Ардчилсан намын тамганы маргаан эцэслэн шийдэгдэж, нэгдэх цаг боллоо

0

Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр өнөөдрийн мэдэгдэлдээ “Тамганы маргаан эцэслэж нэг талдаа гарлаа. Холын зорилго үгүй бол ойрын зовлон дуусахгүй гэж үг байдаг. Ардчиллыг дэмжигч мянга мянган гишүүд та бидний өмнө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах холын том зорилго байна. Бидний ялалт ба ялагдал нэг юм. Намын шинэ удирдлагын зүгээс Ардчиллыг дэмжигч мянга мянган гишүүд дэмжигчид, Ардчилсан намаас сонгогдож гарсан бүх нөхөдтэйгээ хамтран ажиллахад АН-ын удирдлагууд нээлттэй. Ардчилсан нам бол зөвхөн тамга тэмдэг, Улсын бүртгэл дээр тогтдоггүй. Бид нэг үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдэж, түүнийгээ хамгаалж, том зорилгынхоо төлөө урагшаа харахыг уриалж байна” гэсэн юм.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа,

-Ц.Тувааны талаас тамганы маргаан эцэслэгдээгүй, анхан шатны шүүхээс ахин эхэлнэ гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэж тамга тэмдэг олгодог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хэн төлөөлөх эрхтэй байна тэр хүнд тамга тэмдэг олгох хууль журамтай. Энэ журмаар тамга олгосон байсан. Энэ тамганы үйлчлэлийг анхан шатны шүүгчийн захирамжаар хэрэг шийдэгдэх хүртэл түдгэлзүүлэхээр шийдээд байсан. Өнөөдрийн давж заалдах шатны шүүхээс энэхүү захирамж нь хуульзүйн үндэсгүй гэж үзээд хүчингүйд тооцох шийдвэр гарлаа. Ардчилсан намын тамганы хүчин төгөлдөр байдлыг хуулиараа бүрэн олгосон эцсийн шийдвэр гарсан гэдгийг намын гишүүд дэмжигчид маань зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Тамганы маргаан эцэслэсэн гэлээ. Нөгөө талтайгаа нэгдэх ямар нэг арга хэмжээ авч ажиллах уу?

-Танай манай тал гэж ярихыг хүсэхгүй байна. Бид нэг үзэл санаатай журмын нөхөд. Та бүхэн мэдэж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд зөвшилцөлд хүрэх бүх арга хэмжээг авч ажилласан. Энэ байр суурь хэвээр үргэлжилнэ. Гэхдээ бид хэзээ ч зарчимыг наймаалцахгүй. Бидний дунд хийгдэх аливаа зөвшилцөөн Ардчилсан намын Улсын дээд шүүх дээр бүртгэлтэй байгаа үндсэн дүрэмд заасны дагуу хийгдэх болно.

 

Дашрамд дуулгахад Ц.Туваан нь анхан шатны шүүхэд тамганы асуудлаар анх хандаж байх үед түүнийг Улсын Дээд Шүүхийн вебсайтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж тухайн үед Иргэний танхимын шүүгч байсан н.Сонинбаяр хууль бусаар бичүүлсэн байсан учир гомдлыг анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Улмаар шүүгч Сонинбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ёс зүйн хариуцлага хүлээснээр Ц.Тувааны мэдээллийг УДШ-ийн вебсайтаас хасч, АН-ыг төлөөлөх хууль ёсны эрхгүй гэдгийг албан ёсоор тогтоон шийдвэрлэсэн юм. Ер нь бол аливаа байгууллага шүүхэд “гомдоход” түүнийг албан ёсоор төлөөлөх этгээд л гомдол гаргадаг. Одоо анхан шатны шүүх рүү буцахад анх гомдол гаргаж байсан Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй болсон учраас хэрэг цааш хэлэлцэгдэх үндэсгүй болж цуцлагдах юм.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?