Асбест, шилэн хөвөнгийн хог хаягдлаар нийслэлчүүдийг хордуулахаа боль!

0
13

Тарваган тахал, САРС, халдварт өвчин дэгдэлт, г.м. бусад аюулт орчинд ажиллахад өмсдөг шиг битүү цагаан хувцас өмссөн, нүүр амаа маск, шилээр хаасан 2 хүн ӨЧИГДӨР өглөө Хан-Уул дүүрэгт байрлах АПУ компанийн байрны агуулах байдаг задгай талбайд дулааны том төмөр хоолойг учир зүггүй алх жоогуутаар нүдэж харагдна. Тэр 2-ын эргэн тойрны орчинд цагаан тоосон үүлэн хөшиг үүсч орчны агаараар нэг тарна. Гадаа халуун болсон хойно цонхоо байдгаар нь онгойлгосон машин тэрэг хажуугаар нь өнгөрөн давхилдна.

Хуучин цагийн дулааны хоолойны гаднах бүрхүүлийг АСБЕСТаар дулаалж хучдаг байсан аж. Иймээс бүрхүүлийг нүдэж цохихоор агаарт цацагдах АЮУЛТ АСБЕСТАН цагаан үүлэн хөшиг хажуугаар өнгөрч буй машин тэргээр нэг тарж, сууж яваа зорчигчдын амьсгалын замаар нэвтэрч уушиганд нь шигдэнэ. Хамгаалалтын хувцас өмсөж дулааны хоолойн цагаан саарал бүрхүүлийг алх жоотугаар нүдэж буй 2 хүн нийслэлийн агаарт үхэл цацаж байгааг хажуугаар нь хараад өнгөрөх, харахгүй өнгөрөх хүмүүс, хажуу хамарт нь байралдаг цэцэрлэгийн багш, нялхас мэдэж байгаа болов уу? АСБЕСТ үхэлд хүргэдэг, хорт хавдар үүсгэдэгийг нотлоод, дэлхий даяр асбестыг хориглосон. Учир нь асбест уушигласнаас 15-30 жилийн дараа уушигны хорт хавдар болох мезотелиома болон бусад хавдар үүсдэг аж.

АСБЕСТ нь хавдар үүсгэгч маш аюултай материалд ордог учир асбестыг хүн амьдардаг, явдаг, зорчдог орчимд хөндөж болдоггүйгээр барахгүй, асбесттай ажиллах хүн маш сайн хамгаалалтын хувцастай байдаг дүрэмтэй.

Гэтэл нийслэлийн шууд удирдлаган дор хийгдэж буй бололтой энэ балмад үйл ажиллагаа тэр хавиар амьдардаг олон түмэн, цэцэрлэгийн хүүхэд, дүүргийн орчинд зорчих иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж байна. Энэ бол миний нүдээрээ харсан үйл ажиллагааных нь нэгээхэн хэсэг шүү. Өөр газар бас л нөгөө асбестан хоолойгоо нүдээд зогсож байхыг үгүйсгэхгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын 70128012 дугаар руу ярьж байцаагч илгээж, шалгалт хийлгээч гэсэн хүсэлтийг ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ. Учир нь аюултай үйл ажиллагаа хийгдэж байгаа тухай мэдээлэл өгсөн миний РД, гэрийн хаяг, утас, банкны мэдээлэл, бараг л 3 үеийн намтраа өг гэхээс холгүй юм болов. …. Бүртгэсэнгүй. Хөдөлсөнгүй. Тоосонгүй. Энэ өнөөгийн төр засаг, нийслэлийн удирдлагын өнгө төрх, хандлага, царай.

Яагаад? Яагаад “эд нар” иргэд бидний эрүүл мэндийг хохироосон үйл ажиллагааг бидэнд мэдэгдэхгүйгээр, биднийг сэрэмжлүүлэхгүйгээр, хууль бусаар хийж болоод банаа???? МУ-д АСБЕСТЫГ оруулж ирэхийг хориглосон хууль 2011 онд гарч (2015 онд хийсэн шалгалтын дүнг энэ линкээс хараарай) . Яагаад нийслэлийнхэн ийм мэдлэг, мэдээлэлгүй, хүний эрүүл мэндэд ийм харгисаар хандаад байгаа юм бэ? Яагаад ардчилсан улс орны иргэд бид эрүүл мэндээ хүртэл хамгаалах, хамгаалуулах ямарч бололцоогүй байнаа??? Энэ балмад ажиллагааг зогсоож, биднийг хордуулахаа болимоор байна! Өвөлдөө хар утаагаар, зундаа асбест, дураараа нураах, үзэмжээрээ хаа ч хамаагүй барих барилгуудынх нь хог, шороо, асбест, шилэн хөвөнгийн хог хаягдлаар нийслэлчүүдийг хордуулахаа болимоор байна!

Нийслэлийн угуул иргэн Л.Номин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here