АН-ЫН МААНИЙГ АЛТАНХУЯГ УНШИВ

0
АН дотоод хямралдаа ялзарч хазайсаар сонгуулийн дараа нурах есөн шид нь бүрджээ. “Би намын дарга болно” гэж Н.Алтанхуягийг туйлахад нөхөд нь дотроо дургүй ч түүнийг гомдоож төвдөлгүй зөвшөөрсөн түүх бий. Тэр бээр АН-ын дарга, Сангийн, Тэргүүн дэд, бүр Ерөнхий сайдын сэнтий өөд улайран довтолж, хүсэл шуналаа хангаж явсан улстөрч. Түүнд бусдаас тасархай чадвар, үлгэрлэх шударга зан байдаг бол бас яая гэхэв. Тулга тойрсон муу залиа сийлэх мохоо ухаан нь мулгуутахдаа-утгагүй тэнэгээр инээдэг бөгөөд хуурамч чанар нь хүчтэй үелзвэл нүүрний нь хувиралт жолоодлогоо алддаг. Хуруугаа дэс дараалан нэг нэгээр нь дарж байж мохоо ухаан нь өөрийнхөө ярьж буйг эмхлэхчээ аядна. “Хонгил” хичээлээ бага ангийн заах аргаар самбарт зурж тайлбарлана. Аминдаа ард олондоо номчирхож буй нь тэр. Өөрт төрөөгүй зөөлөн сэтгэл албадан дуудаж, нүдэндээ гэнэт нулимс хуруулснаа гялс хувирч хонзогносон харцаар цоргино. Царай нь янз янзаар улалзаж, бодлогогүй хэлсэн үгээ буруудвал яаж ч бухахдаа сийхгүй.
Энэ бүх жүжиглэлийн цаана эрх мэдлийн төлөө дайтах хорсол буцалдаг. Дэндүү ичгүүргүй нь-увс чанар биз. Тэр бээр өөрийгөө зөндөөн юм хийсэн гэх боловч АТГ-т түүний олон хавтас хэрэг цугларсан. Байцаалт өгөхөөр дуудагдах бүрдээ тэр АТГ-ын үүдэнд телевизээр мэдэгдэл хийдэг. Хэлдэг өчиг нь “Шударга болохоор авилгачид намайг Ерөнхийлөгч болчих вий гэж айгаад гүжирдэж байна” гэдэг. Телевизийн дэлгэцээр нийтийг уяруулахаар-гүтгэгдсэн хөөрхий нэгэн болж өрөвдөм царайлна. Хавтас хэргүүд нь устсан уу яасан. Юутай ч тэр огцорч-хамтрагч нь, хүргэн нь түүний өмнөөс ял эдлэх шиг болсон.
Сая Ерөнхийлөгч болно гэж увайгүй зуршлаараа нэр нүүргүй тэмүүлэв. Харин түүнийг хаясан намынх нь гишүүд зөвшөөрөөгүй. Сонгуулийн хороог хуулиа зөрчөөд өөрийгөө бүртэг гэж сүрдүүлээд бүтэхгүй болохоор нь өлсгөлөн зарлаж, хэдэн өдөр гадаа муухай царайлж хэвтээд ч тусыг эс олов. “Дарга болно гэвэл болдог” увс мөчлөг өнгөрчээ. Мөн дарга болох хүсэл нь нурсан элит Г.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар намаа хаяна гэж мэдэгдсэнд мэл гайхав. Намын даргын сэнтий ганц. Эрх мэдэлд шунагч АН-аар дүүрэн. Эндээс л АН-ын хагарал үүсдэг. Дон шүгэлсэн хүслээ Алтанхуяг мэт нь хумихгүй бол АН-д юун ялалт, ирээдүй ч алга. Хорхой нь язганасан олон бөгсний бохир тэмцэлд АН бузартав. АН-ынхан багаар тоглох чадварыг Монголын сагсчин залуусаас сураасай.
С.Эрдэнэ ялагдах хор төгс найрсан. Хорыг хэн хэн найруулсныг бичилтгүй. Ноёлох оргилоос нисэж буй Х.Баттулга буух суудлаа засахаар алсаас далдуур залуурдаж, галын шугамд Алтанхуягийн алтан нутаг-халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл, Баянхонгорын бидон Гамбаа, ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Туваан, Батсуурь Ганибал зэрэг торгуулийн сумангийнхан сохор ноход шиг уралцаж ад болов. Эрх мэдэлд шунагчид салан тусгаарлаагүй бол сонгуульд С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд арай олон санал авах байлаа. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэний авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжвэл намтайгаа хамт нурна гэж мэд.
Хамгийн харамсалтай нь АН сэхэмгүй доройтжээ. Үзэл баримтлалынхаа үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх санаатай-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг М.Тулгат, Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь нарт горьдох л үлдлээ. Ардчиллыг хөгжүүлэх туршилга суусан гол лидерүүд хоригдож буй. Гэвч ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрэн байгаа. Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр дийлбэл АН увс компаний өмч болно. АН доторх хонзогногч хэдэн муу хүний увайгүй башир арганд гишүүд дэмжигч олноор хууртсаны горыг С.Эрдэнэ үүрэв. 1990 онд нүүдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа асаасан зулаа бөхөөхгүй юмсан.
Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болохгүй бол гишүүн байж тэвчдэггүй нөхдөөсөө салж, боловсролтой залуусаар бүтцээ сэлбэж, намаа нягт нэгтгээд, улсаа хөгжүүлэх лидерүүд АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжихэд бэлэн залуус гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах хуучинсаг гишүүн АН-д харш. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Эцэст нь хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөе. Намайг энэ үүдээр харж яваарай.
2021-06-14
Ц.Доржготов
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?