Улс төрийн лангуун дээрх барааны үнэ цэнэ

Нийтэлсэн огноо May 9, 2017 15:37

Улс төрийн лангуун дээрх барааны үнэ цэнэ

evluuleg-2

Улс төрийн лангуун дээрх бараа дэлгэгдлээ. Дээр нь хавар цагийн бас сонгуулийн улирлын хайр, хямдралыг ч хамтад нь зарлалаа. Барааг шилж сонгох амаргүй. Улс төрийн намуудын бараагаа рекламдах өнгө аяс уян яруу гэж чигтэйхэн. Гэвч өнгөлөн далдлалтын цаадах үнэн төрх нь Монголын ирээдүйд, иргэдийн амьдралд чухал юм. Авсан бараагаа буцааж болдоггүйн горыг өнгөрсөн түүх битгий хэл, өнөөгийн парламентын өнгө төрх бэлхнээ илтгэнэ. Тиймээс энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуульд хүн бүр анхаарлаа хандуулж суугаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар байх учиртай вэ. Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зааж өгсөн. Үүнд:

139.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;

139.3.2. хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;

139.3.3.нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өртөлбөргүй байх;

139.3.4.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

139.4.“Монгол Улсын уугуул иргэн” гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгааг ойлгоно.

139.5.“Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.

139.6.Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

139.7.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

139.8.Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно гэх заалттай.

Мөн 45 нас хүрсэн байх Үндсэн хуулийн заалт ч энэ үзэл баримтлалд бий. УИХ-аар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр заалт бүр эзэнтэй гэх яриа зарим хүний амнаас цухалзсан. Тухайлбал, тус хуулийн 139.5-д таваас доошгүй жил  эх орондоо байнга оршин суусан гэж заасан нь Н.Энхбаяр зориулагдсан гэдэг. Зүй нь сонгууль эхэлсэн үеэс өмнөх хугацааг хөөн тооцоход зургаан сараас дээш хугацаагаар гадаадад амьдраагүй байх нарийвчилсан заалт тусгасантай холбоотой аж.

Эрх ямбатнууд сүүлийн жилүүдэд эх орондоо байнга оршин суух нь ховордсон. Агаар амьсгалж, ааруул идэх далимаараа орж гардаг нь ч бий. Тиймдээ ч энэ заалтыг Н.Энхбаярт хамаатай хэмээн МАХН-ынхан шууд хүлээн авсан юм. Гэвч сонгуулийн маргааш ялагдсан намынхан үүргэвчээ үүрч, хилийн дээс алхчихаад дараагийн сонгуулиар эргэн ирж, эх орончийн дүрд ордгийг зааглах санаа агуулсан тухай хууль санаачлагч тодотгож байв.

Тэгвэл 139.3.1, 139.3.2, 139.3.3 буюу өр, зээлтэй гэх заалтууд нь АН-ын нэр дэвшигчид урьдчилан тавьсан хавх гэж тайлбарлах болов. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед өргүй байг гэхэд урт хугацааны зээл аваагүй компаниуд бараг үгүй аж. Тэр дундаа “Чингис” бондноос бизнесийнхэн бүгд л зээлийн хувь их, бага хэмжээгээр хүртсэн. Тэр дундаа тухайн үеийн эрх баригчид болох АН-ынхнаас амсаагүй хүн ховор ч гэх нь бий.

Одоогоор “Хөгжлийн банк”-ийг хөгжлийн бэрхшээлтэй болгосон хэрэг сөхөгдөж, нэр бүхий хүмүүс шалгагдаж эхэлснээс харахад оргүй ч байж мэдэх л юм. Түүнчлэн АН-аас нэр дэвших эрхээ баталгаажуулаад байгаа Х.Баттулгын ар, өврийг уудалж, хэтэвчийг нь дэлгэх болсон нь ч шалтгаантай биз.

Гол нь хуулийн заалт хэнд ч хаяглагдсан байхаас үл хамаарч дагаж мөрдөх учиртай. Дээрх шалгуур үзүүлэлтүүдээс гадна тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх шаардлага ч тавигдана. Тэгвэл эдгээр шалгуур үзүүлэлтийг М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаярын хэн нь хангаж буй бол.

М.Энхболдын тухайд мэдлэг боловсролын хувьд асуудалгүй ч, үүх түүх нь жингийн туухайг дарж мэднэ. Нөгөөтэйгүүр, бага хурлаар түүнийг батламжилсан шигээ МАН хайрцаглагдаж чадсан нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг бодвол онцлог гэлтэй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН хэдэнтээ хуваагдаж, талцаж, муудалцсанаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ялагдсан. Энэ тухай эл намын амтай бүхэн хуучилдаг.

Тэгвэл тэр үеийн үйл явдал өдгөө АН-д өрнөж байна. Хэдийгээр Х.Баттулгыг АН-ын дотоод сонгуулиар олонх нь дэмжиж, Их хурлаар баталгаажуулсан ч фракциуд нь хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа бололтой. Тиймдээ ч цахим ертөнцөд түүнийг сөрсөн базаанууд ихэнхдээ намынхнаас нь цухалзах болсон.

Жишээ нь, Баабар “Аалзны тор шиг бүрхсэн энэхүү мафижсан тогтолцоо надтай надгүй нурна”, Д.Сосорбарам “Женко өрсөлдөх нь АН-ын гутамшиг” гэх байдлаар цааш хөвөрсөн. Н.Алтанхуяг Ц.Нямдорж шиг духан дээр нь үнсээгүй ч амжилт хүсч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Гэвч “Алтангадас”-ынхан Н.Алтанхуягаас өөр үзэл бодолтой яваа гэх бор шувуу ч бий. Ямартай ч Б.Бат-Эрдэнийг нам доторх зарим нэг фракци нь дэмжээгүйгээс мань хүн ялагдал хүлээсэн шиг хувь тавилан Х.Баттулгад “нүүрлэж” мэдэх нь.

Н.Энхбаярын тухайд ялалт байгуулах нь битгий хэл нэр дэвшиж чадахгүйгээ мэдэж байгаа ч улс төр хийж, жагсаал зохион байгуулж байгаа нь шалтгаантай. Тусгаар тогтнолын үүдэнд суулт зарлаж, Н.Энхбаярыг эрх баригч намынхан сонгуульд нэр дэвшүүлэхгүй байгаа тухай уриа лоозон барьжээ.

МАН Н.Энхбаярын хөлийг тушсан гэх баримт нотолгоо байхгүй, байх ч шаардлагагүй гэдгийг ч намын гишүүд нь хээвнэг хэлж сууна билээ. Эмээ, өвөө нарын ингэж хэлэх ч дүүрч гэхэд З.Баянсэлэнгэ хүртэл “Нотлох баримтаар яадгийн” хэмээсэн. Энэ бүхнээс харвал экс өөрт ашигтайгаа халааслахын тулд эрх баригч намын үүдийг өвөө, эмээ нараар сахиулж, ар худалгаар нь эрх мэдлийн шантааж хийж суугаа нь тэр гэлтэй.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: Улс төрийн тойм

Нийтэлсэн огноо May 9, 2017 15:37