн хэн нэг хүнээс, эсхүл нэг тогтолцооноос шийдэл хүсч, эрх мэдэл олгодог. Энэ нь эцэстээ Ковидизмээр төгсдөг тавилантай.

Бид хүнд, хэцүү жилүүдийг ардаа үдлээ. МАН-с нэр дэвшигч, миний өрсөлдөгч энэ хугацаанд улс, орныг удирдаж ирсэн. Энэ хугацаанд тэрээр улс, орны амьдрал болон эдийн засгийг үндсэндээ зогсоосон, ард түмэнтэй жаахан хүүхэд хуурч байгаа мэт харьцаж ирсэн. Яагаад ингэж хандав? Яагаад гэвэл, тэрээр хэмжээлшгүй, төвлөрсөн эрх мэдлийг нэг гарт атгахыг хүссэн. Түүний асар их хүсэл, амбиц бол ямарч хяналтгүйгээр бүгдийг удирдах гэдгийг өнгөрсөн хугацаанд бүрнээ нотлогдлоо.

Энх цагт тэрээр Ковидын сургаар сүржигнэж, Монголчуудын эх орондоо ирэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хааж, гэр бүлүүдийг салган тусгаарлаж, тэр бүү хэл амьдралын наад захын амьжиргааны эх үүсвэрт хүрэх боломжоос нь салгаж, бүх үйл ажиллагааг зогсоосон. Үүнийгээ тэд та нарын сайн сайхны төлөө, ард түмний амь амьдрал, үндэсний аюулгүй байдлын төлөө гэхчлэн тайлбарлаж байсан ч Ковидын аюул бодитоор орж ирэхэд бидний төлөө хурууны үзүүрээ ч хөдөлгөөгүй явсаар ирсэн нь илэрсэн. Гэвч тэд үүндээ гэмшиж, алдаа гаргалаа гэж огт дүгнэсэнгүй. Харин ч эсрэгээрээ дарамтлал, дарангуйллын эхний туршилтуудаа амжилттай хийснээ баярлан тэмдэглэж, наадам, шинэ жил, зуун жилийн ойн баяраа бидний мөнгөөр хийцгээлээ. Энэ бол тэдний дарангуйллын ердөө эхлэл нь. Тэд үүнийгээ цаашид улам илүү бататган, улам туршлагажиж, бидний эрх, эрх чөлөөг улам боомилон, ард түмнийг туйлдуулах зорилгодоо хүрэх болно.

Харин бид үүнийг хэрхэв ч зөвшөөрөхгүй. Бид Ковидыг эмчлэх биш Ковидизмыг эмчлэх цаг иржээ. Үүнээс хамгаалах вакцин бол ЭРХ ЧӨЛӨӨ! Миний мөрийн хөтөлбөрийн үндэс, суурь бол эрх чөлөө юм. Учир нь эрх чөлөө бол Монголчууд бидний сүнсэнд оршдог оюун санааны хамгийн эрхэм үнэт зүйл мөн.

Би үндсэн гурван зарчмыг хатуу баримтална. Эхнийх нь Эрх чөлөө, удаах нь Эрх чөлөө, сүүлийнх нь ч Эрх чөлөө!

Энэ сонгуулийн дараа миний бие ард түмнийхээ Эрх чөлөөний баталгааг дархлахын төлөө цуцашгүй ажиллах болно. Монгол хүний улс төрийн эрх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, буруу бодлого шийдвэр, ёс зүйгүй албан тушаалтан, эрх мэдэлтнийг бодсон, санаснаараа шүүмжлэх, хардах эрх, зогсолтгүй өсөн дэвжих, хөгжих, хөлжих, хөдөлмөрлөх эрхийг халдашгүй, дархан болгохын төлөө бүхнээ дайчилна. Үүнд:

Нэгт, Улс төрийн эрх. Би Та бүгдийн улс төрийн эрх, эрх чөлөөний баталгаа нь байна. Нэг нам, нэг удирдагч өөрсдийн үзэмжээр дарангуйллын дэглэмээ тогтоогоод эхэлбэл яах вэ? Сүрэг хүчингүй болно. Сөрөг хүчингүй үед эрх барьж байгаа нам, төр засаг, эрх мэдэлтэнд хэн ч шүүмжлэл хэлэхээс айна. Гэтэл ард түмэн төр засаг, эрх мэдэлтний алдааг үргэлж хянаж, чөлөөтэй шүүмжилж байх үүрэгтэй. Монголын ард түмэн энэ эрх чөлөөгөө хэрхэвч алдах ёсгүй. Хэрэв тэгвэл бидний амьдрал хар дарсан зүүд болон хувирна. Энэ аймшигт зүйл тохиохоос би үргэлж хамгаалан тэмцэх ард түмний элч нь байна!

Би төр, засаг таны дуу хоолойг сонсдог байх баталгаа нь байна. Улс, орны язгуур эрх, ашигт хамаатай эмзэг, чухал асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж, шийдвэрлүүлдэг байх эрхийг хэрэгжүүлнэ. Гучин нэгэн жилийн өмнө Монголын ард түмний сонгосон Ардчилсан зарчмыг нухчин дарахгүй байх баталгааг би хуулийн бүхий л аргаар дархална!

Хоёрт, манай өрсөлдөгч намын нэр дэвшигчийн албан ёсоор тунхаглаад байгаа эдийн засгийн эрх чөлөөг халах санаархлаас хамгаалан тэмцэнэ. Эдийн засгийн эрх чөлөө бол Монголын ард түмний төдийгүй Монгол Улсын Тусгаар тогтнолын баталгаа мөн!

Гагцхүү чөлөөт эдийн засаг улс орныг уналтаас гаргаж, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар ард түмний амьжиргааг баталгаажуулж, хөгжил дэвшлийг хангана. Чөлөөт эдийн засгийн үндсэн баталгаа нь хамгийн бага татвар хураамж, хамгийн бага хяналт шалгалт, хамгийн бага төрийн оролцоо, элдэв зөвшөөрөл, хяналтгүй байхаас эхэлнэ. Би Монголын ард түмний чөлөөтэй бизнес, аж ахуй эрхэлж, цэвэр хөдөлмөрийнхөө үр шимийг шударгаар хүртдэг эрхийг хангахын төлөө бүх санал, санаачлагыг дэмжин ажиллана. Гэтэл МАН-н нэр дэвшигч эсрэгээр нь бүх төрлийн татварыг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийн хөрөнгийг булаах, ард түмний санг хоосолж, үр ашиггүй, хэрэгцээгүй, хувийн амбицдаа хөтлөгдсөн хөшөө, байшин мэт бүтээн байгуулалт барих нэрээр хулгай хийж, хүмүүсийн эрхлэх ажил, хөдөлмөр, идэвхтэй үйл ажиллагааг хянах, хязгаарлах бодлого барьж байна. Тэдний хүсэл бол бүх баялгийг төр дээр төвлөрүүлж, ард түмнийг бүхлээр нь төрийн албан хаагч болгоход чиглэж байна. Үүнийгээ тэд бүх хүнийг ажилтай болгох, ядуурлаас гаргах төрийн бодлого гэдгээр тайлбарлаж байгаа боловч үүний ард хэдхэн эрх мэдэлтэн нийгмийн баялгийг дураар хувааж идэх хүсэл байна.

Би та бүхнийг хуурах шаардангуй. Одоогийн засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаагаар Монгол Улс хэзээний эдийн засгийн хямралын ирмэгт ирчихсэн байгаа. Энэ бол бодит үнэн.

Энэ хямрал гүнзгийрэхээс зайлсхийх цорын ганц арга бол Монголын ард түмэнд аль болох богино хугацаанд, аль болох их эрх чөлөө олгох явдал юм.

Би тодорхой шатлал болон хэмжээгээр орлогын албан татваруудыг халахыг санал болгоно. Энэ нь нэг талдаа төрийн санг бууруулна. Ингэснээр төр өөрт хэрэггүй, олон бизнесийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд үр ашиггүй төсөл, хөтөлбөрт ард түмний мөнгөөр тансаглан, цацахгүй. Тэдний амьдрах арга, хэлбэр өөрчлөгдөх ёстой. Нөгөө талаар жижиг, дунд ААН-ийн орлогын болон ашгийн татваруудыг халахыг санал болгоно. Энэ бүх ижил суурьтай татварууд Монголын зах зээлийг хөгжүүлэх боломжийг хааж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг үндсэндээ боомилон устгасаар байна. Мөн эдийн засгийн үйл ажиллагааг мөнхийн царцааж, хүнд суртал, авилгын сүлжээг цэцэглүүлдэг төрийн төрөл бүрийн хяналт, зөвшөөрлийн журмуудыг хална. Тэд хэнийг ч юунаас хамгаалдаггүй хэр нь эсрэгээрээ иргэдийн эдийн засгийн эрхийг боомилсоор ирсэн.

Хамгийн гол санал болгох зүйл маань Монгол Улсын иргэний ногдол ашгийг Монгол Улсад амьдарч байгаа манай улсын иргэн бүр хүртдэг байх системийг бий болгоход оршино. Бидний үндэсний баялаг энэ замаар л шударгаар хуваарилагдахаас гадна хүний орлогын хамгийн доод баталгааг хангаад зогсохгүй, үндэстнээрээ төсвийн буюу дундын сангаа өргөжүүлэхэд эдийн засгийн нэгдмэл үзэл санаа, эв нэгдэлд хүрэх гарц нь байна.

Би төрийн хүнд суртал үүсгэдэг хоцрогдсон менежментийн удирдлагыг өөрчилж, төрийн албан хаагчдын тоог хамгийн боломжит доод төвшинд аваачихыг шаардана.

Түүнчлэн Төрийн эдийн засагт оролцох үүргийг хамгийн доод хэмжээнд хүргэх, төрийн оролцоог зарим салбарт хязгаарлахыг шаардана. Төр гагцхүү хуулийн засаглал, шударга шүүх болон Үндэсний аюулгүй байдлыг л хангах үүрэгтэй. Төр таны ямар бизнес эрхлэх, юу хийж амьдрах, мөнгө яаж олохыг чинь яагаад заах ёстой гэж? Хэрхэн, яаж аз жаргалтай, хангалуун амьдрахыг танаас өөр хэн ч илүү мэдэж чадахгүй. Юу хүсэх эсэхээ хүн өөрөө сонгох эрхтэй байх учиртай. Мөн Монгол Улсыг бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад хамгийн таатай бөгөөд ээлтэй улс, орны нэг болгоно. Компани нээх, хүмүүс авч ажиллуулах, шинэ санаа, санаачлага нэвтрүүлэх, аж ахуйгаа хөгжүүлэхэд хамгийн хялбар процесс тогтоох нь эдийн засгийн эрх чөлөөний гол түлхүүр юм.

Би эдийн засгаа хэрхэн дахин сэргээх талаар бодит төлөвлөгөөтэй мөрийн хөтөлбөртэй орж ирж байгаа. Энэ сонгууль бидний хувьд эдийн засгийн эрх чөлөөг бодитоор дархлах боломжийг нээх чухал сорилт болно.

Учир юу гэвээс энэ удаагийн сонгууль социалист эдийн засаг болон чөлөөт эдийн засгийн аль нэгийг сонгох сонгууль болно. МАН-н нэр дэвшигч Чөлөөт эдийн засгийг халж, төрийн зохицуулалттай эдийн засаг хөгжүүлнэ гэдгээ нээлттэй илэрхийлсэн. Энэ юу гэсэн үг вэ? Үнийг төрөөс хянана гэсэн үг үү? Ямар бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх, үйлдвэрлэх, борлуулахыг төр шийднэ гэсэн үг үү? Социалист эдийн засаг хэзээ ч ажилдаггүй, тийм хиймэл эдийн засаг оршин тогтнодоггүйг бид бүгд мэднэ. Бид түүгээр яваад ирсэн түүхтэй улс. Төвлөрсөн эдийн засаг зөвхөн ядуурал, гуйланчлал үүсгэдэг. Гэхдээ баян, хөрөнгөтэй анги давхарга л төвлөрсөн мөнгөн төсвийн үр шимийг хүртэж, улам баяждаг. Харин ядуу давхарга улам бүр үгүйрэн хоосордог тийм л систем. Харамсалтай нь улс орны хөгжлийн хувьд бид бүгд алддаг. Дэлхийн хөгжил, нийгмийн хөгжил, хүний хөгжил бүгдээс нь хоцордог. Социалист системд үр дагаврын хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Бүх буруу бодлогын үр хамтынх учраас хувь хүний бие даасан хөгжил ч үгүй болдог. Социалист эдийн засгийн төслүүд нь иргэдийг нийтээр нь төрийн үнэгүй зарц болгож, тэднийг ядуурлаар нь аргамжиж, өөрсдийн эрх мэдлээ баталгаажуулж байдаг. Ийм төрийн зорилго бол ард түмнийг айдсаар нь хянаж, өөрсдийгөө хамгаалах чадваргүй байлгахад оршино. Яг л мафийн гэмт хэргийн ажиллагаа шиг, та дэлгүүрээ биднээр хамгаалуул, үгүй бол бид дэлгүүрийг чинь шатаана гэсэн зарчим юм.

Харин бид ийм байдалд хүргэхийг яасан ч зөвшөөрөхгүй. Ямар ч үнээр хамаагүй, чөлөөт эдийн засгийн зарчмыг хамгаалан, тэмцэх бөгөөд хүн ам, улс орны хөгжлийн суурь бодлогыг гагцхүү эдийн засгийн эрх чөлөөгөөр хангах болно. Эрдэнэт, Дарханд ч тэр, хөдөө аймаг, сумдууд ч тэр, тэр бүү хэл хотын дүүрэг, хороод, алслагдсан гэр хорооллууд гагцхүү эдийн засгийн эрх чөлөөг хэрэгжүүлж байж л бие даасан хөгжилд хүрнэ. Бидэнд өөр арга зам байхгүй. Би Дэлхийд тархан суурьшсан мянга, мянган Монголын авьяастнуудад дэлхийн шинэ бүтээл, технологийг чөлөөтэй оруулж ирэх эрх чөлөөг олгоно. Тэдний эзэмшсэн авьяас чадварыг төрийн хяналтаар эсхүл тусламжаар бус мэдсэн, сурсан, олж эзэмшсэнээ төрөлх эрх орондоо чөлөөтэй хэрэгжүүл, үйл ажиллагаа эрхлэх эрх чөлөө олгосноор Монголыг хөгжүүлнэ. Тэдэнд тэр эрч хүч, авьяасаа ашиглах боломжийг бид бүх нөхцөлөөр олгох учиртай.

Би хэзээ ч баян, ядуугаар нь ялгаж нийгмийн давхарга хооронд зөрчил үүсгэхгүй ээ. Энэ бол социалистуудын тактик. Би харин баян, ядуу үл харгалзан боломжийг хүн бүр хүртдэг байх баталгаагаар хангахыг зорино. Өнөөдөр том компаниуд бус жижиг, дунд бизнес эрхлэгчид алив эдийн засгийн цохилтод амархан өртөж байна. Учир нь бизнесийн үйл ажиллагааны том жижиг, компанийн засаглалын чадавхаас үл хамааран тэдэнд яг адил хүнд суртал, давж туулшгуй дүрэм, журам, зөвшөөрөл, хяналт шалгалт, татварын шатлал, даатгал хураамжийн төрөл зүйл, тайлан мэдүүлэх стандарт нь ижилхэн байна. Би ажлын байр ихээр олгодог болон гэр бүлийн амьжиргааны төвшний бизнесийн ангиллыг гаргаж, төрийн тусгай зөвшөөрөл, дүрэм, журмын зохицуулалтыг ялгаж, үйл ажиллагааг нь хялбаршуулсан шийдэлд хүрсэн Ерөнхийлөгч байна.

Энэ өөрчлөлтийг та бүхний нүдэнд илт харагдахуйцаар авчирна гэдгээ би зоригтойгоор амлаж байна. Таны мөнгийг яаж авах вэ гэдэг бодлоготой биш таны мөнгө олох, түүнийгээ хамгаалахад чинь дэмжиж, тусалсан Ерөнхийлөгч байна.

Социалистуудад бол Та сонин биш, таны мөнгө л хэрэгтэй. Тэд таны мөнгийг мөлжиж, сорохын тулд хэзээ ч зогсохгүй. Өнөөгийн эдийн засгийн хямралыг ашиглан тэд татваруудыг нэмж эхэллээ. Удахгүй банкуудыг дампууруулна. ААН-н үйл ажиллагааг боож, ажиллах хүчнийг гудамжинд гаргана. Ингэж байж л тэд төрийн монополийг тогтоож, ард түмнийг өөрсдөөсөө хараат байлгадаг.

Тэд зах замбараагүй, хяналтгүй мөнгө хэвлэж Монгол төгрөгийн ханшийг ямар ч үнэгүй болгодог. Ингэснээр тэд таны хурааж, хуримтлуулсан тэтгэврийн хуримтлалыг үнэгүй болгож байгаа. Байгалын баялагтай эсэхээс үл хамааран, социалист тогтолцоотой бүх улс орон яг л ийм замаар явж ирсэн түүхтэй.

Эцэст нь, нээлттэй, чөлөөт нийгмийн баталгааг дархлаажуулна. Нийгмийн алив салбарт төрийн оролцоог бууруулах, хязгаарлахыг санал болгоно. Ингэснээр нийтийн тээвэр, сургууль, эмнэлэг зэрэг нийтийн үйлчилгээний салбарууд илүү эрх чөлөөтэй, бие даасан бүтцэд орж, хөгжлийн зөв бүтэцтэй гараагаа тавина. Социалист нийгэмд нийтийн бүхий л үйлчилгээг үнэгүй болгох гэдэг синдромтой. Тэгсэн хэр нь түүний хэрэгцээ улам бүр өсч, үр ашиг, чанар нь багасч, зардал нь нэмэгдэж, баталгаа нь үгүй болсоор байдаг. Яг л хорт хавдрын эс ургах мэт эмчлэгдэхгүй хэмжээнд очно. Учир нь төр нийтийн гэдэг нэрээр бүх хүний амьдралыг хянахаас гадна, бүх хүнд оногдох халаасны мөнгөөр тогтмол баялгаа бүтээх систем байгуулж байдаг. Өөрөөр хэлбэл би үр ашиг хүртэхгүй бол хэн ч хүртэхгүй гэдэг зарчим юм.

Улсын үнэ төлбөргүй эмнэлэг гэх мэт ойлголтоор та бүхэн өөрсдийгөө сайн дураар торонд хориод байгаагаа ойлгох нь чухал юм. Үнэ төлбөргүй зүйл өөрөө ямарч үнэ цэнэгүй, үр ашиггүй, баталгаагүй гэдгийг Ковидын нөхцөл байдал бидэнд яруу, тодоор ойлгуулж өглөө. Яагаад гэж асуух байх. Учир нь Төр хэзээ ч эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг мэргэжлийн төвшинд удирдаж чадаж байгаагүй. Тэр нь төрийн ажил биш учраас тэр. Өнөөдөр Монгол Улс хувийн хэвшлийн талаар тодорхой бодлого баримталж чадахгүй байна. Тиймээс Та бүхний тусламжтайгаар би тэр бодлогыг тодорхойлуулна. Хувийн хэвшлүүд гагцхүү эдийн засгийн хямралын үед л төрөөс дэмжлэг хүсэх, зохицуулалт шаардах шаардлагатай. Мөн хямралын үед төрийн бус зөвхөн хувийн хэвшлүүд л нэгдэж, улс орноо авч гарч, хандив тусламжаа нэгтгэж, нийгмийн асуудлуудад бодит, идэвхтэй шийдэл олдог. Тиймээс Монголын эдийн засгийн цөмд оролцож байгаа, эрчимтэй ажиллагаагаар хангадаг хувийн хэвшлүүдийн дунд л эдийн засгийн хямралаас гарах 100 хоногийн аян явуулах нь илүү үр дүнтэй байх болно.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд би та бүхэнтэй уулзахад нээлттэй байна. Би та бүхэнд яг ямар хөтөлбөр санал болгож байгаагаа нарийвчлан танилцуулж, санал солилцоход бэлэн байна. Би та бүхнийгээ сонсож, асуудлын углуургыг ойлгох, мөн өөрийн саналаа ойлгуулах чин хүсэлтэй байгаа. Ингэж байж бидний хүсэл зориг нэгдэж, зөв зүйтэй шийдлийн хариу гарах болно.

Та бүхний өгсөн санал бүр ялалтын түлхүүр байх юм. Бид ялна аа! Учир нь та бидний үнэт зүйл, эрх ашиг нэг. Бидэнд учрах аюул дэндүү том эрсдэлтэй. Бид үр хойч, ирээдүйдээ энэ үүрэг ачаагаа өгөөд зугтах эрхгүй, тийм цаг үе дээр ирээд байгаа билээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол ердийн нэг улс төрийн тоглолт хэрхэвч биш. Энэ сонгууль энгийн нэг сонгууль бүүр биш. Энэ сонгууль зүгээр болоод өнгөрдөг үйл явдал, хийгээд дуусдаг ажил, урсаад явдаг борооны ус биш. Энэ сонгууль манай Үндэстэнд тулгарч байгаа салаа замын огтлолцол. Хариуцлагатай бөгөөд эрсдэлтэй сонголтын зааг. Гэхдээ энэ огтолцлолоор бид зөв гольдиртоо орж, сайхан ирээдүйд рүү хөтлөх сонголтоо хийж чадна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Монголчууд бид хэзээд мөлжлөг, боолчлол, харгис дарангуйлалтай тэмцэж, эрх чөлөөгөө тунхаглаж ирсэн ард түмэн. Тиймээс энэ удаад ч хатуу дарангуйллын дэглэмийг үл тэвчих болно!

Монголчууд бид энэхэн богино цаг хугацааны харалган байдлыг үл тоон, үр хойчийнхоо эрх чөлөөт ирээдүйг золионд гаргахыг хүсэхгүй ээ!

Бид дэлхийн хүндэтгэл хүлээсэн үндэстэн байхын тулд юуны өмнө өөрсдөө өөрсдийгөө хүндэтгэж чаддаг ард түмэн байх учиртай. Гэтэл төрийн нэрээр ард түмнээ мөнхийн боолчлолд оруулахыг санаархагч МАН-н нэр дэвшигч та биднийг хүндэтгэнэ гэж байх уу? Өөрсдийнхөө хувийн эрх чөлөөг эрхэмлэж чадаагүй улс, үндэстнийг бусад улс, орон хүндэтгэх үү? Нэг намын эсхүл нэг хүний дарангуйлалтай төрийг хязгаарлаж чадаагүй ард түмнийг эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж чадах ард түмэн гэж итгэх үү?

Нэг хэмжээлшгүй эрх мэдэлтэй, хүчирхэг удирдагчтай улс, оронтой байхыг хүсдэг ард түмэн байдаг л байх. Төвлөрсөн нэг эрх мэдэлд захирагдахыг хүсдэг үндэстэн байж болох л байх. Гэвч тэр нь Монголчууд бид биш! Бидний Монгол Үндэстэн биш ээ! Монголчууд бид эрх чөлөөг эрхэмлэгч, цэлгэр уудам талд эрх дураар , морин дэл хийсгэн амьдарч ирсэн ард түмэн. Түүхийн ахархан хугацаанд бид эрх чөлөөгөө алдаж байсан сургамжтай ч бидний соёлд бидний цусанд эрх чөлөөний үзэл санаа өвлөгдөн, уламжлагдсан тийм ард түмэн.

Би үүнийг зүгээр ч нэг хэлээгүй юм. Миний зүрх сэтгэлд эх орон, эрх чөлөөгөө хамгаалах тэмцэл үргэлж дүрэлзэн асаж байдаг учраас, миний амьдрал, миний замнал үргэлж эрх чөлөөний төлөөх тэмцлийн жим, түүх татаж явсан юм. Иймээс би өөрийн үнэ цэнэ, итгэл үнэмшлийн төлөө та бүхнээсээ хэзээ ч урвахгүй гэдгээ үүгээр батлан илэрхийлье!

Та бүхэнд хүргэх миний үгс тов, тодорхой:

  • Төр Танд үйлчлэх ёстойгоос биш та төрд үйлчлэх үүрэггүй!

  • Таны амьдралыг, таны үр хүүхдийн ирээдүйг, мөнгө хөрөнгийг хянах төр биш бодлоготой, зарчимтай, дэмжлэг туслалцаатай төр байлгах баталгаа нь би байх болно!

  • Таны улс төр, эдийн засгийн эрх чөлөөний баталгааг би манах болно!

Би Эх орноосоо, элэг нэгт Монголчуудаасаа , бидний хамтын үнэт зүйл, итгэл үнэмшлээсээ, ард түмнээсээ хэзээ ч урвахгүй гэдгээ батлан тангараглая!

Ардчилсан Монгол Улс үүрд оршиг! Эрх Чөлөөт Монголчуудын мань сонголт мэргэн, мэлмий ариун байг! Бидний ирээдүй мандан бадартугай!

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?