Хятадыг үзэн ядуулах “Женко” ажиллагаа

Нийтэлсэн огноо May 26, 2017 12:43

Хятадыг үзэн ядуулах “Женко” ажиллагаа

jenko5

“Улсаа ч, намаа ч хорлож ирсэн Х.Баттулга эдүгээ хятадыг үзэн ядах давалгаанд дунд сэлж явна” гэвэл огт хатуудсан болохгүй харин ч үнэнд нийцнэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших энэ зууртаа ч улсаа  л хорлох элдвийн санаа сэдэж яваа нь Хятадыг үзэн ядуулах их давалгаа юм.

Монголын ард түмэн Хятадыг төдийчинээ үзэн ядна, өрсөлдөгчид нь халтай, өөрт нь ашигтай гэж тооцсон бололтой. Гэвч Төрийн тэргүүн, улсын эв нэгдлийг хангагч, гадаад харилцаанд нэг нүүртэй байх ёстой “нэр дэвшигч”-ийн сэдэх ажил мөн үү?

Сүүлийн үед Хятадыг үзэн ядуулах элдэв зохиомол “хэрэг”, үг яриа сошиалаар эрс идэвхжсэн, түүнд нэр дэвшигч  Х.Баттулга болоод ойр тойрныхон нь өөрсдөө илт оролцож буй нь энэ бүхэн тэндээс эхтэйг илэрхий баталж байгаа юм.

Хятадууд хүүхэд хулгайлах гэлээ, хятадууд хүн хүчиндлээ, хятадууд муухай…бла бла… Монголчуудын түүх байлдан дагууллын түүх. Энэ ч утгаараа хятадуудтай байнга байлдаж ирсэн. Тийм ч  учраас мөнхийн үззэлцэж ирсэн хөрш улсдаа монголчууд  түүхнээсээ таатай хандаж ирээгүй нь үнэн. Гэвч өнөөдөр Хятад, Монгол хоёул НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улсууд. Ийм байхад бид л өөрсдөө өөдтэй байвал Хятадад эзлэгдэнэ гэж ёстой гонжийн жоо. Гэтэл шинэ цагийн монгол массын сэтгэхүйд хятадуудыг ямар нэг ухамсаргүйгээр үзэн ядах сэтгэлгээг суулгах ажилд өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга оройлон манлайлж оролцсон юм. “Нарийн царигтай төмөр зам тавьбал нэг л өдөр Хятадын цэрэг ороод ирнэ” гэж сайд байхдаа хэлсэн.

Монголын төр өргөн, нарийн царигтай төмөр замын алийг барихаа шийдэх ажлыг баахан гацаасан тэрбээр цэвэр хувийн бизнесийн сонирхлоор ингэж хандаж байсныг санах хүмүүс нь сайн санаж байгаа биз ээ. Үнэндээ Хятад уу, Орос уу, нарийн уу, бүдүүн үү гэдэг “Женко” хэмээх Х.Баттулгын хувьд ердөө бизнес нь тэлэх, эс тэлэхтэй л холбоотой ашиг  сонирхлын асуудал. Гагцхүү Хятадуудыг үзэн ядуулах монголчуудын сэтгэл, сэтгэхүйг дэвэргэж байж өөртөө ашиг хонжоо олохоор байнга санаархаж байгаа нь улсаа ганц сайн чадаж байгаа хэрэг юм.

Хятад цэрэг төмөр замаар орж ирнэ хэмээн дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө ичиж улайтал хэлэхдээ хувийн бизнесийн эрх ашгаа л бодож байсан бол өнөөдөр Төрийн хамгийн өндөр албан тушаалд очихын тулд хятадуудыг үзэн ядах үзлийг зохион байгуулалттай  дэврээж байна.

Ийм хүн Төрийн тэргүүн,Үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч, Улсаа гадаадад төлөөлөх эрх бүхий Монгол хүн байж чадах уу?

Монгол, Хятад мөнхийн хөршүүд. Бид Хятадыг хажуунаасаа хөөж чадахгүй, өөрсдөө нүүж болохгүй. Монголын эдийн засаг,худалдааны хамгийн том түнш. Хятадыг даваад бусад орноос идэх хоол, өмсөх хувцасаа зөөж ирж чадахгүйгээс хойш бид ухаантай байх хэрэгтэй.

Уг нь зүй ёсоор бол ардчилсан орны Ерөнхийлөгчид нэр дэвшигч ардчиллыг дэмжсэн, хүний эрхийг дээдэлсэн, улс түмнээ бодсон ажиллагаа явуулах ёстой юм.

Гэвч “Женко” хэмээх Х.Баттулга…?

Фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч “Хөх, шар, хужаа гэж нэгнийхээ өөнтөглөхийн өмнө бүх хүн хөхтний анги, Приматын баг, Хоминидын овогт багтах Хомо сапиенс /Ухаант хүн/ гэсэн нэг л зүйлд багтдаг шүү гэдгийг санаарай” гэжээ.

Юутай ч арай эрүүл, боловсролтой хэсэг Хятадыг үзэн ядах пиарт автахгүйгээ сошиалаар энэ мэтээр илэрхийлж байна.

Хятадыг үзэн ядуулах “Женко” ажиллагаа яваад байна, учир нь сонгууль болж байна, Х.Баттулга нэр дэвшиж байна. Үүнийг төмөр замаар хятад цэрэг орж ирэх үлгэртэй холбоод ойлгочиход л болж байгаа юм, уг нь.

Г.Сартуул 

Нийтэлсэн огноо May 26, 2017 12:43