Ардын уран зохиолч П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчад Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртээлээ.

ЗАРЛИГТ:

“…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхлыг Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид гардуулж, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Билгийн тооллын шинийн нэгэн, Сар шинийн баярын босгон дээр Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай Төрийн шагналыг хүртэж байна.

Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх, маргалдах хүн байхгүй биз ээ. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм.

П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би илүүг тоочиж цаг барах нь илүүц биз.

Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэв.

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч П.Бадарч: 

Монголын ард түмэндээ бүгдэд нь баяр хүргэе. /уйлав/ Их олон хэвлэлийнхэн иржээ, их баярлаж байна. Миний бие төрийн шагналд гурван удаа нэр дэвшиж, энэ жил дөрөв дэх дээр нь энэ сайхан шагналыг авлаа. Монгол төрийнхөө хойморт, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгаасаа гардан авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгад баярлаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгч, Тамгын газрын даргаас эхлээд олон ард түмэн минь миний бичсэн “Есөн Эрдэнийн орон” найраглалд минь дуртай учраас Төрийн соёрхол хэмээх эрхэм цол хүртээсэн болов уу. Ард түмэн минь баяртай байгаад баярлаж байна.

Би “Есөн эрдэнийн орон” найраглалаа хилд офицер болоод явахдаа Үнэн сонины утга зохиолын эрхлэгч, яруу найрагч Ш.Дулмаа энэ найраглалаа орхиод, уран бүтээлийн комисст өгөөрэй гэж хэлээд хил рүү явсан даа. Хилд байхад гэрээс минь захиа ирж, найраглал маань шагналт байранд орж, анхны яруу найргийн минь мөр эхэлсэн юм.

Миний анхны шүлэг Үнэн, Хөдөлмөр сонингуудаар гарч байсан. Анхныхаа номоо “Морьд” найраглалаараа нэрлэж, 1967 онд  хэвлэн гаргаж байсан. Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болж байгаа. Би маргааш 81 хүрнэ. Халх голын ялалтад зориулж “Морьд” гэдэг найраглалаа бичиж байлаа. Халх голын дайнд хамгийн их морьд оролцсон байдаг юм. Энэ найраглалаараа Монголын утга зохиолд “Морьтой” ирсэн найрагч гэдэг нэр авсан даа. Монголын ард түмэн моринд хайртай юм чинь ард түмний минь сэтгэлд тод үлдсэн байхаа гэж боддог. Халх голын баатрууддаа сар шинийн мэнд дэвшүүлье. Халх голын баатруудаас хамгийн дотно үерхсэн нь Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар гуай юм. Би үргэлж санаж явдаг.

Олон сайхан хүмүүс утсаар баяр хүргэж, дахин олон бүтээл туурвихыг ерөөлөө. Хэвлэлийнхэндээ, ард түмэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье” гээд 

“…Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ

Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж

Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ

Энэ сайхан Монголын удам залгасан бүл

Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ

Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан

Эрдэнийн соёмбо үсэг

Элэгдэшгүй алтан билээ

Авралын гэгээн нар нь алтан

Ачит төрийн сүлд нь алтан

Арвайн түмэн түрүү нь алтан

Амраг хосын дурсгал нь алтан

Миний эх орон алтан эрдэнийн билээ…” хэмээн шүлэглэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?